Хайх зүйлээ бичнэ үү

17 мин

Б.Болормаа: Миний амьдралын бямба гарагууд ихэвчлэн өөрийгөө хөгжүүлэхэд зориулагддаг


Монгол улсад өдгөө нийт 30 Насан туршийн боловсролын төв үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээрийн нэг Баянзүрх дүүргийн Насан туршийн боловсролын төвийн захирал Батбаярын Болормаатай ярилцлаа. Тэрбээр багш, программ хангамжийн инженер мэргэжилтэй. Б.Болормаа 2010-2019 онуудад Нийслэлийн ерөнхий боловсролын 97-р сургуульд багш, 2019-2020 онд Нийслэлийн 136-р сургуульд захирлаар ажиллаж байсан юм.


-Насан туршийн боловсролын төвийн үндсэн чиг үүрэг юу байдаг юм бол?

-Насан туршийн боловсролын төв нь бүх насны иргэдийг боловсролд тэгш хамруулах, суралцах, хөгжих олон талын боломжоор хангаж, сургалтаар дамжуулан боловсролын үйлчилгээ үзүүлэх чиг үүрэгтэй төрийн байгууллага. Энэ чиг үүргийнхээ хүрээнд боловсрол нөхөн олгох сургалт болон амьдрах ухааны боловсрол олгох гэсэн хоёр чиглэлээр сургалт, нөлөөллийн арга хэмжээнүүд зохион байгуулж ажилладаг. Иргэдэд зохион байгуулдаг сургалтыг агуулгаар нь задалж танилцуулбал, гэр бүлийн боловсрол, амьдрах ухааны боловсрол, ёс суртахуун төлөвшлийн боловсрол, иргэний боловсрол, гоо зүйн боловсрол гэсэн зургаан агуулга бүхий сургалтууд байдаг. 

-Хүн насан туршдаа суралцах нь яагаад чухал вэ?

-Бид өдөр бүр хөгжиж, өөрчлөгдөж буй нийгэмд амьдарч байна. Түүнийг дагаад хүмүүст байнгын суралцах хэрэгцээ, шаардлага тулгарч байгаа. Мэдлэг бол яг л хоол хүнс шиг хуучирч, муудаж хэрэггүй болдог зүйл. Тиймээс чанартай амьдрахын тулд, нийгэмтэйгээ зэрэгцэхийн тулд тасралтгүй өөрийгөө хөгжүүлэх, суралцах, шинэ мэдээллээр хангагдахаас өөр аргагүй байгаа биз? Би лав өдөр бүр өөрийгөө хөгжүүлэх, суралцах тухай бодол тээж явдаг.

-Та ямар цагуудад өөрийгөө хөгжүүлж, насан туршийн боловсролоо дээшлүүлдэг вэ?

-Миний амьдралын бямба гарагууд ихэвчлэн өөрийгөө хөгжүүлэхэд зориулагддаг. Багшийн мэргэжил намайг маш их өөрчилж, хөгжих бүхий л боломжийг олгосон. Миний хувьд суралцахаас гадна оролцох ёстой гэдэг зарчим баримталдаг учраас багшилж байхдаа бараг л бүх амралтын өдрүүдийг залуучуудын байгууллага, сайн дурын ажил, тэмцээн уралдаан, мэргэжлийн сургалтууд, хувь хүний хөгжлийн сургалтуудад зориулахаас гадна ер нь бүх зүйлд оролцоогоо нэмэгдүүлснээр өөртөө хөгжих боломжийг олгож байна.

-Та түрүүн боловсролоо үргэлж тэлэх шаардлагатай гэлээ. Тэгвэл өнөөгийн Монголын нийгэмд ямар төрлийн боловсрол нэн тэргүүнд үгүйлэгдэж байна гэж та хардаг вэ?

-Ёс зүйн боловсрол, сэтгэл зүйн боловсрол, амьдрах ухааны боловсрол гэх мэт иргэн бүрт байх шаардлагатай эдгээр боловсролууд л нийгэмд үгүйлэгдэж байгаа мэт санагддаг. Манай байгууллага яг энэ агуулгын хүрээнд зургаан чиглэлээр иргэдэд үнэ төлбөргүй сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулдаг. Жишээ нь, тэрний нэг чиглэл нь иргэний боловсрол. Иргэн хүний ухамсар, ёс зүй, хариуцлага, хандлага, ойлголт, мэдээлэл дээр энэ нийгэм тогтож байна. 

