Хайх зүйлээ бичнэ үү

17 мин

Алдуурсныг олборлогч


Номын санч гэхээр уншлагын танхимд цөөн үгээр шивэгнэн ярьдаг, яагаад ч юм эмэгтэй хүн төсөөлөгдөж байна уу? Энэ нийтлэлийн гол дүр номын санч. Гэхдээ номын санчийн уламжлалт хэв маягтай олон талаар амар авцалдахгүй. “Сайн байна уу, намайг Мягмарын Саруул-Эрдэнэ гэдэг. Би бол номын санч хүн”. Тэр дэлхийн хамгийн том номын санд ажилладаг.

М.Саруул-Эрдэнийг монгол хэлний багш нар багшаа гэж, хэл шинжлэлийнхэн докторынх нь хувьд, хийж буй шинэлэг ажлуудыг нь анхаарч, олон улсын монгол судлаачид орчин цагийн нөлөө бүхий монгол эрдэмтнээр хүлээн авч заншсан. Олон нийт түүний baabar.mn сайтын шилдэг нийтлэлчийн буланд хөтөлдөг цонхноос соён гэгээрүүлэгч, сэтгүүлч хүн юм гэж ойлгодог. Соошлынхон бол фэйсбүүкийн Зугаатай хэл шинжлэл группийг үүсгэн байгуулагч админ гэх нь ч, сонирхолтой пост тэрлэгч гэж харах нь ч бий. Гэргий Ц.Наранцэцэгийнхээ хамт бусад нөхөдтэйгөө АНУ-д үүсгэн байгуулсан, өдгөө 15 дахь жилдээ идэвхтэй ажиллаж буй Монгол соёлын төв түүний тухай ихийг өгүүлж чадна. Тэр бас хөлбөмбөгийн багийн тоглогч. Гэхдээ энэ нийтлэлд түүний номын санчийнх нь тухай л яригдана.

Саруулын төрж өссөн гэр Улаанбаатарт, тавдугаар хороололд, циркийн хажуугийн таван давхар орон сууцнуудын нэгд бий. 1980-ад онд хотын төвд хүүхэд насаа өнгөрүүлсэн түүний “дэвжээ” цирк, хөлбөмбөгийн талбай байв. Амьдралынхаа сүүлийн 20 жилийг өнгөрүүлж буй Америкаас төрсөн нутгаа зорин ирэхэд дурсамжид нь цэлийж байдаг өргөн, саруулхан гудамж талбайнууд одоо чөлөөгүй чихэлдсэн газар болон хувирчээ. Бидний ярилцлага түүний төрөлх хорооллын нэгээхэн буланд болсон юм.

“Ой тойнд хадгалагдан үлдсэн дурсамж руугаа эргэн ирэхэд тэндээс юу ч үлдээгүй байхыг олж харах их гунигтай мэдрэмж байдаг юм аа. Улаанбаатарт хүүхэд нас нь өнгөрсөн хүмүүсийн зовлон энэ. Тоглож өссөн газар нь сүйтгэгдчихсэн, алхаж, гүйж явсан газрууд нь мухар болчихсон. Өндөр байшингаар өвч хулдах нь соёл юм уу, аль эсвэл түүхэн дурсгал, хотын тав тух, өнгө төрхийг хайрлан хамгаалах нь соёл юм уу гэдэгт Улаанбаатарын тааруухан өөрчлөлтүүд сургамж болж байх шиг”. 

Түүний дурсамжид одоогийн “Русский дом”, тухайн үеийн Зөвлөлтийн шинжлэх ухаан, соёлын төв буюу хүмүүсийн ДСНК хэмээн нэрлэж дадсан саарал байшин тов тодхон үлдсэн. Саруулын ээж Р.Минжирмаа тэнд байх орос номын дэлгүүрийн худалдагч бөгөөд ээжийнхээ ажил дээр очиход лангууныхаа арын агуулахад суулгачихна. Тэнд жаалхүү ёстой л номонд умбахыг үзжээ. Хэдийгээр орос хэл мэдэхгүй ч сонирхолтой хавтас чимэг, зураг сэлтэд татагдан тэрийг ч, энийг ч эргүүлж тойруулсаар нэг л мэдэхэд оросоор ойлгодог, ерөөс ном уншигч, номд шимтэгч болсон аж. М.Саруул-Эрдэнэ дунд сургуулийн бага, дунд ангидаа сурлагаар гойд байсангүй ч ном, хөл бөмбөг хоёрт хамаг ухаанаа тавьчихдаг хүү байж. Хичээл дээр тогтож сууна гэж байхгүй мөртлөө тэр агуулахад ном тэврээд суучихвал уу, зураг шиг хөдөлгөөнгүй болчих нь тэр. 

