UBLife Logo
-

Монголын нэг өдөр : 2016.05.26

Монголын нэг өдөр : 2016.05.26

Уулзалт

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бундестагийн гишүүн, Бундестаг дахь Христосын Ардчилсан Холбоо намын бүлгийн дарга Герда Хассельфелдт, Бундестагийн гишүүн, Бундестаг дахь Христосын Ардчилсан Холбоо намын бүлгийн дэд дарга Макс Штраубингер болон Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифэр Гаалтыг нарыг хүлээн авч уулзав. Хатагтай Герда Хассельфелдт анх удаа Монгол Улсад ажиллаж байгаагаа танилцууллаа. Монгол Улсын ардчилсан хувьсгалын үйл явцыг өндрөөр үнэлдэг болохоо тэмдэглээд, амжилттай болсон нийгмийн шилжилтийн хөгжлийг дэмжиж байдгаа илэрхийлэв. Уулзалтын үеэр талууд улс төр, эдийн засаг болон цаг үеийн асуудлаар харилцан ярилцаж, санал солилцжээ.Мөн Элчин сайд Женифэр Гаалт Ардчиллын түншлэлийн байгууллагын шугамаар АНУ-ын Конгрессын гишүүд Монгол Улсад ажиллах бөгөөд энэ үеэр хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг худалдаа, бизнесийн төлөөлөл хүрэлцэн ирнэ гэв. Энэхүү арга хэмжээ нь хоёр орны бүхий л салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийллээ. Уулзалтын үеэр талууд Ил тод байдлын хэлэлцээрийн талаар санал солилцсон юм. Монголын талаас уг хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгоход анхаарч буйг Улсын Их Хурлын дарга тодотгоод, энэ нь хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, тогтвортой, ил тод байдлыг хангахад чухал болохыг дурдаж байлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

МАХН

МАХН-ын гишүүд, дэмжигчид маргааш Чингисийн талбайд нойтон өлсгөлөн зарлах болсон талаар мэдэгдлээ.  Энэхүү өлсгөлөнд МАХН-ын дарга Н.Энхбаяр, МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамьяан тэргүүтэй хэсэг хүмүүс Чингисийн талбайд маргааш өглөөний 09.00 цагаас зургаадугаар сарын 5 хүртэл өлсгөлөн зарлахаа дуулгав. Н.Энхбаяр, Э.Эрдэнэжамьяан нарын ялтай байгаа хугацаа дуусаагүйгээс УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхээс татгалзсан учир намынхаа хэсэг нөхдийн хамт ийнхүү  нойтон өлсгөлөн зарлахаар болжээ. МАХН-ын өлсгөлөн зарлах хүмүүс өнөөдөр Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд биеэ үзүүлж, өлсгөлөн зарлах бэлтгэлээ базаасан байна. 

Үзэсгэлэн

Хуримын гэрэл зурагчин С.Сайнжаргал “Нандин” гэрэл зургийн үзэсгэлэнгээ “Blue moon” арт галерейд дэлгэлээ. Та хуримын зургаа авахуулах бүтээлч санаануудыг харахыг хүсвэл тус галерейг зориорой. 

Цуур

Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөлөл цуурын олон улсын анхдугаар наадам-симпозиум Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зургаадугаар сарын 4-5-нд болно. Уг сипозиумын хүрээнд цуур, цуур төст хөгжмийн олон улсын уран бүтээлчдийн хамтарсан нөхөрсөг тоглолт, Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгад ирэх сарын 5-нд 17.00 цагаас тоглох аж.

Хяналт, шалгалт

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Цөмийн болон цацрагийн хяналтын хэлтсээс Япон улсаас импортолж буй автомашинуудад цацрагийн хэмжилт хийж эхэлжээ. Учир нь манай иргэд ОХУ-ын хилээр өөрийн эзэмшлийн автомашинаар нэвтэрч байгаа бөгөөд заримаас нь цацрагийн бохирдол илэрч байгаа аж. Үүнтэй холбогдуулан Япон улсаас автомашин импортлохдоо цацрагийн бохирдлын хэмжилт, цацрагийн гэрчилгээтэй автомашиныг сонгохыг анхаарууллаа. Цацрагийн бохирдолтой автомашин оруулж ирэх нь хэрэглэгчийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг алдагдуулж болзошгүй бөгөөд төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хүндрэл учруулж, бизнес эрхлэгчдийг хохироож буйг албаныхан хэллээ.