Судалгаагаар сургууль завсардалтын гол шалтгаан нь гэр бүлийн тогтворгүй байдал гэсэн дүгнэлт гарсан. Энэ хичээлийн жилд боловсрол нөхөн олгох сургалтад 110 суралцагч хамрагдаж байна. Хүйсийн харьцааны хувьд авч үзвэл ихэнх нь хөвгүүд, мөн V-IX ангийн сурагчид дийлэнх байна. Ингээд харахаар яг шилжилтийн насны хөвгүүдийн боловсрол орхигдох магадлал харагдаад байдаг.

-Танай төвийн сургалтуудад жилдээ хэчнээн хүн хамрагддаг вэ?

-Боловсрол нөхөн олгох сургалтын хувьд жилд 100-250 суралцагч хамрагддаг бол иргэний боловсролыг дээшлүүлэх чиглэлийн сургалтуудад жилд 10000 орчим хүн хамрагдаж аж төрөх, амьдрах ухааны боловсролоо дээшлүүлдэг.

-Баянзүрх дүүргийн хэмжээнд хүүхдүүд сургууль завсардаж буйн голлох шалтгаан нь юутай холбоотой байна вэ?

-2022-2023 оны хичээлийн жилд боловсрол нөхөн олгох сургалтад 110 суралцагч хамрагдаж байна. Хүйсийн харьцааны хувьд авч үзвэл ихэнх нь хөвгүүд, мөн V-IX ангийн сурагчид дийлэнх байна. Ингээд харахаар яг шилжилтийн насны хөвгүүдийн боловсрол орхигдох магадлал харагдаад байдаг. Манай төвийн судалгаагаар сургууль завсардалтын гол шалтгаан нь гэр бүлийн тогтворгүй байдал гэсэн дүгнэлт гарсан. Гэр бүлийн тогтворгүй байдал, хараа хяналтгүйгээс шалтгаалсан завсардал, хичээлийн хоцрогдол, боловсролын тэгш бус байдал маш их байна. Энэ чиглэлээр Монголд тогтмол үйл ажиллагаа явуулдаг Японы хүүхдийг ивээх сан “хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах нь” төслийн хүрээнд олон үр дүнтэй ажлуудыг хийж байгаа санагддаг. Манай төвийн хувьд ч ЯХИС-тай хамтраад боловсролоос ангид үлдэх магадлалтай хүүхэд бүрийг дэмжиж, боловсролын үйлчилгээнд хамруулах ажлуудыг тогтмол зохион байгуулан ажиллаж байна. Боловсрол нөхөн олгох сургалтад хамрагдаж байгаа суралцагчдын хоцрогдлыг арилгаад аль болох ЕБС руу шилжүүлэн суралцуулахыг зорьдог. Ер нь хүүхэд үеийнхэнтэйгээ суралцах нь илүү үр дүнтэй, хөгжих боломжууд нь ч тэнд илүү байдаг. Өнгөрсөн хичээлийн жилд манай төвөөс зургаан сурагчийг ЕБС руу шилжүүлсэн.

-Насан туршийн боловсролын төвийн сургалтаар олгосон батламжийг дүйцүүлэн насанд хүрсэн иргэдийг ажилд авах боломж байдаг уу?

-Одоогоор манай байгууллага мэргэжил эзэмшүүлдэггүй. Зөвхөн чадавхжуулах сургалтуудыг зохион байгуулж, батламж олгодог. Цаашдаа оёдолчин, архив, бичиг хэргийн ажилтан гэх мэт ажлын байранд хүний нөөц бэлтгэх гэрчилгээт сургалтуудыг бий болгох боломжтой гэж бодож байгаа. Манай төвд өдгөө ч мэргэшүүлэх хэмжээний чанартай сургалтууд явагдаж байна. Жишээ нь, ээжүүд манай төвийн оёдлын сургалтад хамрагдсанаар наад зах нь хүүхдүүддээ өөрөө хувцас оёж өгөх хэмжээний ур чадварыг эзэмшээд төгсөхөд дэлгүүрээс хувцас худалдаж авах зардал хэмнэгдэнэ. Иймд сургалтаар дамжуулж эдийн засгийн хэмнэлтийг бий болгох байдлаар тухайн иргэдийн амьдралын чанарт нь ахиц, дэмжлэг үзүүлэх боломжтой.

