Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Авторын булан: Владивосток-Лондон-Токио


Жил бүрийн есдүгээр сард ОХУ-ын Владивосток хотноо чуулдаг Дорнын эдийн засгийн энэ удаагийн уулзалтыг Монгол Улс таслаагүй. Орос, Украины дайнаас үүдэн баруунтай дайсагнахаас болгоомжлогсдын нүдэнд Владивосток аль болох хүрэхээс зайлсхийвэл өлзийтэй эмзэг талбар болж хувирсан нь үнэн. Жишээлбэл, Энэтхэг зэрэг бүс нутгийн нөлөө бүхий улс орнуудын адил тэргүүнүүд нь цахимаар оролцох хувилбар манай талд ч байсан. Гэхдээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ биечлэн оролцож, Шинэ сэргэлтийн бодлогоо ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон чуулга уулзалтад хүрэлцэн ирсэн 40 орны зочид төлөөлөгчдөд тайлбарлан таниулсан. Энэ нь бидний хувьд хойд хөрштэйгөө болон бүс нутгийн улс орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагаагаа урьдын адил эрчимжүүлэх хүсэл сонирхол хийгээд хэрэгцээ шаардлага буйгаа илэрхийлсэн чухал алхам болсон. Владивостокоос Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ганзага хоосон буцаагүйг эл чуулга уулзалтын үеэр ганцаарчлан уулзахдаа эдийн засгийн чухал төслүүдэд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинээс даруй өгсөн хариу амлалтуудаар тодорхойлж болно. Энэ тухай мэдээллүүд олон нийтэд хэдийн хүрсэн тул энд эс давтъя. Харин ОХУ бол хөрш орны хувьд манай улсын гадаад бодлогын үзэл баримтлалд тунхагласан тэргүүлэх харилцаа баримтлах учиртай эхний эгнээний хоёр улсын нэг билээ. Нөгөө нь мэдээж хөрш БНХАУ. Бид бодит байдалд ердөө хоёр хөрштэйг мөн эс нуршъя. ШХАБ-ын уулзалтын хүрээнд өчигдөр Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нар гурван талт уулзалтаа хийж, У.Хүрэлсүх В.Путин, Си Жэнпин нар гурван улсыг холбосон төмөр зам, авто замыг шинэчлэн хөгжүүлэх, тээврийг нэмэгдүүлэхээр тохирч, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолой барих төсөл нь гурван улсын хамтын ажиллагаанд онцгой ач холбогдолтой болохыг талууд онцолсон мэдээтэй энэ өглөөг монголчууд угтлаа. Владивостокт болсон яриа хөөрөөг Самаркандад ийн лавшруулжээ.   

Владивосток-Лондон-Токио. Энэ есдүгээр сард товлогдсон Монгол Улсын Ерөнхий сайдын гадаад маршрут ийм байна. Монголын гадаад бодлого олон тулгууртайг улс төр, эдийн засгийн харилцаагаар дагнан илчлэхийн сацуу хүн төрөлхтөний хувьд дэлхий дээрх соёл иргэншлийн нэгээхэн бэлгэ тэмдэг, хаан ширээнд 70 жил хатан хаан суусан түүхт хүмүүн бээр бие барахад түүнтэй салах ёс гүйцэтгэхээр Л.Оюун-Эрдэнэ ард түмнээ төлөөлөн оролцох нь эртний соёл залгасан монгол төр төмбөгөр буйн гэрч болох буй за. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Оросоос нутагтаа ирээд удалгүй барууны орнуудаас хамгийн түрүүнд Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон, манай ард түмний ардчилал шинэчлэлтийн үйл явцыг эхнээс нь дэмжиж ирсэн Их Британи, Умард Ирландын Нэгдсэн вант улсыг зорих гэж байна. Гурав хоногийн дараа Лондон хотноо болох Цог жавхлант Хатан хаан II Элизабеттай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд оролцоно. Тэрбээр Цог жавхлант Хаан III Чарльзтай мэндчилж, Монгол Улсын нэрийн өмнөөс Хааны гэр бүл болон Британийн ард түмэнд эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүлнэ. Салах ёс гүйцэтгэх ёслолд гадаад улс орны Төрийн тэргүүн, Ерөнхий сайд зэрэг өндөр, дээд түвшний 500 гаруй төлөөлөгч оролцохоо илэрхийлжээ. 

Лондоноос ирээд энэ сарын 27-нд Токиог зорих Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Ерөнхий сайд асан, Монголын анд нөхөр Абэ Шинзог үдэх Төрийн оршуулгын ёслолд оролцож, Монгол, Японы харилцаанд Шинзо Абэгийн оруулсан хувь нэмэр, гавьяа зүтгэлийн өмнө Монгол Улс, Монголын ард түмэн гүн хүндэтгэлтэй ханддагийг илэрхийлнэ. Төрийн ёслолд албаны 6000 гаруй зочид урихаар төлөвлөсөн бөгөөд ёслолд оролцох гадаадын өндөр дээд түвшний төлөөлөгчид дунд АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден, Ерөнхийлөгч асан Б.Обама, Францын Ерөнхийлөгч Э.Макрон нарын нэрс байна. 

Япон орон бол Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалдаа тунхаглан заасан гуравдагч хөрш, стратегийн түнш. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй энэ онд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нүүрснээс устөрөгч гарган авч устөрөгчийн цахилгаан станц байгуулах төслийг хэрэгжүүлэх хүсэлтээ Японы Парламентын төлөөлөгчдийг айлчлан ирэхэд илэрхийлсэн бөгөөд Токиод айлчлах үеэрээ энэ чиглэлийн компанийн төлөөлөлтэй уулзаж, санал солилцохоор төлөвлөжээ. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Лондон, Токиог зорих эл алхмууд Монгол Улс Британи, Японтой найрсаг түншийн харилцаа, хамтын ажиллагаатайн хувьд төдийгүй, өнөөдөр эмзэгшээд буй олон улсын харилцаанд монголчууд бид барууны улс орнуудтай бүх талаар ижил тэгш харилцах сонирхлоо хадгалсаар буйгаа илэрхийлэн харуулах зөв шийдэл гэж дипломат байр сууринаас мөн дэнслэн үзэх нь нэн бодитой болно.

Хамгийн их уншилттай
1
2022.11.07
Дуучин Seryoja бүсгүйчүүдийн зүрхийг булааж, эрчүүдийг "бухимдуулж" буйг батлах 20 пост
2
2022.11.24
Онлайнаар танилцсан залуутайгаа уулзахаар яваад эд эрхтний наймааны хохирогч болжээ
3
2022.11.23
Аргентины хөгжөөн дэмжигчдийн "өр эмтлэм" 20 пост
холбоотой мэдээ
1
22 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдээллээс онцлох 5 баримт
2
2022.11.22
Н.Ялалт: Хувь тавилан надад боломж олголоо. Эхнийхийг би өөрөө дэггүй халуунаар алдсан юм
3
2022.11.09
Авторын булан: Маргааш хэдүүлээ хэнийг огцруулах вэ
санал болгох
1
7 цагийн өмнө
TIME сэтгүүл BLACKPINK хамтлагийг оны онцлох артистаар нэрлэжээ
2
Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдэгдэлтэй холбоотой хүмүүсийн бичсэн 17 пост
3
Өчигдөр
Хорватад хожигдсоны дараа Японы хөгжөөн дэмжигчид цэнгэлдэхийг цэвэрлэжээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.