Дорнын гүн ухааныг та өндөр уулсын хязгаарт бясалган суугаа лам нараар төсөөлж байна уу? Та ч бас өдөр тутам дорнын гүн ухааныг хэрэгжүүлж чадна. Өдөр тутмын завгүй амьдралдаа амар амгалан зүрх сэтгэлийг цогцлоон, аливаад уужуу ухаалаг хандан, эгэл нэгэн өдөр бүрийг үнэ цэнтэй өнгөрөөн, бүрэн дүүрэн амьдрахад дорнын гүн ухааны дараах гол санаанууд туслах болно.
Нийгмийн стресс, хүмүүсийн бухимдал, гадны сөрөг нөлөөнөөс өөрийгөө хамгаалан, дотоод сэтгэлийн амар амгаланг бүрдүүлсэн байхад бид алзахгүй ээ.
#1 Одоо цагийн хүч
Дорнын гүн ухааны амин санаа болох одоо цагтаа амьдрах нь өнгөрсөн хийгээд ирээдүйг огоорон мартахуйн нэр биш. Одоо цагтаа, одоо байгаа газраа бие сэтгэлийн бүхий л анхаарлаа төвлөрүүлснээр одоо цагийг бүрэн дүүрэн мэдэрч, амьдралын сайн сайхныг талархан таашааж чадна.
Хятадын гүн ухаанч, Доагийн сургуулийн үндэслэгч Лао Зи "Өнгөрсөн бол түүх, ирээдүй бол таавар. Одоо цаг бол бэлэг" хэмээжээ. Бид өнгөрсөнд болсон үйл явдал, ирээдүйд болох бүхэнд санаа чилээсээр одоо цагийг умартвал амьдралыг мэдэрч чадахгүй ажээ.
Жинхэнэ аз жаргал нарны дулаахан илч, зөөлөн салхи, амттай хоол, хайртай хүний инээд гэх мэт амьдралын энгийн баяр хөөрөөс эхэлдэг.
Таны бодол санаа өнгөрсөн, ирээдүйд хөвөн хийссээр байвал гүнзгий амьсгал аваад өөрийн анхаарлаа одоо цагтаа төвлөрүүлэн эргэн тойрноо яг л дөнгөж төрсөн хүүхэд шиг шинэхэн нүдээр ажиглаарай. Та өөртөө цаашид талархах болно.

#2 Тэнцвэрийн ач холбогдол
Орчлон ертөнцийн юмс бүхэн өөр хоорондоо нягт холбоотой. Нэг үйл хэрэг нөгөөд үйлчлэн, амьдралын тэнцвэр хадгалагдсаар байдаг нь удаах дорнын гүн ухааны гол санаа юм. Бие махбод, сэтгэл зүйн эрүүл мэндийн аль алинд тэнцвэр хамгаас чухаг. Бид тэнцвэртэй үедээ саруул ухаанаар бодон сэтгэж, зөв шийдвэр гаргаж чаддаг. Нэг зүйлд хэт анхаарвал өөр нэгэн зүйлийг орхигдуулна. Ажилдаа хэт улайран зүтгээд эрүүл мэндээ гаргуунд гаргадаг. Амьдралын бүхий л амин чухал зүйлстээ ижил тэнцүү анхааран, тэнцвэрийг хадгалахыг хичээгээрэй.
#3 Тавьж явуулахуйн ухаан
Эд зүйл, хөрөнгө чинээ, алдар нэр, атаа хорсол, зовлон гутрал, шунал хүсэл ... Дорнын гүн ухаанд алив бүхнээс чөлөөлөгдсөн зүрх сэтгэл сая амар амгаланг олдог. Ялангуяа материаллаг хүслээс чөлөөлөгдөх үед зүрх сэтгэл цэлгэр тал мэт уужим орон зайг олох болно. Бид бүхнийг удирдаж чадахгүй тул өнгөрсөн дурсамж, дотны хүн, хайр сэтгэл, нөхөрлөлийг ч тавьж явуулах нь уужим ухаан юм.
Өөрчилж чадахгүй зүйлийнхээ эсрэг тэмцэхийн оронд хүлцэн зөвшөөрч, тавьж явуулаад урагшлах хэрэгтэй.

#4 Бясалгалын амар амгалан
Бясалгал бол зүрх сэтгэлийн амар амгаланг олох зам юм. Эргэн тойрон түмэн бужигнаантай, сөрөг эрчим хүчээр дүүрэн, эмх замбараагүй байлаа ч зүрх сэтгэл амар амгалан бол өчүүхэн ч нөлөөлж чадахгүй хүчирхэг дотоод сэтгэлийг цогцлоо. Өдөр бүр 10 минут бясалгаж, аажим аажмаар хугацааг нь нэмэгдүүлээрэй. Амар амгалан өөрөө тань дээр ирэх болно.
Тогтмол бясалгаснаар тэнцвэрийг олж, энх тайван амар амгаланг мэдэрч, амьдралыг одоо цагт мэдэрч чадна.
#5 Ангижирч, тусгаар оршихуйн ач тус
Дорнын гүн ухаанд бүхий л зовлонгийн үндэс нь хамаарал, өмчлөл байдаг. Материаллаг эд зүйлд хэт хамааралтай болсноор бид дотоод амар амгалангаа гээдэг. Хэрэв таны өмчлөх цор ганц зүйл таны зүрх сэтгэл л байвал материаллаг ертөнцөд гээж харуусах, чаргууцалдах, шунах, зовох зүйлгүй болох бус уу?
Гэлээ гээд ангижрахуй нь бусдыг болон эд зүйлийг огт үл тоох гэсэн үг биш. Бид сайн сайхан эд зүйлийг цаг хугацаанд нь таашаан баяр хөөрийг мэдрээд, хэт хамааралгүйгээр ертөнцөд эргүүлэн өгч чаддаг байх хэрэгтэй.

#6 Энэрэн нигүүлсэхүйн хүч чадал
Энэрэнгүй нигүүлсэнгүй сэтгэлээр ертөнцөд хандах нь гэгээрлийн хүч юм. Будда гэгээрэлд хүрэхийн тулд хамаг амьтныг энэрэх нь чухал гэсэн бол Күнзийн сургаалд бусдыг зүгээр л өрөвдөх бус тус дэм үзүүлэхийг сургасан байдаг.
Өрөвдөх сэтгэлгүй удирдагч улсыг захирч чадахгүй
#7 Эгэл энгийн байхуйн аз жаргал

Хорвоо дэлхий байнга хувьсан өөрчлөгдөж байдаг учраас амьдралын энгийн зүйлсийг таашаах бидэнд хэцүү байдаг. Гэвч амьдралаа илүү энгийн, хэрэглээгээ бага, зүрх сэтгэлээ нээлттэй болгож чадвал бид амар амгаланг мэдэрч жижиг зүйлсийг ч хайрлах сэтгэлд суралцдаг.
Нийгмийн стрессээс таныг чөлөөлж, сэтгэлийн амгаланг мэдрүүлэх 12 зэн дадал