Канн, Берлин, Венец, Торонто зэрэг дэлхийн А зэрэглэлийн кино наадмын шагналт 19 киног 7 хоногийн турш дэлгэж буй "Улаанбаатар" олон улсын кино наадам 5 дахь өдрөө үргэлжилж байна. 2021-2022 онд бүтээгдсэн шилдэг бүтээлүүдийг үзэгчдэд хүргэх уг кино наадмын өнөөдрийн хөтөлбөрт юу юу байгаа гээч?
АЛЬКАРРАС

Найруулагч: Карла Симон
Продюсер: Мариа Замора, Стефан Шмиц, Тоно Фольгера, Серги Морено
Кино зохиол: Карла Симон
Шагнал: Энэхүү бүтээл нь Torino Script Lab, Nipkow Program, MFI, Cannes Residency зэрэг хөтөлбөрт шалгаран оролцож байв. 72 дахь удаагийн Берлиний олон улсын кино наадмын “Алтан баавгай” шагналтай.
Жилийн жилд Солегийн гэр бүл Испанийн Алькаррас хэмээх бяцган тосгон дахь цэцэрлэгтээ тарьж ургуулсан тоороо хурааж, зуныг өнгөрөөдөг аж. Гэвч гэр бүлийг нь албадан нүүлгэх болсноор энэ жилийн ургац нь сүүлийн ургац ч байж мэдэх аюул нүүрлэнэ. Газрын шинэ төлөвлөлтийн дагуу тоорын модыг нь тайрч унагаад, нарны толь суурилуулах болсон нь элгэмсэг дотно нэгэн гэр бүл хагаралдах шалтаг болно. Анх удаагаа тэрбээр алс ирээдүй нь бүрхэг болж, орон гэр төдийгүй хамаг бүхнээ алдах эрсдэлд унана.
Киноны тасалбараа энд дарж аваарай.
УЛАЙСАХ ӨДРҮҮД

Кино зохиолч, найруулагч: Эмин Алпэр
Продюсер: Надир Оперли, Керем Чатай
Эмрэ бол усны гачигдалд орсон, улс төрийн үймээнд автсан нэгэн жижиг хотод томилогдсон прокурор юм. Түүнийг анх эелдэг хүлээн авсан хотынхны харьцаа төвөгтэй болсоор, хүсээгүй хэдий ч хотын улс төрд хутгалдана. Эмрэ нутгийн сонины газрын эзэнтэй холбоотой болсноор хэл ам нэмэгдэн дарамт улам ширүүснэ.
Киноны тасалбараа энд дарж аваарай.
АЯНГА

Найруулагч: Кармен Жакье
Энэхүү бүтээл нь 2022 оны 9-р сарын 10-нд Торонтогийн олон улсын кино наадмын “Platform Prize” хөтөлбөрөөр нээлтээ хийсэн юм.
1900 оны зун, Швейцарын өмнөд нутагт орших уулын хөндий. Сахил хүртэхээр зэхэж байсан 17 настай Элизабет, эгч нь зуурдаар нас барсан учир гэлэнмаа нарын сургуулийг орхин, таван жилийн тэртээ орхиж явсан төрсөн гэртээ эргэж ирнэ. Гэвч Элизабет нэгэнт балчир хүүхэд байхаа больж, нас биед хүрсэн байв. Тосгоны хатуу дүрэм журмаас халшрахын сацуу эгч нь яагаад өөд болсон нууцыг тайлахаар улайрсан тэрбээр шинэ зүйл туршиж үзэхээс ч буцахгүй.
Киноны тасалбараа энд дарж аваарай.