UBLife Logo
Нийгэм

Миний бодол, үрийн минь хүсэл

Э.Хулан
Э.Хулан
Миний бодол, үрийн минь хүсэл

Ажлынхаа эхлэх цагтай уралдан амьсгаадан орж ирж байгаа өөртэйгээ ижил ээжүүдэд энэ өглөөний мэнд хүргэе. Өглөө гэрээсээ гарахдаа өөдөсхөн охиндоо алтан шаргал өнгөтэй, тоодон палааж өмсгөчихлөө. Хөлд нь хөөрхөн шаахай углачихсан гэж байгаа. Үсийг нь хоёр хувааж боогоод, баантиктай триког нь өмсүүлчихлээ. Ингээд л боллоо доо, миний нүдээр энэ хорвоогийн хамгийн хөөрхөн, бас ганган, тэгээд танхил охин минь. 

Гоёж гоодчихсон охиноо дагуулаад цэцэрлэгийнх нь үүдээр давуутаа л айлын хүүхдийн өмссөн хувцсыг их л шинжингүй хардаг юм, би. “Ямар хөөрхөн цэцгэн хээтэй цув өмсчихсөн охин бэ” гэж дотроо бодоод, ирэх цалингаараа ийм л цув үрдээ авч өгөх тухай өөртөө амладаг. “За за, миний охин анги руугаа гүйгээд орчих. Ээж нь орой гоё чихэр авчирна аа. Хайртай шүү” гэж хэлээд шовхийтэл хацар дээр нь үнсчихээд л гүйхээрээ гараад явдаг юм. 

Үрийнхээ төлөө ажиллаад, цалингаараа цув аваад өгчихдөг би ч бас сайн ангилалд багтах ээж гэсэн үнэлэлт өөртөө өгчихөөд л. Охиноо байдгаараа гангалаад, гоё чихэр жимс авч өгчихөөд миний санаа амарч байна. Гэхдээ тэр минь юу хүсдэг юм бол оо? 

Энэ асуултыг өөртөө тавиад хоёр жил өнгөрчээ. Өлгийдөө үнэгчилж байгаа охиноо анх харахдаа л дээрх асуултыг өөрөөсөө асуусан. Үнэндээ ээж болсон тэр өдөр миний эрх, танхил хүүхэд нас нисээд одчихсон юм шиг санагддаг. Охин төрөх тэр агшинд би ээж болоод, тэгээд хүүхэд насаа мартчихаж. Тэгээд л өөрөөсөө “Миний охин юу хүсч байгаа бол” гэж асуусаар ирлээ. Өнөөдөр, маргаашдаа энэ асуултынхаа хариуг чихэр жимс, ганган бошинз, тоодон даашинзаар хэмжээд л явж байна. Хүүхэд насаа мартсан тэр мөчид ой ухаандаа хүүхдийн хүсэл мөрөөдлийг хадгалж аваагүйдээ харамсаж байна. 

Хүүхэд насны бүүр түүрхэн санаанд буудаг дурсамж, мөрөөдөл бий л дээ. Аав, ээж, ахтайгаа цуг хүүхдийн паркт тоглож, эсвэл хөдөө майхантай аялал хийх юмсан гэж боддог байлаа. Ингэхэд миний охины бяцхан зүрх ингэж хүсдэг юм биш биз? Ээжийнхээ хайрч өгсөн хуушуурыг гартаа атгаад, ахтайгаа уралдаж иддэг тэр үе их дурсамжтай санагддаг. Үр минь бас ийм дурсамжтай үлдэхийг хүсдэг болов уу? Тэгтэл хамгийн сүүлд охиндоо зориулж хэзээ гараа гарган, ямар хоол хийж өгснөө ч санахгүй байна. Яагаад гэвэл ажил төрлөө амьдралтайгаа зэрэгцүүлж амжуулах гэж хичээж яваа залуу ээж шүү дээ, би. Тиймээс надад зав гардаггүй гэж өөрийгөө цайруулж бодож болох. Гэхдээ орой бүр утсаа ширтэж, фэйсбүүк орох завыг өөртөө гаргадгаа дурдахгүй өнгөрч, тас нууж чадахгүй нь. 

Үр минь дээ, үр минь. Ээж нь чинийхээ, бас өөрийнхөө төлөө ч юм уу, эсвэл баталгаатай ирээдүйн төлөө ч юм уу, мэдэхгүй ээ, ажил хийсээр л байна. Гэхдээ чамдаа цаг зав гаргаж, гадаа гаргаж, тоглуулж, амттай хоол хийж өгөлгүй яасан их удаав дээ. Охин минь цэцгэн хээтэй цуванд үнэндээ бол тэгтлээ дурлахгүй. Харин надтай хамт сахилгагүйтэхийг л өдөр нь бодож, шөнө нь үнэгчлэн зүүдэлдэг болов уу. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
31
8
46
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.