Интернэт, цахим орчин бидний амьдралын томоохон нэгэн хэсэг болсон гэхэд хилсдэхгүй. Тийм ч учраас цахим орчинд мөрдөх хэрэгтэй хэд хэдэн дүрмүүдийг мартаж үл болно. Эс бөгөөс жижиг үйлдлээс болон янз бүрийн асуудал болон аюултай тулгарч мэднэ. Цахим орчинд алдаа гаргадаг нийтлэг долоон хүнтэй танилцан, тэдний алдаанаас хамтдаа суралцацгаая.
#1 Насны анхааруулга нь хамгаалалт гэдгийг ойлгодоггүй хүн

Интернэтээс өөрийн насанд тохироогүй сайт, контент, реклам гээд маш олон юмтай л таардаг байх. Таарах бүрдээ сониуч зандаа хөтлөгдөхгүй орж үзээхгүй өнгөрөөх нь хэр их байсан бэ? Магадгүй чи өөрийгөө насанд хүрэгчдийн контент үзэхэд аль хэдийн бэлэн гэж боддог ч байж магад. Гэхдээ бидэнд тэр контентуудад нас заадаг нь чамаас гоё юм нуугаад байгаадаа биш чамайг хамгаалах зориулалттай юм. Өөрийнхөө хүүхэд нас болон сэтгэл зүйгээ хамгаалж зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан контентоос холуур тойроорой.
Цахим орчинд хүүхэдтэй холбоотой ёс зүйгүй зураг бичлэг харсан бол энэ линкээр орж репорт хийж болдог шүү.
#2 Цахим орчинд дээрэлхүүлэн, сэтгэл санаагаар унадаг хүн

Цахим орчинд буй олон хүн сайнтай муутай гэдгийг бүү мартаарай. Хэрэв чи цахим орчинд дээрэлхэлд өртөн, сэтгэл санаагаараа унан яахаа мэдэхгүй байвал, хамгийн түрүүнд аав ээж болон дотны хүмүүстэйгээ ярилцаарай. Мөн “ekids.mn” сайт болон 108 дугаар луу залган үнэгүй сэтгэл зүйчийн зөвлөгөө ч авч болно шүү.

Чи ч бас эдгээр төрлийн алдаа гаргадаг юм биш биз? Юнител группээс "Хүүхдэд ээлтэй цахим орчин" аяныг санаачлан хэрэгжүүлж байна. Цахим орчны тухай мэдлэг мэдээллээ нэмэгдүүлж, дүү нар болон эргэн тойрныхондоо нээлттэй тусалдаг "күүл" нэгэн байгаарай.
#3 Хуурамч хаягтай харилцдаг хүн

Чи цахим орчинд, өөрт таалагдах “төгс” нэгэнтэй танилцсан юм биш биз? Үргэлж зурвас бичилцэн, хамгийн сайн найз, дотны нэгэн чинь болсон байхыг ч үгүйсгэхгүй. Гэвч үнэн хэрэгтээ тэр хүн төсөөлснөөс чинь тэс өөр, тэр ч бүү хэл муу санаа тээн, чамтай дотноссон байж мэднэ. Тийм учраас танихгүй хүнээс ирсэн найзын хүсэлтийг битгий хүлээн ав. Мөн өөрийн зургийг танихгүй нэгэнтэй хуваалцаж, бүр уулзаж хэрхэв ч болохгүй шүү. Хэрэв танихгүй нэгэн чамтай зүй бусаар харьцвал өөрийн асран хамгаалагчдаа мэдэгдэхээс бүү санаа зовоорой.
#4 Мэдээллийн үнэн бодит эсэхийг нягталдаггүй хүн
Цахим орчноор дүүрэн худал мэдээллүүд байдаг. Мэдээ мэдээллийн үнэн бодит эсэхийг нягталж, хуурамч мэдээ, мэдээллийг ялгаж, таньж сурах нь чухал хэрэг шүү. Хэрвээ чи асуудалтай тулгарвал эцэг эх, асран хүмүүжүүлэгчдээсээ битгий нуугаарай. Тэд чиний яг одоо туулж байгаа бүхнийг даван туулсан хүмүүс юм шүү. Тиймээс тэд интернэтээс ч илүүг мэдэх болно.
Хүүхдийн 108 утас болон ekids.mn мөн чамд тусалж чадах баттай сурвалжууд юм. Мөн ямарваа нэгэн мэдээллийн үнэн худал, баталгаатай зэргийг эдгээр factcheck.org зэрэг сайтуудаар орон нягтлах боломжтой гэдгийг битгий мартаарай.
#5 Хэтэрхий их цагийг цахим орчинд өнгөрүүлдэг хүн
Тавхан минут л фэйсбүүк, инстаграмаа шалгачихъя гэж боддог ч, нэг л мэдэхэд хоёр гурван цаг өнгөрчихсөн байдаг шүү дээ. Үүнээс болоод хичээл номоо хийх, гэрийнхэнтэйгээ өнгөрөөх цаг багасдаг.

Үүнийг шийдвэрлэх хамгийн хялбар арга бол цаг хянадаг Offtime, Moment гэх мэт аппликейшн суулгах. Энэ аргыг ашигласнаар чи хэр их цагийг цахим орчинд өнгөрөөж буйгаа мэдэн, хэрэглэдэг аппликейшнуудынхаа хэрэглээг танах боломжтой. Мөн олон төрлийн хоббитой болсноор, утасгүйгээр хэрхэн цагийг сайхан өнгөрүүлж болдгийг ухаарна.
#5 Бусдыг дуурайж сэтгэлээр унадаг хүн

Өсвөр насандаа бүгд чамин юманд дурлаж, бусдын өмссөнийг өмсөж, бусдын амьдарч байгаа шиг амдарихыг хүсдэг. Магадгүй чиний найзын нэг зураг Instagram дээр 1000 лайк авдаг харин чинийх 100 like авдаг байж болно. Тэгээд чи ч бас найз шигээ 1000 лайк авах хүсэлдээ хөтлөгдөж найзынхаа гаднах төрх, бие авч явж байгаа байдал гээд бүгдийг дуурайдаг байх. Магадгүй тэгж явсаар чи ч бас 1000 лайк авах байх. Гэхдээ энэ нь чамайг аз жаргалтай болгох уу? Арай хэн нэгнийг дуурайж, өөрийнхөө жинхэнэ төрхийг мартсанаар чи өөрийгөө сэтгэлээр унагаагаад байгаа юм биш биз?
Гял цал зургийн ард үнэн байдал яг ямар гэдгийг хэн ч мэдэхгүй шүү дээ. Дээр дурдсан шиг интернэтэд бага цагийг өнгөрүүлж, хэрвээ хэрэгтэй бол 108 утас руу залгаж сэтгэл зүйчээс мэргэжлийн зөвлөгөө аваарай.
Интернэт дэх залилагч нар эхэндээ:

Гэвч үнэндээ:

Цахим орчинд аюулгүй байхад чиний оролцоо маш чухал юм шүү. Өөрийгөө аюулаас сэргийлж цахим орчны талаарх мэдлэгээ үргэлж баяжуулж байгаарай. “Хүүхдэд ээлтэй цахим орчин” нөлөөллийн аянд нэгдээрэй!
Бэлтгэсэн: Э.Талстболор