Захирал гээд байнга хаалттай хаалганы цаана өрөөндөө суугаад байдаггүй. Зарим ангийн ирцийг авна, хичээл тасалсан хүүхдүүдтэй өөрийн биеэр уулзаж ярилцана, хүүхэд хамгааллын асуудлаар эцэг эх, асран хамгаалагчидтай уулзана, багш нарт нь шаардлагатай зөвлөмжийг өгнө гээд хүүхэдтэй холбоотой бүхий л зүйлд гар бие оролцож багшийн чиг үүргийг тасралтгүй хэрэгжүүлж ажилладаг. Гол нь хүүхдийн төлөө гэсэн чин сэтгэл л багшид байх ёстой.

-Танай төвд өдгөө ямар төрлийн сургалтын хэрэглэгдэхүүн, материаллаг баазууд байна вэ?

-Ер нь манай төв тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүний хувьд жаахан хомс л байна. Гэтэл иргэдийн суралцах хэрэгцээ их байгаа. Тэгэхээр оёдлын машин, компьютер, ухаалаг дэлгэц, бусад сургалтын хэрэглэгдэхүүний дэмжлэг, тусламж үзүүлэх хүсэлтийг харьяа дүүрэг, Олон улсын байгууллага зэрэгт хандан санал хүсэлтээ өгөөд явж байгаа. Гэхдээ байгаа нөөц боломжоо ашиглан оёдол эсгүүр, гар урлал, эсгий урлал, бичиг үсгийн сургалт, монгол бичгийн сургалт, хувь хүний хөгжлийн сургалтууд, амьдрах ухааны модуль сургалтууд, компьютерийн сургалтууд гэх мэт маш олон чанартай сургалтуудыг зохион байгуулж байна.

-Зарим хүн үнэ төлбөргүй гэхээр Насан туршийн боловсролын төвийн сургалтын чанарт эргэлзээд эхэлдэг. Тэгэхээр үнэ цэнтэй сургалт заавал төлбөртэй байх ёстой юу?

-Үнэхээр ч зарим хүн үнэ төлбөргүй гэхээр хэнд ч хэрэггүй зүйл шиг санадаг. Гэтэл манай сургалтад хамрагдсан иргэд, төрийн албан хаагчид амьдралдаа авч хэрэгжүүлэх олон шинэ мэдлэг мэдээлэл,арга барил, дадал хэвшил, харилцаа хандлагын талаарх мэдлэг, ур чадварыг эзэмшдэг бөгөөд цааш нь үргэлжлүүлээд цуврал байдлаар сургалтад хамрагдах хүсэлтээ өгдөг. Өөрөөр хэлбэл, манай сургалтад хамрагдсан иргэд үргэлж сэтгэл хангалуун байдаг гэдгийг хэлэх гэсэн юм. Үнэ төлбөргүй хэрнээ үнэ цэнтэй сургалтууд бүх иргэдэд нээлттэй байх боломжийг улс бидэнд олгож байхад яг адилхан сургалтад төлбөрөө төлөөд хамрагдах эсэх нь хувь хүмүүсийн л сонголт байх даа (инээв). Бид сургалтуудаа улам чанаржуулах зорилгоор багш нараа байнга хөгжүүлж, сүүлийн үеийн мэдээ, мэдээллээр ханган чадваржуулж ажиллаж байгаа.

 Ахлах ангийн сурагчдад гэр бүлийн боловсрол олгосноор тогтвортой харилцаатай, хариуцлагатай, зөв ээж аавууд болж төлөвших болно. Тэгснээр улс орны хамгийн чухал анхан шатны нэгж болох гэр бүлүүдийн тогтвортой байдал бий болно гэж боддог шүү.

-Та хэзээ нэгтээ юуг ч юм хүсэн мөрөөсөж байсан бол түүндээ ойртсон уу, эсвэл өдгөө хэдийн хүрчхээд байна уу?

-Хүүхэд байхдаа бусад хүмүүст тусалдаг, тусалж чадахуйц хэмжээний хүчирхэг хүн болно гэж мөрөөддөг байсан. Одоо ажил, мэргэжлээрээ дамжуулаад боловсролын үйлчилгээ хэрэгтэй байгаа хүмүүсийг боловсролд тэгш хамруулж тусалж байгаа гэж боддог. Мөн байгууллагадаа оновчтой менежментийг боловсруулан ажиллаж иргэдийн ухамсар, ёс зүй, мэдлэг чадварыг дээшлүүлснээр өөрийнхөө хүсэж байсан тэрхүү сайн сайхан нийгмийг бүтээж олон хүний амьдралыг дээшлүүлэх боломж байгаа учраас миний мөрөөдөл биелсэн байна. Цаашдаа ч бусдын сайн сайхны төлөө олон зүйлийг хийж ажиллах хүсэл тэмүүлэлтэй.

