Японы тулааны урлагийн их мастер, “Ялагдашгүй” хэмээн дэлхийн түүхнээ алдаршсан Мияамото Мусаши насан өөд болохоосоо өмнө өөрийн сургаалаа бичин үлдээсэн нь “Их мастерын 21 дүрэм” юм. Түүний сургаалыг Японы дунд ахлах сургуулийн сурагчдад тусгайлан заадаг бөгөөд амьдралын тухай эргэцүүлэн, хөлөө ололгүй яваа залуу үеийнхэнд тунгаан санаж явахыг зөвлөдөг аж.

1. Бүх зүйлийг байгаагаар нь хүлээн зөвшөөр.
Аливааг хүлээн зөвшөөрөх нь аз жаргалтай амьдралын эхлэл юм. Хүн хүссэн бүхнээ өөрчилж үл чадна. Уур уцаар, гутрал гуниг мэт сөрөг мэдрэмжээ үгүйсгэн тэмцэхийн оронд байгаагаар нь хүлээн зөвшөөр. Хүлээн зөвшөөрсөн үед алив бэрхшээл илүү авсаархан, хялбар санагдах болно. Хэцүү бэрхээс ихийг сурдгийг сана.
2. Бүгдийг хүслээрээ хийх хэрэггүй.
Хүний хүсэл шунал хязгааргүй. Байхгүй зүйлээ нэхэн санаж, түүнээ л өөрийн болговол аз жаргалтай болно гэж бүү бод. Зорилго тэмүүлэл байх хэрэгтэй ч, түүндээ хүрэх алхам бүрийг аз жаргалтай амьдралынхаа нэг хэсэг болго.

3. Мэдрэмжээ бүү дөвийлгө.
Дээр дурдсанчлан хүний хүслээс гадна, мэдрэмж ч байнга хувьсан өөрчлөгдөж байдаг. Цаг үргэлж аз жаргалтай байх боломжгүй. Үүнтэй эвлэр. Тэнцвэрийг ол.
4. Өөрийн болон хорвоо ертөнцийн талаар гүн гүнзгий бодолтой бай.
Зөвхөн өөртөө төвлөрөх нь гадаад ертөнцийг үзэн ядахад хүргэнэ. Бусадтай хуваалцан, бусдад тусалж, хайрлуулах нь хүний аз жаргалын эх ундарга юм. “Нэг цагийн аз жаргалыг хүсвэл дугхийгээд ав. Нэг өдрийн аз жаргалыг хүсвэл загасанд яв. Нэг жилийн аз жаргалыг хүсвэл эд хөрөнгө ав. Амьдралынхаа турш жаргалтай байхыг хүсвэл бусдад тусла” гэсэн эртний сургаал бий. Даруу бай. Зөвхөн өөрийнхөө төлөө бус бусдын төлөөх сайн сэтгэлийн үйл хий.
5. Хүслээс ангижир.
Буддын ухаанд хүсэл бол шуналын үүд хэмээдэг. Хүсэх сэтгэлээ таягдан хаяж чадвал байгаа зүйлдээ сэтгэл ханамжтай, илүү аз жаргалтай байж, амар амгаланг мэдрэх болно. Үүний төлөө бясалга.
6. Өнгөрсөн зүйлд гашуудан харамсах хэрэггүй.
Өнгөрсөнд юу болсныг хэн ч өөрчилж чадахгүй. Тиймээс болж өнгөрсөн явдлыг нэхэн санаж, сэтгэлээ шаналгахын оронд хуримтлуулсан мэдлэг туршлагаа эргэцүүлэн сана.
7. Хэзээ ч бүү атаарх.
Өөр нэгэн хэрэггүй мэдрэмж бол атаархал. Өөрийгөө үл хайхран, үгүйсгэж бусдыг тахин шүтнэ гэдэг хамгийн дорд үйл юм. Гагц бусдын тусгалаас өөрийгөө олж харахыг хичээ.