МАХН

МАХН-ын дарга, гишүүд, дэмжигчид нойтон өлсгөлөн зарлахаар болжээ. Шударга сонгууль явуулах, хүний эрх, эрх чөлөөг хангахыг шаардан тус намынхан маргааш буюу 27-ноос эхлэн өлсгөлөн зарлах аж. Өлсгөлөн зарлах зөвшөөрлөө харьяа дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан бөгөөд хариу ирээгүй учир хаана хийхээ товлоогүйг МАХН-ын хэвлэлийн албанаас хэллээ. Өлсгөлөнд тус намаас сонгогдсон УИХ, Засгийн газрын гишүүд болон энэ удаагийн УИХ-д нэр дэвшихээр горилж байгаа нэр дэвшигчид бүгд оролцох гэнэ. 

МАН

Монгол Ардын намын Бага хурал энэ сарын 27-нд буюу маргааш болж, УИХ-д нэр дэвшигчдийн нэрс тодорхой болох юм. Хурлын явцыг сурвалжлуулахаар хэвлэл мэдээллийнхэнд мандат олгож байгаа бөгөөд хурлын цагийн тов гараагүй байна. 

Сайдын цаг

Пүрэв гараг бүр болдог “Сайдын цаг” уулзалтад Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа оролцлоо. Тэрбээр эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд шинээр батлагдсан хууль болон УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон хуулийн төслүүдийн талаар танилцууллаа. Ирэх сарын сүүлээр болох эрүүл ахуйчдын улсын зөвлөгөөнөөр шинээр батлагдсан Эрүүл ахуйн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон журам, дүрмийг хэлэлцэж, санал авна. Эм, эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууулийг зургаадугаар сарын 3-наас мөрдөж эхэлнэ гэлээ. Өнгөрсөн Засгийн газрын хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулиар эмнэлгийн мэргэжилтэн хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан тохиолдолд 3 жил хүртэлх хугацаагаар эмчлэх эрхийг хасч,  наян сая хүртэлх төгрөгөөр торгох, эсхүл хоёроос найман жил хорих ял эдлүүлэхээр хуульчилсан нь санаатай үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагатай адил хэмжээний ял оногдуулахаар байгаа юм. Иймээс Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж,  эмнэлгийн мэргэжилтэн хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан тохиолдолд түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхээр тусгасан гэлээ.  Мөн Эмнэлгийн мэргэжилтний хариуцлагын даатгалын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон байна.  Хууль батлагдсанаар нөхөн төлбөрийн хэмжээг тогтоож, даатгалын хураамжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хувиар тооцон эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн байгууллага хамтран төлж, багийн хариуцлага хүлээх, алдаагүй олон жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэнд төлсөн шимтгэлийн тодорхой хувийг буцаан олгох эрх зүйн орчныг бүрдүүлэх юм.  Улаанбурхан өвчний тархалт буурч байна. Өнөөдрийн байдлаар өвчлөл 30 гаруй хувиар буурч, Халдвар судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлэгчдийн тоо зуугийн дотор орж ирлээ. Сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлэх хүүхдийн тоо 30 хүрч байсан бол өнөөдөр арав боллоо. Нэмэлт дархлаажуулалтад 531 мянган хүн хамрагдсан нь нийт вакцинжуулалтад хамрагдах хүмүүсийн 83.2 хувийг эзэлж байна. Нэмэлт дархлаажуулалтыг энэ сарын 31-ийг хүртэл сунгаж хийхээр шийдвэрлэсэн гэж Эрүүл мэнд, спортын  сайд С.Ламбаа хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Хэвлэлийн хурал

Дархан-Уул аймгийн Хүний эрхийг хамгаалах төвийн тэргүүн М.Болорцэцэг шударга шүүх, хариуцлагатай шүүгчийг бий болгохын тулд тэмцэх талаар мэдээллээ. Тэрбээр, Дархан-Уул аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2014 оны есдүгээр сарын 29-нд “Цогт цэцээ” компаниа бусдад залилуулсан тухай нэхэмжлэл гаргажээ. Түүний нэхэмжлэлийн эсрэг нөгөө талаас сөрөг нэхэмжлэл гаргаж, хууль бус нотлох баримт бүрдүүлснийг шүүх хүлээж авсан аж. Тиймээс тус аймгийн шүүхийн байгууллагад гомдолтой явдгаа илэрхийлэв. Мөн энэ үеэр М.Болорцэцэг үсээ хусуулж, үүнийгээ шударга шүүхийн төлөө хийж буй тэмцлийн арга зам хэмээн тайлбарлалаа. Тэрбээр  шүүхийн шударга бус тогтолцооны талаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзах хүсэлтэйгээ ч хэлэв. 