Тэр үед бүх зүйл төлөвлөгөөтэй тул номын худалдагч аль болох сайн үйлчилж, ахиу борлуулах ёстой. Дэлгүүрийн лангуунаас төлөвлөгөөгөө биелүүлж чадахааргүй болсон тохиолдолд Улаанбаатарын ойролцоох Налайх, Багануур гэхчлэн суурин газрууд руу номоо ачаалан хүрч зардаг байв. 

“Ном худалдаж байгаа хүн эхлээд номоо сурвалжлан мэдэж байж сайн ном олж захиална. Бараа нь гар дээр ирэхэд уншиж судлан хүмүүст сурталчилсан нь л сайн зардаг юм байна гэдгийг ээжээсээ би харсан. Одоо миний хийж байгаа номын санчийн ажил ч ерөөсөө тэр шүү дээ. Каталогт бүртгэхийн тулд би номоо уншиж, зөв ангилал үүсгэвэл түүнийг хэрэглэх хүнд үйлчилгээ түргэн хүрч байгаа юм... Би мөн ч олон удаа ээжтэйгээ хамт төлөвлөгөө биелүүлэх аянд явсан даа. Ээжийгээ өрөнд орохоос аварсан ч удаатай. Ээж бид хоёр номоо аваад оросууд олноор амьдардаг 15 дугаар хорооллын орон сууцнуудын дундах талбайд очлоо. Хүмүүс шавчихсан, ээж тэдэнд үзүүлээд л, тайлбарлаад л... Миний нүд яагаад ч юм том лагс биетэй, бавгар сахалтай оросын нүүрэндээ наах шахам үзэж байсан номон дээр тусчихсан. Тэрхэн зуур мөнөөх эр гэнэт үзэж байсан номоо сугавчилж аваад алхчихдаг байна шүү. Би ээжид юу болсныг хэлэх ч завдалгүй араас нь гүйцэж очоод шуудхан гэдэс рүү нь хоёр гараараа тулаад зогсчихсон. Тэгэхэд дунд сургуулийн гуравдугаар ангид байсан тул ямар юмны орос хэл байх вэ дээ, над. Сайхь эр харин зугтаагүй, ёстой л бантах гэгч нь болоод 104 рублийн үнэтэй, ээжийн зарж байсан хамгийн үнэтэй тэр номыг худалдан авсан юм. Ээж баярласандаа намайг 80 мөнгөний зайрмагаар шагнаж, бид хоёр бөөн баяр харьж билээ”.  Ээж Р.Минжирмаа нь түүнийг дэлхийн хамгийн том номын санд ажилд ороход “Явж явж миний ажлыг хийдэг хүн болсон доо” хэмээн дүгнэжээ. 

М.Саруул-Эрдэнэ дээд сургуульд багшилж эхэлснээсээ хойш 25 жил өнгөрсний дараа, АНУ-ын Төрийн департаментын Гадаад харилцааны дээд сургуульд монгол хэлний багшаар 12 дахь жилдээ ажиллаж ахуйдаа, тэндээ хэнээр ч сольшгүй шилдэг багшаар нэрлэгдэх болсон хойноо, Монголд ч, Америкт ч ерөөс бүх хүн түүнийг “Багш аа” гэж дууддаг болчхоод байхад номын санч болох шийдвэрийг гаргажээ. 