-Багш нар их хүндэтгэл дунд амьдардаг. Багшаа гэдэг дуудлага хүртэл хүндэтгэлийн хэлбэр шүү дээ. Харин таны мэргэжлийн үнэ цэн юугаар тодорхойлогддог вэ?

-Нийгмийг бүрдүүлж байгаа бие хүмүүсийг төлөвшүүлж байна гэдэг утгаараа багшийн ажил маш үнэ цэнтэй. Багш хүн үргэлж бусдын төлөө гэсэн сэтгэл зүрхтэй, зөв үлгэр дуурайлал үзүүлэхүйц, манлайлагчид учраас миний төдийгүй нийт багш нарын хувьд хүмүүжил төлөвшил, ажил мэргэжил, харилцаа хандлага, үүрэг хариуцлагын хувьд бусдад үлгэр дуурайлал болохуйц иргэн бэлдэж буйгаар мэргэжлийн үнэ цэн тодорхойлогдоно гэж ойлгодог.

-Зарим хүмүүс мэдээллийн боловсрол дутмагаас үүдэн хувийн мэдээллээ алдах, эсвэл хуурамч мэдээлэлд шүүлтүүргүй хандаж, өөрийгөө бухимдуулдаг. Энэ байдал амьдрал, зан үйлд нь нөлөөлж, сөрөг үр дагаварт хүргэдэг шүү дээ. Та багш хүний хувьд, ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт, мэдээллийн боловсролын хичээлийг нэмэх шаардлага бий гэж боддог уу?

-Өнөөгийн нийгмийн байдал яг энэ хэрэгцээ шаардлагыг хурцаар үгүйлж байна. Боловсролын салбарт, тэр дундаа өсвөр насныханд сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ нэн шаардлагатай гэж үзэж Ерөнхий боловсролын сургуулиуд сэтгэл зүйчтэй болж байгаатай адил дараагийн хэрэгцээ шаардлага бол бидний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болоод буй цахим хэрэглээний тухай мэдлэг ойлголтыг хүүхдэд багаас нь олгох, мэдээлэлтэй харилцах соёлыг бий болгох хэмжээний цогц ойлголтыг иргэн бүрт олгох бодлогыг хэрэгжүүлэх хэрэгцээ байна гэж харж байгаа. Энэ нь ирээдүйд үүсэх олон сөрөг үр дагаврыг бууруулах боломжтой. Улмаар цахим хэрэглээний соёлыг шат ахиулах, гэмт хэргийн зөрчил буурах, мөн худал мэдээллийн тархалт багасах боломжтой гэж боддог. Түүнчлэн ЕБС-д гэр бүлийн боловсролын тухай, амьдрах, аж төрөх ухааны талаар агуулга, мэдлэг, ойлголтыг олгох тогтолцоонд шилжих нь алсдаа эерэг үр дүнд хүргэнэ. Ахлах ангийн сурагчдад гэр бүлийн боловсрол олгосноор тогтвортой харилцаатай, хариуцлагатай, зөв ээж аавууд болж төлөвших болно. Тэгснээр улс орны хамгийн чухал анхан шатны нэгж болох гэр бүлүүдийн тогтвортой байдал бий болно гэж боддог шүү.

-Таны үнэт зүйл юу вэ?