8. Бусдаас болж бүү гутар.
Хэн нэгэн биднийг орхин явахад сэтгэл зүрх хоосордог. Гэсэн ч бусдыг явуулж, бусдаас үл хамааран сэтгэлийн хатуужилтай болсон цагт ганцаараа ч, олуулаа ч аз жаргалыг мэдрэх болно. Хоосноор дүүрэн бай.
9. Дургүйцэл, гомдол ямар ч үед балаг тарина.
Юу ч хийхгүй байж гомдож, цөхөрнө гэдэг юу ч үл сурахын тэмдэг. Сэтгэл мэдрэмжийг л сорохоос бусдаар юу ч авчрахгүй. Бусдын үзүүлэх сөрөг үйлийг та өөрчилж чадахгүй ч өөрт хэрхэн хүлээн авах нь гагц танаас шалтгаална.
10. Хүсэл тачаалд бүү хөтлүүл.
Ямар ч хүсэл мэдрэмж цаг зуурын шинжтэй байдгийн адил хүсэл тачаалд ч бүү захирагд.
11. Хязгаараа мэддэг бай.
Юу таныг аз жаргалтай болгодог вэ? Үүнээ эргэцүүлэн тунгааж өөрт бий болгосны дараа “илүү их” гэсэн мэдрэмжээ орхиж сур. Хүсэл шуналд хязгаар байхгүйн адил аз жаргалд ч мөн үгүй. Зогсох цэгээ олж сур.
12. Байгаа орчноосоо өөр бай.
Ургасан хөрсөө илүү сайжруулахыг хичээ. Шавар шалбаагтай газар төрсөн бол шигдэн ургах хэрэггүй. Үсрэн гарч өөрчлөлт хийхэд бэлэн бай. Гэхдээ оногдсон зүйлдээ талархалтай хандаж сур. Өвөг дээдсээ хүндлэн, тэднээс суралцаж, ямагт сайжруулахыг эрмэлз.

13. Амттанд хэт бүү шуна.
Эрүүл, амин дэмтэй хоолло. Амт шимтэй идээ будаа, архи дарсны хэмжээг тохируулан хэрэглэж сурагтун. Эс бөгөөс хорлолд автмой.
14. Бусдын бодолд бүү захирагд.
Бусдад хэрхэн харагдах, бодогдох талаар сэтгэлээ бүү чилээ. Хүн бүр өөрийн хэмжээ хязгаар, харах өнцөгтэй. Шийдвэрийг өөрийн биеэр гарга. Амьдралаа жолоод. Гэхдээ ямар ч үед зөвлөх ухаалаг хүнтэй нөхөрлө.
15. Хэрэгцээгүй эд агуурсаа орхиж сур.
Хэдий их зүйлээс чөлөөлөгдөж чадна, тэр хэмжээгээр эрх чөлөө орон зайг мэдэрч, амар амгалангийн үүд нээгдэнэ. Хэрэгцээгүй зүйлээ бусдад өгч, өөрийгөө тусгаарлаж сураарай.
16. Зэр зэвсгээр бүхнийг шийдэх гэж бүү яар.
Энэ бол самурай хүний амьдралын алтан сургаал. Гэхдээ хүн бүр мөрдүүштэй. Хүн ярих хэлтэй атал хүчээр үзэх гэж бүү яарагтун.

17. Үхлээс бүү ай.
Хэн ч үхлийг тойрч чадахгүй. Тиймээс түүнийг хүлээн зөвшөөр.
18. Хэт их хөрөнгө хэрэггүй зовлого дуудна.
Насан хутаг олох үед хураасан хөрөнгөөр яах билээ? Энэ яваа насандаа үрж үл барам хөрөнгө цуглуулах гэж бүү улайр. Оронд нь аз жаргалыг мэдрэгтүн.
19. Шашин шүтдэг бол хариу нэхэлгүй итгэ.
Өөрийн хариуцлагыг өөрөө хүлээж сур. Бурхан, дээд хүчний зургаар зовж жаргах тавилан гэж байхгүй. Хүн өөрийн ирээдүйг өөрөө бий болгодог.
20. Биеэ гаргуунд гаргах хэрэггүй.
Бардам зандаа хөтлөгдөн эрүүл мэнд, бие махбодоо гаргуунд гаргах хэрэггүй. Эрүүл мэнд үгүйрэх цагт төгсгөл ирэхийг санан, биеэ энхрийлүүштэй.
21. Нэгэн чигийг баримтал.
Зөв замаа олсон бол тууштай даруу сэтгэлийг чандлан урагшил. Цаг ямагт суралцаж, өсөн дэвшихийг чармай.

Эх сурвалж: Hackspirit.com