“Тэр чинь 2018 оны арванхоёрдугаар сар юм. Би Төрийн департаментын Гадаад харилцааны дээд сургуульд багшлахын хажуугаар Конгрессын номын санд долоо хоногийн бямба гариг бүрт монгол номын каталог хийдэг гэрээт ажилтан байсан юм. Гэтэл Конгрессын номын сан намайг үндсэн ажилтнаар авах санал тавьдаг байгаа. Би чинь УБДС-ийн дөрөвдүгээр курсэд байх 1993 оноос Ц.Өнөрбаян багшийнхаа даалгаснаар хоёрдугаар курсын хүүхдүүдэд хичээл зааж эхэлсэн, карьерынхаа төгсгөлийг хүртэл багшаар төсөөлчихсөн хүн шүү дээ. Их удаан эргэлзсэн. Америкийн сэхээтнүүдийн намтар түүхүүдэд тэд амьдралдаа хамгийн багадаа нэг удаа өөр салбарт карьераа сольж байсан тухай олонтаа өгүүлдгээс урам зориг аваад ч гэх үү, өөрийгөө сориод үзье гэж бодоод зөвшөөрсөн юм. Миний амьдралдаа гаргасан маш том шийд, карьерын эргэлт бол энэ л дээ. Тэгж бүрмөсөн номын санч болов оо. Гэсэн ч би эргээд л багшилсаар байна. Багшийн ажил бид хоёр холдохгүй юм билээ. СУИС-ийн магистрант, докторантуудад онлайнаар хичээл заана, бас Монголынхоо номын санчдад орчин цагийн номын сангийн системийн тухай хичээл ордог болсон”. 

Номын санч хүний гурван үүрэг бий. Нэгдүгээрт, номыг сурвалжлан олох. Хоёрдугаарт, олсон номоо мэдээлэх. Гуравдугаарт, олон нийтэд түгээх. Хүн төрөлхтний эрдэм мэдлэгийн бүх өв соёл, ном зохиолуудаас дээжлэн авч, хадгалан үлдэж буй АНУ-ын Конгрессын номын санд 470 хэлээр хэвлэгдсэн ном буйн дотор Монголын тухай алив сэдвээр сонирхон очих хүн бүхэнд М.Саруул-Эрдэнэ дээрх гурвын нэгдүгээр үүргийн дагуу үйлчилнэ. Конгрессын номын санд орос, англи, хятад зэрэг том хэлтний номын мэргэжилтнүүд хэдэн арваараа хууль, анагаах, урлаг гэхчлэн салбар салбараа хариуцан ажиллана. Тэд ихэвчлэн үндсэн мэргэжил нь номын санч, давхар хууль, физик, биологиор мэргэжил эзэмшсэн байдаг. Харин монгол номын мэргэжилтэн М.Саруул-Эрдэнээс өөр байдаггүй тул лавлагааны номын санч, каталогийн номын санч гээд аль алины үүргийг тэрээр гүйцэтгэж номын каталогийг бүтээдэг аж. Монгол номын тасаг дахь бүх номыг уншиж танилцаад юун тухай ном болохыг томъёолно. Өөрийн бодлоор томъёолж болдоггүй, тусгай түлхүүр үгнүүд ашиглана. Номын санч зөвхөн үүнийг ойлгохын тулд судлах ёстой 43 боть ном байдаг. Ном хайх түлхүүр үгсийг нарийн дэс дарааллын дагуу оруулах ёстой. Эхлээд улсын нэр, араас нь сэдэв байх зэргээр номын нэр төрлөөсөө хамаараад түлхүүр үгийн дараалал харилцан адилгүй. Нягт нарийн судалж каталогжуулсан номыг номын сангийн системээс эрж хайхад олдоц сайтай болдог. Ургамал судлалын ном ороод ирвэл ургамал судлалын мэргэжилтэнтэй уулзаад хэрхэн ангилах талаар ярилцах жишээтэй. Тиймээс ажлын шаардлагаар өөр өөр чиглэлээр мэргэшсэн номын санчидтай уулзаж, олон олон салбарын нарийн мэдлэгээр насан туршид боловсрох давуу тал түүнд бий болжээ.

