Аялалд гарахад бэлэн үү? Мөнх цаст Отгонтэнгэрээр аялж, байгалийн сонин содон тогтоц, гайхамшигийг мэдрэх сонирхолтой аялалыг энэ удаагийн цувралаар хүргэж байна. Завхан аймгийн нутгаар аялахыг зорьж байгаа танд гурван төрлийн маршрут санал болгож байна.
Төвийн буюу Отгонтэнгэрийн чиглэл: Энэ чиглэлд мөнх цаст Отгонтэнгэр уул, Бадархундага нуур, өвөрмөц тогтоц бүхий гол нуур, халуун хүйтэн рашаан олон бөгөөд Отгоны амралт, Даян амралтанд аялж, орон нутгийн ховор нандин зүйлсийн баялаг үзмэрт музейг үзэх боломжтой байна.

Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэрийг, түүний орчны уулсыг оролцуулсан 955 ам км талбайг хамруулан 1992 оноос дархлан хамгаалж байна. Отгонтэнгэр уулын ноён оргил нь далайн түвшнээс дээш 4008 м өндөр өргөгдсөн бөгөөд түүний 3752 м-ээс дээш өндөрт мөнх цастай юм. Мөнх цасны хилээс доохно уулын энгэрт дархан газрын бүсэд Бадархундага гэдэг үзэсгэлэнт нуур бий.

Илбийн юм шиг хосгүй сайхан
Ихэр ботго шиг хорвоод ховор
Сэрүүн хангайн хос цэцэг
Сэтгэл бахдам гоёмсог ургажээ хэмээн дуунд мөнхөрсөн мөнх хайр бэлгэдсэн үзэсгэлэнт вансэмбэрүүг та харах боломжтой.

Хангайн нурууны ноён оргил болох мөнх цаст Отгонтэнгэр уулын бэлд Бадархундага хэмээх үзэсгэлэнт нуур оршдог. Эл нуурыг Очирваань бурхны тахилын аяга хэмээн нэрлэх нь бий. Учир нь монголчууд эрт цагаас Бадархундага нууранд хүслээ шивнэн, мөнгөн ембүү өргөдөг байжээ. Домогт өгүүлснээр хэрэв нуур өргөлийг хүлээн авбал тухайн хүний хүсэл биелж, өргөснөөсөө хэд дахин ихийг эргүүлэн авдаг аж.

Отгон тэнгэрийн баруун талд харуул мэт сүндэрлэх Их даян, Бага даян хэмээх хоёр сүрлэг хайрхан бий. Энэ ууланд Отгонтэнгэрийн бүсийн ховор ургамал болох вансэмбэрүү, хонин арц, алтан гагнуур, жамъянмядаг зэрэг эмийн ховор ургамлууд олон байдаг ажээ. Орой дээрээ хэсэг хавтгай газартай ба голд нь тайхар чулуу байдаг. Уулын дээрээс тэртээд харагдах Алтайн хөх уул, Монгол элс зэрэг ойр орчмын өндөр хайрхан уулсууд алган дээр тавьсан мэт үзэсгэлэнтэй харагддагаас үүдэн нутгийн иргэд “Даянгийн оргилоос дэлхий харагдана” гэцгээдэг байна.

Завхан аймгийн Тэс суманд оршино. МЭӨ 3000 жилийн үеийн хүрлийн үеийн буган чулуун дурсгал бөгөөд уг чулууны нэг онцлог нь мод чулуугаар цохиход яг хөндий төмөр шиг дугардаг байна.

Сэнжит цохио. Сэнжит цохио нь сумын төвөөс зүүн хойд зүгт оршдог, ДТД 2773м өндөрт өргөгдсөн байна. Энэ газар элсэн манхат бүхий уулын оройд 10м өндөр, 6-8м өргөн, боржин чулуун байгалийн хаалга мэт өвөрмөц тогтоцтой, ойр орчимын үзэсгэлэнт газар элбэгтэй байдаг.Говийн чиглэл: Энэ чиглэлд говийн унаган төрхөөрөө байгаа байгаль, байгалийн элдэв сонин тогтоц болоод тэмээний аж ахуйтай танилцах бүрэн боломжтой. Яруугийн хүрээний туурь, хүн чулуун хөшөө, буган чулуун хөшөө зэрэг өнө эртний түүх дурсгалын өвийг үзэх бүрэн боломжтой.

Цайз хэрмийн туурь. Завхан аймгийн Тэс сумын Дооно багын нутагт, сумаас баруун хойш 5км зайд уулын оройд байдаг түүх соёлын том өв болсон газар. XIV -XVII зууны барилга, архитектурын ховор дурсгал , цэрэг шашин зориулалттай ашиглагдаж байсан ул мөртэй. Харуулын цамхаг ч болж байсан.

Яруугийн хүрээний туурь

Бор хярын элсэн манхан. Хүнгүй голын савд орших манхат их элс, 180 км урт, 15 км өргөн, 1500 гаруй ам км талбайтай.

Нутгийн ахуй соёлоос тэмээний аж ахуйн талаарх мэдлэг, мэдээлэлтэй болох бүрэн боломжтой юм.
Хангайн чиглэл: Булнай, Тарвагатайн нурууны үзэсгэлэнт сайхан байгаль, гүн уст нуурууд, газрын хагарал, нүүдлийн шувууд, хийдийн балгас, халуун, хүйтэнд рашаанд эмчилгээ сувилгаа хийлгэх завиар зугаалах, шувуу, амьтан ажиглах, спорт агнуур хийх гээд олон ч сонирхолтой зүйлс таныг хүлээж байна.

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт орших Улаагчны хөх нуур нь хойд талаараа элсэн манхнаар, урд талаараа зэгсээр хүрээлэгдсэн хосгүй үзэсгэлэнт газар юм. Аймгийн төвөөс 110 км, Эрдэнэхайрхан сумаас 80 кс зайд оршино. Эргэн тойронд нь Товхошийн сүрлэг уулс бий.
Түүнчлэн Цагаан нуур, Ногоон нуур, Баян хар нуур зэрэг олон нуур цөөрөм, үзэсгэлэнт байгалиар аялах бүрэн боломжтой.