-Би эхлээд Программ хангамжийн инженер мэргэжлээр төгссөн ч дахин суралцаж багш мэргэжлийг эзэмшсэн. Одоо бодоход яг л зөв мэргэжлээ сонгож эзэмшжээ гэж боддог. Яагаад гэхлээр, мэргэжил маань миний үнэт зүйлтэй нийцдэг. Би боловсролоос үүдэлтэй нийгмийн ялгаатай байдалд санаа зовниж явдаг. Энэхүү боловсролын ялгаатай байдлыг хэн арилгах вэ гэхээр хамгийн анхан шатны хэрэгжүүлэгч нь багш шүү дээ. Багш нар л боловсролын үрийг тарьж, иргэн бүрийг боловсролтой болгох ажлыг хийж байна. Би захирал гээд байнга хаалттай хаалганы цаана өрөөндөө суугаад байдаггүй. Зарим ангийн ирцийг авна, хичээл тасалсан хүүхдүүдтэй өөрийн биеэр уулзаж ярилцана, хүүхэд хамгааллын асуудлаар эцэг эх, асран хамгаалагчидтай уулзана, багш нарт нь шаардлагатай зөвлөмжийг өгнө гээд хүүхэдтэй холбоотой бүхий л зүйлд гар бие оролцож багшийн чиг үүргийг тасралтгүй хэрэгжүүлж ажилладаг. Хүүхдүүдийг ер нь эерэг тал руу нь яаж ч өөрчилж, засах боломжтой гэж боддог. Гол нь хүүхдийн төлөө гэсэн чин сэтгэл л багшид байх ёстой.

Нийгэмд эмэгтэйчүүдийн оролцоо үгүйлэгдэж байна.

-Та эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрт хамрагдаж байсан. Эмэгтэйчүүд нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд идэвхтэй оролцох, манлайлах нь яагаад чухал вэ, тэд ямар өөрчлөлтөд хүрч чадах бол?

-Монгол улсын нийт хүн амын 51 хувь нь эмэгтэйчүүд шүү дээ. Гэтэл яг сайн анзаарвал оролцоо, манлайллын хувьд эмэгтэйчүүдийн эзлэх хувь маш бага байдаг. Жишээ нь удирдах болон шийдвэр гаргах түвшний албан тушаалд сонгогдсон байдлаараа эрэгтэйчүүд илүү давамгай. Нийгэмд эмэгтэйчүүдийн оролцоо үгүйлэгдэж байна. Уг нь эмэгтэйчүүд аливаа зүйлд гүйцэтгэл сайтай, чамбай, хариуцлагатай хүмүүс байдаг. Тэд нарийн, жижиг зүйлсийг ч орхигдуулдаггүй. Ер нь өнөөгийн нийгэмд тулгамдаад буй асуудлууд жижгийг нь орхиод алс хэтийн том зүйл рүү тэмүүлээд байгаатай холбоотой ч байж магадгүй. Гэтэл эмэгтэйчүүд тэрхүү жижиг зүйлсийг ер орхидоггүй, бүгдийг нь анхаарч, анзаарч хийж хэрэгжүүлэгчид байдаг. Тийм учраас бид жижиг, том бүхий л асуудлаа жендерийн тэгш эрхтэйгээр шийдвэрлээд явах хэрэгтэй. Үүний тулд эмэгтэйчүүдийн манлайлал чухал.

-Улс төрийн оролцоо жендерийн хувьд тэгш байх ёстой гэдгийг олон хүн хүлээн зөвшөөрдөг ч бэлтгэгдсэн эмэгтэй боловсон хүчин хангалттай бий эсэхэд эргэлзэх нь бий. Энэ талаарх таны бодол?

-Эмэгтэйчүүд нам, улс төр, иргэд олон нийтийн дэмжлэггүй байдлаас улбаалаад өнөөг хүртэл манлайлах чадвар, оролцооны хувьд хангалтгүй түвшинд байсан. Харин сүүлийн үед эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоо, боловсролын түвшин, санал авах байдал зэрэг нь нэмэгдэж байгаа. Эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоо нэмэгдсэнээр мэдлэг, ур чадвар өсөж, улс төрийн ойлголтын хувьд ч чадавхжиж байна гэж бодож байгаа. Эмэгтэйчүүдийн манлайлал нэмэгдснээр маш эерэг өөрчлөлт ирнэ гэж боддог. Мөн эмэгтэйчүүдийн манлайлал нэмэгдснээр хүн амын дийлэнх болох эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлууд шийдлээ олоход илүү ойр болно. Тиймээс ялангуяа эмэгтэйчүүд эмэгтэйчүүдээ дэмжих нь чухал.             

-Гэр бүлийн харилцаанд эмэгтэйчүүд илүүтэй ахуйн хариуцлага үүрэх, эрэгтэйчүүд болохоор нийгмийн харилцаа руу чиглэж, ажлын хувьд ч илүү өндөрлөгт байх хэвшмэл хандлага давамгай. Таны хувьд энэ байдлыг ямар харьцаатай байвал зохилтой гэж хардаг вэ?