Үе үе нирхийтэл инээлдэх, тэгснээ нам гүм, дахиад хөхиүнд уусах дүүрэн хүнтэй танхим. Нүд зэрвэс гүйлгэхэд их, дээд сургуулийн багш нар, олны зүс мэдэх болсон сэхээтэн голдуу нөхөд цуглажээ. Үгээ тод хэлж, тун цэгцтэй ярьдаг, түргэн шийдмэг хөдөлгөөнтэй эр хүмүүсийн өмнө илтгэж байна. Тэрхүү илтгэгч, өгүүлэгч этгээд танхимыг өөртөө татжээ. Хэл шинжлэлийн ухааны доктор, багш, судлаач, номын санч, орчуулагч, нийтлэлч М.Саруул-Эрдэнэ “Чингис” хэмээх орчуулгын номоо Нацагдоржийн нэрэмжит номын сангийн танхимд танилцуулж, уншигчидтай санал бодлоо солилцож буй нь энэ. Шотландын офицер, зохиолч Александер Доү “Чингис” эмгэнэлт жүжгийн зохиол бичсэнийг 1769 онд тухайн үеийн хамгийн том театр болох Лондон хотын Вангийн Театрт тавьсан байна. Уг жүжгийн зохиолын анхны хэвлэл АНУ-ын Конгрессын номын сангийн Ховор хуучин номын тасагт Zingis: A Tragedy. As it performed at the Theatre-Royal in Drury-Lane нэрээр, PR1241 L6 дугаартай хадгалагдаж байхад нь 2019 онд М.Саруул-Эрдэнэ олж орчуулжээ. Дор номын нэгээхэн хэсгээс сонирхуулъя:

“Haplefs man! 

Why dolt thou tarry?-hence,-away-fhould Zingis

Hear of his mortal foe-not half the Ealt

Could fave thee from his fury-Leave this camp;

To thee it is the hungry lion’s den”.

Заяагүй этгээд чи

Зайлж эндээс зугтахгүй яагаав?

Заналт дайснаа энд явна гэж Чингис мэдвээс 

Заримлан дорныхон тэр чигээрээ хөдлөөд ч

Чамайг аварч чадахгүй

Энд “заримлан” гэж орчуулах утгын санааг М.Саруул-Эрдэнэ Чойжи-Одсэр бандидагийн зохиосон Махагалын магтаал хэмээх сударт буусан утгаас таньжээ. Уг сударт “заримлан” гэх үгийг 

Залуу турьхан царайтай 

Зааны арьсан цамцтай

Заримлан үхрийн арьсанд

Залгасан илт нуруувчтай гэж хэрэглэсэн нь бий. 

“Чингис” эмгэнэлт жүжгийн зохиол бол эртний англи хэлнээс түүний орчуулан олон нийтэд хүргэж буй гурван сурвалжийн сүүлийнх болж байна. Үүний өмнө 1722 онд бичигдсэн The history of Genghizcan the Great-ийг олсноор дэлхий дахинд монгол судлал 20 дугаар зуунд эхэлсэн гэх он тооллыг түүний нээлт даруй 300 жилээр урагшлуулж орхисон билээ.

Номын санч М.Саруул-Эрдэнийн давуу тал энэ. Номын санчийн хоёр, гуравдугаар үүргийг биелүүлэхэд түүний хэл шинжлэл, монгол хэлээр мэргэшсэний хэрэг “шар тос” болж байна. Эртний хэлээр бичигдсэн түүх, уран зохиолын ховор нандин олдворыг эх хэлнээ орчуулан шинжлэх ухааны судалгаанд сурвалж нэмсэн 10 гаруй ном, орчин цагийн монголчуудын танин мэдэхүйд зориулан хэдэн зуун нийтлэл бичжээ. Монголын түүх, соёлыг судлан олборлох, сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэхийн тулд зөвхөн Монголд ажиллахад багадах, зөвхөн Конгрессын номын сангаар ч хязгаарлах бус, Америкийн их, дээд сургуулиудын номын сангууд болон мужуудын номын сангуудад хадгалагдан үлдсэн дэлхийн өв соёл дотроос Монголын тухай бичигдсэн мөр бүрийг эрж хайх, олборлон олшруулах үйлсийг М.Саруул-Эрдэнийн олж нээсэн сурвалжууд, орчуулж хэвлүүлсэн бүтээлүүдээс бид хардаг. Өдгөө түүний сэргээн нээсэн Монголын түүхийн чухал олдворуудаас хараахан олны хүртээл болгож амжааагүй байгаа баримтуудаас нэрлэвэл, Дилов хутагтын хувийн захидлууд. Яг одоо Монгол Улсад Дилов хутагтын тухай уран сайхны кино хийх төсөл яригдаж буй энэ цагт тэд лавтай М.Саруул-Эрдэнэтэй холбогдож таарах биз ээ. Тэр байх ёстой газраа хийх ёстой ажлаа хийж яваа хүн ажээ.