Эх сурвалж: www.news.mn

АСЕМ-11

Манай Улсад АСЕМ-ийн Дээд түвшний 11 дүгээр уулзалт эхлэхэд сар гаруй хугацаа үлдээд байна.  Уулзалтын бэлтгэл ажлын талаар  “МОНЦАМЭ” агентлагийн Мэдээллийн төвд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн болон албаныхан мэдээлэл хийлээ. АСЕМ-ийн дээд түвшний уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд дагалдах есөн хурал болно. Үүний  хоёр хурлыг Монгол Улс амжилттай зохион байгуулсан бөгөөд ирэх зургаадугаар сарын 9, 10-нд болох Сангийн сайд нарын хуралдаанд бэлтгэж эхэлжээ. АСЕМ-ийн Дээд түвшний 11 дүгээр уулзалтаар нийт 5000 зочин хүлээн авахаас 40 гаруй орны төрийн тэргүүн, ерөнхий сайд,  1000 орчим хэвлэл мэдээллийнхэн ирэхээр бүртгүүлжээ. Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн “АСЕМ-ийн Дээд түвшний уулзалтад оролцох төр, засгийн тэргүүнүүд байрлах “АСЕМ вилла” хотхоны барилга, тохижилтын ажил дууссан. Одоогоор ногоон байгууламж, цэцэгжүүлэлтийн ажил болон уулзалт хийх “Монгол хотхон”-ы бэлтгэл ажил ид өрнөж байна. Түүнчлэн Их Монгол Улсын гудамж, Олимпийн гудамж, Гандигийн гудамжны уулзвараас урагш “Их тэнгэр”-ийн ам хүртэлх автозамыг ашиглахаар засвар шинэчлэлтийн ажил хийж байна. Энэ ажлыг долоодугаар сарын 1 гэхэд дуусгана. Мөн АСЕМ-ийн энэ удаагийн уулзалт 20 жилийн ойтой давхцаж буй тул Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нийслэлд АСЕМ-ийн 20 жилийн ойн дурсгалт хөшөө босгоно” гэв.

14.30 цагт

“Эрүүл эдийн засаг дахь татварын тогтолцоо” хэлэлцүүлэг "Туушин" зочид буудлын хурлын танхимд болж байна. 

ҮЗХ

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо маргааш хуралдана. Хуралдаанаар УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн нэрсийг эцэслэх юм. Өнөөдрийн байдлаар тус намын анхан шатны нэгжүүдийн ихэнх нь хуралдаж, нэр дэвшигчдээ тодруулаад байна.

Сонгууль

Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар гадаадад байгаа 150 мянган иргэн сонгууль өгөх боломжгүй болсон.  Энэ нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл учраас Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргаад зогсохгүй СЕХ болон Гадаад хэргийн яаманд шаардлага хүргүүлэх болсноо Гадаадад төгсөгчдын холбооноос мэдээлээ. Тэд гадаадад сурч, ажиллаж, амьдарч байгаа иргэд бол нэг талаар хөрөнгө оруулагчид нөгөө талаар улс эх орноо хөгжүүлэхээр зүтгэж яваа боловсон хүчин юм. Гэтэл эх орноо хөгжүүлэхээр яваа бид Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй хэмжээнд хүрээд байна. 2012 оны сонгуулиар бид нэг алхам урагшилж байсан бол энэ удаад буцаад нэг алхам ухарлаа гэж онцоллоо. 

Татвар

Анх удаа орон сууц худалдан авсан, их, дээд сургуулийн сургалтын төлбөр төлсөн иргэдийн татварын буцаан олголтыг өнөөдрөөс өгч эхлэв. Энэ жил өнгөрсөн хоёрдугаар сард татварын буцаан олголтод хамрагдах хүсэлтэй иргэдийг цахимаар бүртгэсэн бөгөөд нийт 75396 татвар төлөгч иргэн тайлангаа татварын албанд өгчээ. Эдгээрээс 71.9 мянга нь хуулийн дагуу буцаан олголт авах эрхтэй болсон юм. Улсын хэмжээнд 44.1 тэрбум төгрөгийн буцаан олголт олгохоос нийслэлийн хэмжээнд 33.1 мянган иргэнд 26 тэрбум төгрөгийн албан татварыг буцаан олгохоор болсон аж. Ингэснээр Татварын газраас баталгаажуулан ирүүлсэн жагсаалтын дагуу татвар төлөгчдийн харилцах данс байршиж буй арилжааны банкуудаар дамжуулан, банкуудтай байгуулсан гэрээний үндсэн дээр татвар төлөгчдөд мөнгийг нь олгож эхэлжээ. 