-Миний хувьд мэдээж гэр бүлийн харилцаа, үүрэг хариуцлага яг эн тэнцүү түвшинд байх ёстой гэж үздэг. Хэдий би ажил төвтэй эмэгтэй боловч гэр бүлээ орхигдуулалгүй, хүүхдээ өсгөх, ажлаа зохицуулах, нийгмийн оролцоонд ч цаг гаргаж аль болох л бүх зүйлийг амжуулахыг хичээдэг. Нөхөр маань намайг дэмждэг, би нөхрийгөө дэмжиж, ойлгодог учраас ямар ч тохиолдолд энэ ажлыг заавал эмэгтэй хүн хийх ёстой, эр хүн хийх ёстой гэх байдлаар ханддаггүй. Хэн нь боломжтой байна, тэр хүн хүүхдээ салхинд гаргана, хоол ундаа хийнэ гэх мэт. Манай гэр бүлийн жендерийн харьцаа тэр тал дээр 50:50 байдаг (инээв). Жендерийн тэгш харьцаатай гэр бүлээс яг л тийм төрлийн харилцааг эрхэмлэдэг хүүхэд төлөвшиж, ирээдүйн бас нэг гэр бүл эрүүл харилцаатай байх болно.

-Орчин үед хүч чадал гэх ойлголт олон ойллого, утгыг илэрхийлэх болжээ. Таны хувьд, хүчирхэг эмэгтэй гэж хэн бэ?

-Хүчирхэг эмэгтэй гэдэг үгийн утга хүн бүрт харилцан адилгүй байж магадгүй. Харин миний хувьд ажил, амьдралаа зэрэгцүүлэн аль алийг нь үр бүтээлтэйгээр зохицуулж яваа, тууштай, дайчин эмэгтэйчүүдийг маш их үнэлж, хүчирхэг байдлыг нь гайхан биширдэг. Өөрөөр хэлбэл хувийн болоод хувьсгалын ажил амьдралаа зохицуулах арга ухаанд суралцсан хүмүүс гэсэн үг. Тиймээс далд утгаараа өндөр боловсролоор өөрийгөө чадавхжуулсан эмэгтэйчүүдийг хүчирхэг эмэгтэй гэж хэлнэ. 

Сонгуулийн ялагдал бол миний хувьд байдаг л зүйл байсан. Харин надад итгэж санал өгсөн маш олон иргэн байсан. Тэр хүмүүст бүгдэд нь талархаж явдаг. Хэдий сонгуульд ялж чадаагүй ч энэ байгууллага, мэргэжлээрээ дамжуулаад нийгэмд сайн сайхан зүйл түгээгээд, өөрийн бодож, зорьж байсан ажлаа хийж бүтээгээд явж байна. Цаашдаа ч хийж бүтээхийг хүсэж байгаа зүйл их бий.

-Харин та өөрийгөө хөгжүүлэхийн тулд ямар байдлаар ажилладаг вэ?

-Хүн өөрөөсөө түрүүнд өөр бусад зүйлийг хөгжүүлэх тухай ярьж эхэлдэг. Гэтэл бусад зүйлийг хөгжүүлэх гээд байгаа хүн нь өөрөө эхлээд хөгжих ёстой. Шавь нараа хөгжүүлэх үүрэг хүлээсэн багш өөрийгөө эхлээд хөгжүүлэх шаардлагатай л даа. Багш байхдаа үүрэг даалгаврыг хэзээ ч ял шийтгэл мэт хүлээж авдаггүй, дээрээс нь аливаа зүйлийг дандаа өөрийн санаачилгаар хийдэг байсан нь надад хөгжих хүсэл тэмүүллийг их өгсөн. Одоо бол өөрийгөө хөгжүүлэх нь бараг миний хобби гэхэд болох байхаа. Би ер нь оролцоонд суурилсан хөгжлийг эрхэмлэж явдаг. Магадгүй оролцож байж би туршлагыг хуримтлуулна, өөрийн чадлын царааг сорино, сул болон давуу талаа олж харна гэх мэт. Ер нь л байнга өөрийгөө хөгжүүлэх боломж хаана, юу байна гээд л хайж байдаг. Сургалтад суухдаа энэ сургалтаар ямар шинэ зүйлд суралцах бол гэсэн хүлээлт дүүрэн суудаг шүү дээ. Тийм хандлага, хүсэл тэмүүлэл их чухал санагддаг. 