...Уншигчидтай хийх уулзалт ид үргэлжлэх үед танхимд өндөр настай нэгэн эмэгтэй орж ирэхэд Саруул яриагаа түр таслан түүнийг тосон мэндчилж тохойг нь өргөн золгов. “Цэвэлмаа багш бол намайг оюутан байхад орос хэл заасан багш. 1990 онд Улаанбаатарт англи хэлний курс нүдний гэм, харин Цэвэлмаа багш нэг өдөр манай ангийнхныг дагуулаад тухайн үеийн Ленин клубт орос багштай англи хэлний дугуйланд бүртгүүлэн хамтдаа суралцаж билээ. Эхний хичээлүүдэд 30-уулаа байсан бид цөөрөн цөөрсөөр Цэвэлмаа багш, хожим миний гэргий болох Нараа, бид гурав л бүрэн сууж төгссөн сөн”. 

Номын нээлтийн дараа М.Саруул-Эрдэнэтэй ярилцах зуур түүний ээж Р.Минжирмаа миний анхаарлыг гойд татсан билээ. Өнөө жил 85-ны сүүдэр зооглох энэ эмэгтэй бол 

Наран мандмал уудам нутагтаа

Настай ээжий минь жарган байгаа... хэмээн эхэлдэг, эхний хоёр мөрийг ийн тавихад л хар аяндаа аялагдаад ирдэг “Сүүн цагаан сэтгэл” дууны шүлгийг зохиосон эмэгтэй аж. 

“Энэ дууны үгийг миний ээж зохиосон юм. Ээжийн тухай дуунд монголчууд дуртай. Ээжийнхээ зохиосон дуунд үрс нь бүр дуртай. Тэгвэл ээжийн тухай ээжийн бичсэн дуу гэхээр надад бол дэндүү сайхан санагддаг. Тэгээд ч ээж аавын тухай голдуу бичээд байгаа шиг, “ядарсан зүдэрсэн, дээлээ даахгүй, үсээ самнаагүй, Ганданд ч аваачиж чадаагүй” гэх биш, Саран мандмал саруулхан нутагтаа Сайхан ээжий минь жарган байгаа...” гэсэн өөдрөг сайхан дуу болохоор харь нутагт суугаа надад илүү дотно байдаг даа”.

Р.Минжирмаа гуайн анхны мэргэжил малын эмч. Эмч бүсгүй төрөлх Ховд нутагтаа Бүх хөдөлмөрчдийн спартакиадад 1960, 1961, 1962, 1963 онд дөрвөн жил дараалан ширээний теннисний аймгийн аваргаар шалгарч, 1961 оны өвлийн спартакиадад цанын 5-10 км-т түрүүлж, Ховдын волейболын шигшээд тоглож, хөнгөн атлетикаар ч аваргалж байв. Ойн инженер эр нөхөр Мягмарынх нь ажлын томилолт нийслэлд шилжсэнээр залуу гэр бүл Улаанбаатарын айл болон төвхнөжээ. Тэд энэ хотод хожим гурван хүү, гурван охины ээж аав болцгооно. Нүүж ирсэн жил нь Улаанбаатар хотын Ажилчдын анхдугаар спартакиад болоход Р.Минжирмаа мөн л ширээний теннисийн хос тоглолтоор түрүүлээд, ганцаарчилсан төрөлд хүрэл авсан гээд ээжийнхээ жавхаатай, золбоотой бүсгүй явсныг Саруул хуучлав. Энэ өнөр айлын эцэг Мягмар зургаан хүүхдээ багад хорвоог орхиж, Р.Минжирмаа гуай хүүхдүүдээ бүгдийг нь өндөр боловсролтой хүмүүс болгон өсгөн хүмүүжүүлсэн билээ. Түүний хотод ирээд эзэмшсэн хоёр дахь мэргэжил нь ном зүйч. Хүүхдүүд нь номтой, гадаад хэлтэй ойр өссөн нь ээжийгээ ээлжлэн ажлаас нь тосдог, тэгэх далимдаа номын агуулахад нь сууж тааваараа ном уншдаг байсных гэнэ. Чингээд л ээж нь Саруулыг “Явж явж энэ л миний ажлыг хийж байгаа юм” гэдэг ажээ. 