Хүүхэд

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Нийслэлийн ЗДТГ-аас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн хүүхдүүдийг хамруулсан тусгай арга хэмжээ зохион байгуулна. Нийслэлийн ЗДТГ Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газартай хамтран хөдөлмөр эрхэлж буй 8-13, 14-18 насны нийт 128 хүүхдүүдийг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, үйлдвэртэй танилцуулах аялал, “Сансрын орноор”, “Үлэг гүрвэлийн орноор аялуулах нэг өдрийн аялал хийх юм. Мөн гэр бүлийн болон бусад хүчирхийлэлд өртсөн 150 хүүхдийг үндэсний соёл амралтын хүрээлэнд тоглуулах, “Шидэт автобус” аяллыг зохион байгуулах бол амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн хүүхдүүд болон Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн үйлчилгээний ажилчдын хүүхдүүдэд зориулсан “Баясгалантай багачууд” урлагийн тоглолтыг ирэх сарын 1-нд Монголын хүүхдийн ордонд зохион байгуулах аж. 

Шүүх

Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанаар гишүүдийн 100 хувийн саналаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Н.Лүндэндоржийг сонгон томилуулахаар боллоо. 

Виз

Япон улсын визний журамд өөрчлөлт оржээ. Тодруулбал, Японы талаас урилга, батлан даалтыг заавал шаардахгүй аж. Гэхдээ тухайн иргэн санхүүгийн хувьд Япон улсад зорчих боломжгүй бол дээрх материалыг шаардах юм байна.  Мөн виз мэдүүлэгч нь гэр бүлийн аль нэг гишүүний зардлаар зорчих бол тухайн хүний санхүүгийн баримтыг нэмж өгөх юм. Түүнчлэн тус улсад зорчих зорилгын дагуу бүрдүүлэх бичиг баримтуудын зарим хэсэгт өөрчлөлт оруулжээ. Виз мэдүүлгийн хуудаснаас гадна давхар асуулгын хуудас бөглөдөг болсон байна. Визний хару өгөх хугацааг богиносгон, мэдүүлэг хүлээн авснаас хойш ажлын дөрөв хоногт шийдвэрлэхээр болжээ. 

Авто шоу

“Монголын автомашины дистрибьюторуудын ассоциаци” төрийн бус байгууллагаас “Улаанбаатар Авто Шоу” буюу автомашины салбарын нэгдсэн үзэсгэлэнг энэ сарын 27-29-нд “Мишээл” экспод зохион байгуулна. Энэхүү үзэсгэлэн хоёр дахь жилдээ болж буй юм. Энэ үеэр дэлхийн шилдэг автомашины брэндүүдийн албан ёсны диллер, дистрибьютер компаниуд 0 км-тэй шинэ, шилдэг загваруудаа баталгаат засвар үйлчилгээ, сэлбэгийн хамт  худалдаа маркетингийн хамгийн таатай нөхцөлтэйгээр санал болгох аж.