-Та Баянзүрх дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан. Сонгуульд өрсөлдсөн алдаа, оноогоо хэрхэн дүгнэж, тэндээс юуг суралцав?

-Сонгууль миний хувьд шинэ зүйл байсан. Танил тал, хөрөнгө мөнгө юу ч байхгүй, таван зуун мянган төгрөгийн цалинтай, жирийн л нэг олон хүүхэдтэй төрийн албан хаагч гэр бүлийн дунд охин. Харин байгаа зүйл нь ямар ч элдэв шуналгүйгээр боломжтой бүх зүйлийг хийж бүтээх хүсэл тэмүүлэл л. Яахав тэгээд залуу хүний хувьд өөрчлөгдөхийг хүлээж, үглэж суухын оронд өөрөө өөрчлөх гээд оролдоод үзье гэж шийдээд сэтгэл шулуудсан нь тэр (инээв). Тэгээд сонгуулийн талаар тодорхой төсөөлөл байсан учраас сэтгэл зүйн хувьд харьцангуй бэлтгэлтэй байсан. Бусдын адил эсрэг нэр дэвшигчдийн зүгээс гүтгэлэг, доромжлол ч надад ирсэн. Тухайн үед худал хуурмаг мэдээлэл, эвлүүлэг зураг хүртэл миний эсрэг гарч ирж цахим орчинд нэлээд түгээгдсэн. Би тухайн үед их балмагдаж, тайлбар хийхгүй өнгөрсөндөө харин харамсдаг. Хүмүүс хуурамч мэдээлэлд итгэдэг юм билээ. Би сонгуулийн дараа сүүлд ойлгосон. Итгэхгүй байх гэж бодсон хүмүүс хүртэл худал мэдээлэлд итгэдэг юм билээ. Тэр ч яахав тэгээд л өнгөрсөн асуудал. Сонгуулийн ялагдал бол миний хувьд байдаг л зүйл байсан. Харин надад итгэж санал өгсөн маш олон иргэн байсан. Тэр хүмүүст бүгдэд нь талархаж явдаг. Хэдий сонгуульд ялж чадаагүй ч энэ байгууллага, мэргэжлээрээ дамжуулаад нийгэмд сайн сайхан зүйл түгээгээд, өөрийн бодож, зорьж байсан ажлаа хийж бүтээгээд явж байна. Цаашдаа ч хийж бүтээхийг хүсэж байгаа зүйл их бий.

-Сонгуулийн системийн талаар та ямар сэтгэгдэлтэй үлдсэн бэ, нэр дэвшигчдийн санхүүгийн зарцуулалт өндөр байгаа нь хэвийн үзэгдэл үү?

-Одоо байгаа энэ сонгуулийн тогтолцоогоор сонгуульд нэр дэвшинэ гэдэг бол над шиг жирийн багш бүсгүйд ахадсан асуудал шиг санагдсан. Бөөн мөнгөний зарцуулалт юм билээ. Эмэгтэйчүүд ар гэр, ажил амьдралынхаа завсарт тэр их санхүү, төсвийг хуримтлуулах, зарцуулахад хэцүү. Миний хувьд сонгуулийг эхлүүлсэн, үнэхээр хүн хүч, санхүү төсөв дутсан боловч эхлүүлсэн ажлаа дуусгах ёстой байсан тул хариуцлагаа үүрээд өрөнд орсон шүү дээ (инээв). Харин маш шударгаар өрсөлдөж явсаар дуусгасан. Сонгуульд өрсөлдөж үзсэн хүний хувьд энэ тогтолцоог үнэхээр өөрчлөх шаардлагатайг ойлгосон. Цаашид хэн илүү бусдыгаа харлуулсан нь биш, их мөнгөтэй нь биш харин хэн хамгийн сайн мөрийн хөтөлбөртэй нь сонгогддог байх бодлогын өрсөлдөөнт зарчим руу шилжих шаардлагатай. Мөн улс төрийн намууд сонгуульд оролцох эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлэх, өнөөгийн тогтолцоотой уялдуулан эмэгтэй нэр дэвшигчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдлаар дэмжээсэй гэж хүсдэг.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Элсэлтийн ерөнхий шалгалтад хэрхэн өндөр оноо авах вэ?
2
17 цагийн өмнө
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
3
Уржигдар
ХААН Банк “Цалинтай дадлагын хөтөлбөр”-өө 6 дахь жилдээ зарлаж байна
санал болгох
1
13 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
15 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
18 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.