Өнөө жилийн Үндэсний их баяр наадамд зодоглосон 1024 бөхөөс дөрөв болон түүнээс дээш давсан 64 бөхийг допингийн шинжилгээнд хамруулахад нэг бөхөөс допингийн төрлийн бодис илэрснийг Баяр наадмыг зохион байгуулах Үндэсний бөхийн салбар хорооноос мэдээлсэн билээ. Тэгвэл өчигдөр Завхан аймгийн Отгон сумын харьяат "Даян" дэвжээний бөх улсын харцага Төрмөнхийн Бэгзсүрэн өөрийн цахим хаягаар дамжуулан допингийн шинжилгээнд бүдэрсэн тухайгаа зарлаж, уучлал хүсэв.
Тэрээр "Миний зүгээс санаатайгаар допингийн төрлийн хориотой бодис хэрэглээгүй. Өнгөрсөн оны V сард баруун тохойндоо хүнд бэртэл авсан. Уг бэртэл нь байнгын сэдэрч төрөл бүрийн эм эмчилгээнүүд хийлгэсээр ирсэн. VI сарын 4-нд бөхийн өргөөнд болсон барилдааны гурвийн даваанд барилдаж байх үедээ хөлөндөө гэмтэл авсан. Уг гэмтлийн онош нь гуяны булчингийн уут задарсан гэсэн бөгөөд хөл хөдлөх боломжгүйгээр 7 хонож түүнээс хойш бага багаар илааршсан. / Жич: тухайн үеийн эмчийн зөвлөмж нь улсын наадамд барилдах боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан/.
Түүхэн ойн наадамдаа барилдах хүсэлдээ хөтлөгдөн хөлийн бэртлээ түргэн эдгээх эрчимтэй эмчилгээ хийлгэсэн. Улмаар ардын хувьсгалын түүхэн 100, 101 жилийн ойн баяр наадмын барилдаанд барилдаж 4 давж допингийн шинжилгээнд хамрагдсан. Бэртлийн үед эмчилгээнд хэрэглэсэн эм тариагаа тэмцээний үед буюу 24 цагийн дотор хориотой, тэмцээний бус үед зөвшөөрөгдсөн гэсэн мэдээлэл дор 2022 оны 6 сарын 5-ны өдрөөс 2022 оны 6 сарын 20-ны өдрийн хооронд хийлгэсэн. Манай бөхчүүд бэртэл гэмтэл авч эмчилгээ хийлгэх үедээ мэргэжлийн эмчтэй зөвлөлдөж эм бэлдмэлийн талаар эцсийн сайн мэдээлэлтэй байх хэрэгтэй гэдгийг ойлгож бас бусад бөхчүүддээ дахин сануулмаар байна.
Монгол бөхөд байгаа допингийн эсрэг бүх арга хэмжээнд оролцож, дуу хоолойгоо өргөж, 2021 оны 03 сарын 14-нд болсон харцага цолтой бөхчүүдийн барилдаан дээр харцагуудаа уриалж бусад бөхчүүдэд уриалга болгож тус барилдаанд оролцсон бөхчүүдийн шинжилгээний зардал болох 15 сая төгрөгийг хувийн зүгээс шийдүүлж, шинжилгээ авах нөхцөлийг бүрдүүлж байсан.
Миний хувьд олон улсын итгэмжлэгдсэн лабораторийн хариуг үгүйсгэх боломжгүй юм. Мэдлэг мэдээлэл дутуу, хариуцлагагүй алдаа гаргасан тул гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрч, шударга бус өрсөлдөөн бий болгох санаа зорилго байгаагүй гэдгээ албан ёсоор хэлж, оногдуулсан шийтгэлийг хүлээн авахад бэлэн байгаагаа мэдэгдэж, бөхөд хайртай нийт Монголын ард түмнээсээ чин сэтгэлээсээ уучлалт хүсэж байна" хэмээн мэдэгджээ.
Тэрбээр ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмаар улсын заан Н.Түвшинбаяраар тав, улсын гарьд Н.Ганбаатараар зургаа давж улсын харцага цолны болзлыг хангасан билээ. Харин өнөө жилийн баяр наадмын дөрвийн даваанд Булган аймгийн арслан А.Отгонбаатарыг өвдөг шороодуулж, улмаар тавын даваанд Увс аймгийн Тэс сумын харьяат аймгийн заан О.Түмэнг амлан, илт тэмцэлгүй барилдаж унасан юм.