Мал аж ахуй

Бүгд Найрамдах Франц Улсын Парис хотноо энэ сарын 22-27-нд Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын Дэлхийн Ассамблейн 84 дэх удаагийн Ерөнхий чуулга болж буй. Уг чуулганд манай улсаас Хүнс, Хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд оролцож байна. Тэрбээр чуулганы үеэр тус байгууллагын Ерөнхий захирал Моник Элуатай ажил хэргийн уулзалт хийжээ. Уулзалтад Монгол улсаас Франц улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт элчин сайд М.Батсайхан болон бусад албаны хүмүүс оролцов. Энэ үеэр Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд Монгол Улсын Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг боловсруулахад үзүүлсэн техник туслалцаа, зөвлөмжийг хуулийн төсөлд тусган ажиллаж байгааг дурдав. Түүнчлэн Ерөнхий Чуулганаар Монгол улс шүлхий өвчинтэй тэмцэх Үндэсний хөтөлбөрийг хэлэлцүүлж батлуулах, Зүүн хойд азийн шүлхийн хяналтын хөтөлбөрт нэгдэн орох асуудлыг шийдвэрлэх бөгөөд цаашид Монгол Улсын төвийн бүсийг Олон улсын худалдааны хорио цээрт малын гоц халдварт өвчингүй тайван бүс болгоход ДМАЭМБ-ын туслалцаа дэмжлэг чухлыг онцлов. Харин ДМАЭМБ-ын Ерөнхий захирал Моник Элуа Монгол Улс тус байгууллагын гишүүнээр элсээд удаагүй боловч хамгийн идэвхитэй үйл ажиллагаа явуулж, богино хугацаанд ахиц дэвшил гаргасан цөөхөн орны нэг гэдгийг онцлон тэмдэглэсэн. Түүнчлэн нүүдлийн мал аж ахуйг хөгжүүлэх улмаар малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох Монгол Улсын Засгийн газрын бодлогыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Мөн мал амьтны өвчнөөр тайван, эрүүл орон болох ялангуяа эрүүл бүс байгуулахад  хил залгаа орнуудын хамтын ажиллагаа, тэдний дэмжлэг, Монгол улсын Мал эмнэлгийн албаны бүтэц, хууль эрх зүйн орчныг шинэчлэх нь их чухал үүрэгтэйг онцлон тэмдэглээд цаашид энэ асуудлаар ДМАЭМБ туслалцаа үзүүлэн хамтран ажиллана гэдгээ илэрхийлэв.

Тэмцээн

Монгол улсад барилгын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн угтан барилгын мэргэжилтэн, мэрэгшсэн ажилчид, МСҮТ-д засал, өргийн мэргэжлээр суралцаж байгаа оюутан, залуусын дунд “Өрөг угсрагч”, “Хавтанцар наагч”- ийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулахаар болжээ. Тэмцээний хоёр төрөлд тус бүр 10 баг оролцох бөгөөд шагналын сан нь зургаан сая төгрөг байх аж. Тэмцээн энэ сарын 28-нд “Дүнжингарав” худалдааны төвийн задгай талбайд болно.  Тэмцээн нь барилгын салбарт өрөг угсрагч, хавтанцар наагчийн чиглэлээр ажилладаг мэргэшсэн ажилчид, энэ чиглэлээр суралцаж байгаа оюутан залуусын ур чадварыг дээшүүлэх, цаашлаад олон улсын тэмцээнд оролцох авьяас чадвартай мэргэшсэн ажилтныг шалгаруулахад ихээхэн ач холбогдолтой гэж зохион байгуулагчид үзэж байна.

11.20 цагт

“Туушин” зочид буудлын "Сүлд" танхимд “Хэрэглээний статистик: Сургалт, судалгаа ба бизнесийн инноваци” Олон улсын хурал болж байна. Энэхүү хурлыг Дэлхийн банкны “Ухаалаг засаг” төслийн хүрээнд Улсын бүртэл статистикийн ерөнхий газар, МУИС, АНУ-ын Алабамагийн их сургууль, Йелийн их сургууль, Пенсилвани мужийн их сургуультай хамтран энэ сарын 24-26-нд зохион байгуулж байгаа юм. Уг хуралд 100 гаруй төлөөлөгчид оролцож байна.

11.10 цагт

Нийслэлийн ЗДТГ, Нийслэлийн биеийн тамир, спортын газраас “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах “Улаанбаатар марафон-2016” олон улсын гүйлтийн тэмцээний арга хэмжээний талаар мэдээлж байна. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу. 

Цаг агаар

Энэ сарын 27-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн хойд хэсгээр, 28-нд төвийн нутгийн зарим газар, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 29-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 30-нд Хангайн уулсаар хур тунадас орно. Салхи 27-нд ихэнх нутгаар, 28-нд говь талын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна. 27-нд нутгийн баруун хагаст, 28-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 17-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр дулаарна.

11.30 цагт

Монгол-Японы төв дээр Ази-Европын олон улсын V чуулган болж байна. Энэ үеэр Ази-Европын интеграцид хэрхэн оролцох боломжтой талаарх олон улсын болон дотоодын судлаачид илтгэл тавьж байна. 