“Социализмын үед монголчууд Зөвлөлтийн хүн болох гэж амьдардаг байж. Эрдэмтэн судлаачид шинжлэх ухааны цол хамгаалахын тулд горилсон бүтээлээ оросоор бичих шаардлагатай байв шүү. Дараа нь чөлөөт нийгэмд шилжихэд монголчууд америк хүн болох гэсэн. Би ч адил. Энэ газрын соёл иргэншлийг судлах хэрэгтэй юм шиг бодож ирсэн. Гэтэл эндүүрэл болох нь дорхноо л мэдрэгдсэн. Америкийн нийгэм надад монгол хүнээрээ үлдэж гэмээнэ хүн байх утга учрыг ойлгуулсан. Америкт байгаа монголчууд яг л миний адил зүйлийг мэдэрдэг. Энд ирсэн хойноо би хэн бэ, би монгол бичгээ суръя, хүүхдээ монгол хэл, соёлоо мэддэг монгол хүн байлгах минь гэх хүсэлгүй монгол бараг үгүй дээ. Америкийн 300 сая хүн дотор би, бид “монгол” гэдэг очтой юм. Түүнийгээ л зүлгэн гялалзуулж явах хүсэлтэй. Конгрессын номын сан яагаад намайг ажилд урьсан юм бэ? Намайг монгол учраас, монгол хэл, бичиг, соёл түүхээ мэддэг учраас л тэр шүү дээ. Би энэ ажлыг хэчнээн сайхан англиар яривч, мадаггүй бичээд байв чиг монгол эрдэмтэн биш сэн бол яг энэ хэмжээний номын санч байж чадахгүй”. 

Конгрессын номын санд М.Саруул-Эрдэнээс өмнө монгол номын сангийн мэргэжилтэн ажиллаж байгаагүй бөгөөд анхны монгол ийн ирж ажилласнаас хойш монгол номын сан хөмрөг баяжсаны зэрэгцээ номын сангийн систем нэн баялаг болжээ. М.Саруул-Эрдэнэ сэдэв бүрийг баталгаажсан түлхүүр үгтэй болгон ангилж, тусгай дугаар, түлхүүр үг бүхий “Дөрвөлжин бичиг”, “Баяд аялгуу”, “Дарьганга”, “Монголын нууц товчоо” зэрэг ангиллыг шинээр үүсгэн өргөн барьсныг нь АНУ-ын Конгрессын номын сан батлаад байна.   

Түүний ажлын нэг өдрийг урьдчилан таамаглах аргагүй. Гэнэтхэн хаанаас ч, юу ч гараад ирж магадгүй дэлхийн хамгийн том номын сан шүү дээ. Дилова хутагтын монголч эрдэмтэн Латиморт бичсэн захидлууд 2020 онд гараад ирсэн шиг. Мөн нэг л өдөр хятад номын санч “Энэ танай юм. 100 жил хятад тасагт хэвтсэн эд” гэсээр хатуу хавтастай, зузаан нуруутай хоёр том үдээс сонин, сэтгүүл тэргэн дээр чирч хүрч ирээд орхиод явсан шиг. Эл хоёр үдээсийн нэгэнд Алмас Очир, Хайсан гүн нарын сэхээтнүүдийн Манжийн ноёрхлын сүүл үеэс эрхлэн гаргаж Харбинд хэвлүүлж байсан “Монголын сонин бичиг” Конгрессын номын сан 1917 оноос эхлэн авч, эмхэтгэл болгон үдээд хадгалсан нь энэ аж. Нөгөөх нь “Монголын ер үгийн сэтгүүл”-ийн үдээс бөгөөд уг хоёр хэвлэл монгол номын санч байгаагүй үед каталогт анх орсноос хойших 100 жилийн турш хятад хэлээр бүртгэлжиж байжээ. Чингээд монгол бичиг дээрх уг сурвалжууд Монголыг сонирхож очсон хүнд олдоогүй, Хятадыг сонирхогчид нээж үзэлгүй М.Саруул-Эрдэнийн гарт 100 жилийн дараа л анх иржээ. “Одоо би “Монголын сонин бичиг” гээд каталогт оруулахад дэлхийн хаанаас ч танилцаж болох ангилал үүсгэж байна. Миний ажил бол нэг л өдөр хаанаас ч юу ч гараад ирж мэдэх, түүнээс би ямар ч эрдэнийг шүүрдэж мэдэх уурхай юм. Ингээд харахад миний номын санч болох шийдвэр алдаагүй байгаа биз. Энд монгол номын санч ороогүй бол монголчуудын маш их өв мэдэгдэлгүй дахиад далд хэчнээн ч цаг хугацаанд хэвтэж өнгөрүүлэх байж”. 

