Харвардын Бизнес Хэлэлцүүлэг (Harvard Business Review) нь Харвардын Бизнесийн сургуулиас үүдэлтэй бөгөөд энэ жил үйл ажиллагаагаа эхлүүлсний 100 жилийн ой тохиож байна. Харвардын Бизнес Хэлэлцүүлэг бол манлайлал, байгууллагын өөрчлөлт, стратеги, маркетинг, санхүү, хүмүүсийг удирдахуй гэх мэт бизнес, менежментийн сэдвүүдээр ул суурьтай судалгаа, мэдээлэл, зөвлөмжийг олон нийт хүргэдгээрээ танигдсан билээ. Тэд 100 жилийнхээ ойн босгон дээр уншигчдынхаа санал асуулгаар амьдралд нь хамгийн нөлөө үзүүлсэн нийтлэлүүдийг тодруулжээ. Цаг хугацаа өнгөрсөн ч үнэ цэнээ алдахгүй эдгээр нийтлэлүүд таны амьдралд ч хэрэг болж мэдэх юм. Холбоос дээр дарж, нийтлэлийг бүрэн эхээр нь уншаарай.


Бид мэргэжлийнхээ карьерт анхаарал хандуулдагтай яг адилхан хувийн амьдралдаа нухацтай хандах ёстой гэж Харвардын Бизнесийн сургуулийн профессор Клэйтон М.Кристенсен үздэг. Тэрбээр 2010 онд бичсэн нийтлэлдээ амьдралаа хэмжихийн тулд, Би хэрхэн ажил, мэргэжлээсээ аз жаргалыг мэдрэх вэ, Би хэрхэн хувийн харилцаанаасаа аз жаргалыг олох вэ, Би хэрхэн шударга, ёс зүйтэй амьдрах вэ гэсэн гурван асуултыг өөрөөсөө асуухыг хүмүүст зөвлөсөн байна.
Unlock подкастаар профессор М.Кристенсений бичсэн "Амьдралаа хэрхэн хэмжих вэ" номыг дэлгэрэнгүй ярьсан байдаг.


Хүмүүс цагаа хэрхэн зөв удирдан зохицуулах талаар маш их ярьдаг. Үнэн хэрэгтээ хүн энергиэ зөв хуваарилж чадвал богино хугацаанд илүү их бүтээмжтэй байж чаддаг байна. Зохиолч Тони Шварц, Кэтрин Маккарти нарын хэлж буйгаар биеийн, сэтгэл хөдлөлийн, оюун санааны, мөн чанарын гэж дөрвөн төрлийн энерги байдаг бөгөөд тус бүрийг нь системтэйгээр удирдсанаар бүтээмжээ, цаашлаад амьдралын чанараа дээшлүүлж болох аж.


Та баг хамт олон, компанийг удирдахаасаа өмнө өөрийгөө удирдаж, захирч сурах хэрэгтэй. Менежментийн зөвлөх, зохиолч Питер Дракер 1999 онд бичсэн энэхүү класик нийтлэлдээ жирийн ажилтнаас гарамгай удирдагч болж төлөвшихийн тулд хэрхэн өөрийн давуу тал, үнэт зүйлсээ олж, ур чадвараа хөгжүүлэх талаар тайлбарлажээ.

Менежментийн цаг: Сармагчин хэнд байна вэ?

Заримдаа та өдрийн турш бусдын асуудлыг шийдэхэд хамаг цагаа зарцуулж байгаа юм шиг санагддаг уу? Бас та ажилдаа дарагдан, цагт баригдаж байхад доод албан тушаалтнууд тань ажил багатай, хийцгүйрч байна вэ гэж өөрөөсөө асууж байв уу? Тийм бол та цагийн менежменттэй холбоотойгоор тохиолддог үндсэн асуудлуудын нэгтэй нүүр тулжээ. Зохиолч Уильям Онкен Жр, Дональд Л.Васс нар менежерүүдийн нуруундаа үүрч буй энэ олон "сармагчин"-аас салж, цагаа хэрхэн үр дүнтэй хуваарилах талаар зөвлөсөн байна.


1996 оны дугаарт гарсан уг нийтлэлд Харвардын Бизнесийн сургуулийн профессор Майкл Портер үйл ажиллагааны үр ашиг ба стратегийн ялгааг тодорхойлжээ. Түүний үзэж буйгаар эдгээр нь хоёулаа чухал боловч гүйцэтгэлд нөлөөлдөг тэс өөр хүчин зүйлүүд аж. Компаниуд өндөр ашиг олохын тулд үйл ажиллагаагаа үр ашигтай байлгах шаардлагатай боловч урт хугацааны амжилтыг бий болгоход энэ дангаараа хангалтгүй гэнэ. Тэгвэл стратеги гэж чухам юу вэ? Профессор Портерын үзсэнээр, бусад компаниуд хуулбарлахад бэрх, системд үндэслэсэн өвөрмөц, үнэ цэнтэй байр суурийг бий болгож, өөрсдөдөө өрсөлдөх давуу талыг бий болгох явдал юм.
Эх сурвалж: HBR