ТҮЦ

“АСЕМ-11” уулзалтын бэлтгэл, 2016 оны хот тохижилтын ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд тохижилт, ногоон байгууламж, авто замын ажил эхэлсэн. Энэхүү ажлын хүрээнд автозамын трасст орсон, орц гарц хааж байрласан, тохижилт хийх, мод бут сөөг тарих байршилд байгаа зөвшөөрөлгүй түргэн үйлчилгээний цэг, контейнеруудыг нүүлгэн нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж байна. Нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөхийн өмнө эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж байгууллагад удаа дараа албан бичиг, шаардах хуудас өгсөн ч холбогдох арга хэмжээ аваагүй тохиолдолд албадан нүүлгэдэг аж. Чингисийн өргөн чөлөө буюу Төв номын сангийн хажууд байрлах түргэн үйлчилгээний цэгийн эзэмшигчдэд урьдчилан мэдэгдэж, шаардах хуудас хүргүүлсэн ч нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөөгүй байна. Тиймээс Сүхбаатар дүүргийн Засаг даргын албадан нүүлгэх захирамжийн дагуу Сүхбаатар дүүргийн Өмч газрын харилцааны албанаас журмын хашаанд түргэн үйлчилгээний цэгийг зөөвөрлөн байршуулж нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлжээ. Цаашид төв зам дагуу нийтийн эзэмшлийн зам талбайд байрласан зөвшөөрөлгүй түргэн үйлчилгээний цэгүүдийг зөөвөрлөн шилжүүлэх ажлыг холбогдох дүүргүүд хариуцан зохион байгуулж, эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжид урьдчилан мэдэгдэнэ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. 

Хүүхдийн баяр

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын нэгдсэн арга хэмжээ зургаадугаар сарын 1-нд Чингисийн талбайд 11:00 цагаас эхэлнэ. Энэ удаагийн хүүхдийн баярыг “Ном”, “Авьяас”, “Багшийн хөтөлбөр”-ийн үр дүнг олон нийтэд танилцуулах, хүүхдийн авьяас, ур чадвар, амжилтыг сурталчлах, алдаршуулах зорилгоор Нийслэлийн Боловсролын газраас зохион байгуулж байна. Тиймээс хүүхдийн баярт энэхүү хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байгаа сургууль, цэцэрлэгийн авьяаслаг хүүхэд багачууд оролцох юм. Тухайлбал,  500  хүүхэд бишгүүрээр  Төрийн шагналт, Ардын жүжигчин, Монголын хөгжмийн театрыг үндэслэгчдийн нэг, удирдаач, хөгжмийн зохиолч Ц.Намсрайжавын хөгжим “Халуун элгэн нутаг” аялгууг хөгжимдөж, Төрийн соёрхолт ардын жүжигчин хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Монгол аялгуу”-г  500 морин хуурч хүүхэд  тоглож сонирхуулах юм байна.  Мөн 1000 хүүхэд  хүүхдийн баярт зориулан найрал дуу дуулж, Уран хөдөлгөөнт гимнастикийн улсын аварга шалгаруулах тэмцээний гурван удаагийн аварга Баянгол дүүргийн 185 дугаар цэцэрлэгийн хүүхдүүд, Баянгол дүүргийн 85, 94, 157, Баянзүрх дүүргийн 61, Сонгинохайрхан дүүргийн 113 дугаар цэцэрлэгийн хүүхдүүд, Чингэлтэй дүүргийн 50-р сургуулийн 2000 гаруй хүүхдүүд уран хөдөлгөөнт гимнастик хийнэ. Энэ үеэр 1000 хүүхдийн парад алхаж баяр хүргэхээс гандан хүүхдүүдийн бүтээлийн үзэсгэлэн, сургуулийн үдийн цай, цэцэрлэгийн хүүхдүүдийн хоолны амталгаат худалдааг зохион байгуулахаар болжээ.

Энэ өдрийн лавлах

Цахилгаан шугам, тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарийн дагуу өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Баянгол, Налайх, Багахангай дүүрэгт цахилгаан хязгаарлана. Тус газруудын аль хэсэгт цахилгаан хязгаарлахыг эндээс харна уу.

Өнөөдөр Улаанбаатарт өдөртөө 20-22, шөнөдөө 0 градус дулаан байна. Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 

Зуны тэргүүн харагчин могой сарын таван шар мэнгэтэй шар бич өдөр. Билгийн тооллын 20.Үс засуулбал: Өлсөж ундааснаНаран ургах, шингэх: 05.12-20.33Барилдлага: Үл тохирох Шүтэн барилдлага: Мунхрахуй Суудал: ГалАргын тооллын тавдугаар сарын 26, бархасвадь гараг. Билгийн тооллын 20, элдэв тэнгэртэн одтой, шар бич өдөр. Өдрийн наран 5 цаг 12 минутад мандан, 20 цаг 33 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөөн хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
48
45
30
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.