М.Саруул-Эрдэнэ яг одоо Конгрессын номын сан дахь үндсэн ажлаа дуусгаад гэртээ үргэлжлүүлэн хийх ажилтай суугаа. Ажаа гэгээний намтрыг орчуулах, мөн сүүлд гартаа оруулсан монгол бичиг дээрх сонирхолтой дурсгалуудыг судалж сийрүүлэн бичихээр ажиллана. Гэртээ үргэлжлүүлэн ажиллах нь түүний хувьд ажлын энгийн хуваарь, ингэж байж ном, нийтлэлээ бичиж амжуулдаг тул амьдралынх нь салшгүй хэмнэл болон тогтжээ.  

“Аз болж Нараа дэргэд минь байдаг. Нараа бид хоёр хар багаасаа гэрлэж, оюутны байрнаас хамтын амьдралаа эхлүүлж, мөн тэндээ л эцэг эх болж, мөн тэндээсээ л багш болцгоосон улс. Миний амьдралд үзүүлсэн Нараагийн чухал нөлөө бол толгойтой бүхэн шахам арилжаа наймаанд гарцгааж байхад намайг тийм зүйл хөөцөлдөхийг эрс хориглож, багшаар минь үлдээсэн явдал. Чи л энэ ажлыг хийнэ, чи л чадна гэдэгтээ хатуу зогссон. Түүнд ядуу зүдүү амьдрал сонин биш, харин боловсрол юу юунаас эрхэм байсан. Үеийнхэн гадаад яваад орон сууцтай болоход ч тэр хувираагүй. Би их эрт Солонгост очин хараар ажиллаад байртай болчихож чадах л байсан. Нараад орон сууцтай болохоос илүү бидний эрдмийн ажил, судалгаа илүү үнэ цэнтэй байсан. Нараа жаахан шахсан бол би эцэг хүн, эр нөхрийнх нь хувьд гэр бүлдээ зөндөө мөнгө олоод ирэх л байсан. Нараа бидний ирээдүйг холоос харсан, бүр маш зөв харсан. Одоо том хүү бага ангийн багшаар ажиллаж байна. Удаах хүү их сургуульд хууль үзэж байна. Хоёр бага хэн болохоо тодорхойлох насанд хараахан ирээгүй ч ээж бид хоёрынх нь нөлөө холдохгүй биз ээ”. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.22
1984. Хамбан хөшиггүй таашаах эрх чөлөө
3
2024.03.12
Будапештын тэмдэглэл
санал болгох
1
Өчигдөр
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
6
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (5)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Эрдэнэцэцэг 2022.09.29 192.82.66.181

Төрийн шагналыг ийм тодорхой амжилт гаргасан хүмүүст өгмөөр дөө.

0 Хариулах


Хөх Толбот 2022.09.28 66.181.161.45

Баярлалаа

0 Хариулах


Санчир 2022.09.27 66.181.161.90

Сайн бичсэн сайхан нийтлэл байна. Баярлалаа

0 Хариулах


Зочин 2022.09.27 202.21.127.136

Сайхан нийтлэл байна шүү.

0 Хариулах


Батзаяа 2022.09.27 66.181.160.110

Сүүлийн хэсэг үнэхээр таалагдлаа, өнөөдөр ч гэсэн олон залуус өнгө мөнгөний араас явах уу, эрдэм номын мөр хөөх үү гэдэг сонголтын өмнө тулсаар,,,

0 Хариулах