
26 настай Ноа Чюрч Портландад гал сөнөөгчөөр ажилладаг. Тэр есөн настайдаа интернэтэд анх эмэгтэй хүний нүцгэн зураг олж харжээ. Удалгүй тэрбээр “том хүний” дүрс бичлэг татаж сурсан бол 15 настай байхад нь онлайнаар контент үзэх боломжтой болов. Ингээд өдөрт цөөнгүй удаа тийм төрлийн юм ганцаараа үзэж буй хүмүүсийн хийдгийг хийж суух болсон аж.
Хэсэг хугацааны дараа тэдгээр бичлэг сэрлийг нь хөдөлгөхөө больж, арай өөр төрлийн бичлэг эрж эхэлжээ. Дан эмэгтэйчүүд, нэг эмэгтэй ба нэлээд хэдэн эрэгтэйтэй бичлэгүүд. Заримдаа бүр хүсээгүй эмэгтэйд хүрч буйг үзнэ. Тэр “Төсөөлж байсан бүхнээс гадна төсөөлөлд минь огт байгаагүй зүйлсийг би олж үзсэн” хэмээн ярив. Дараа нь сонирхол нь бүр ч хүнд, хүчирхийлэлтэй зүйлд тэмүүлж эхэлсэн аж.
Ахлах ангид байхдаа Ноа анх удаа бодит хүнтэй бэлгийн хавьталд орж үзжээ. Хоёулаа бие биедээ таалагддаг байсан ч хүүгийн бие охиныг ер сонирхсонгүй. “Бие, сэтгэл хоёр маань өөр өөрийг хүсээд байсан” хэмээн тэрбээр дурслаа. Нэг л болохгүй байсныг тэр анхны сексийн өмнөх сандрал гэж бодоод өнгөрчээ. Гэвч энэ явдлаас хойших зургаан жилийн хугацаанд ямар ч эмэгтэйтэй байсан бие нь яг л тийм “таг” байж. Порно л үзэхгүй бол өнөөх нь чангарахгүй байлаа. Энэ үзэгдлийг порногоос үүдэлтэй бэлэг эрхтний үйл ажиллагааны гажуудал (PIED) хэмээн нэрлээд буй.
Өсвөр насандаа порно үзсэнээс болж тархи нь жам ёсны сэрэлд хариу үйлдэл үзүүлэхээ больсон залуу улам олширсоор. Энэ үеийнхэн цаашдын амьдралынх нь хэв маягийг тодорхойлох насандаа “+18” контентийг урьд хожид байгаагүй их хэмжээ, хувилбараар, нуухад тун ч хялбар төхөөрөмжөөр үзсэн байна. Тэд өөрсдөө ч мэдэлгүй шинжлэх ухааны “туршилтын туулай” болж.
Ингээд тэд порногоос татгалзахад туслах нийгэмлэг байгуулж, аппликэйшн зохион, зөвлөх үйлчилгээ үзүүлэх болжээ. Шашин, феминизмд итгэгчдэд шүүмжлүүлсээр ирсэн порно энэ удаа хамгийн үнэнч хэрэглэгчдийнхээ дайралтад өртөв.
Порногийн сөрөг нөлөө их. Эмэгтэйчүүдийг үнэгүйдүүлж, хүчирхийлэх зан авирт дасгадаг гэх мэт. Ийм ч учраас Их Британийн Засгийн газар өнгөрсөн хоёрдугаар сард хэрэглэгчдийн насыг үл харгалзан дүрс бичлэг нэвтрүүлсэн порно сайтуудад торгууль оноохоор шийдвэрлэсэн. Дараахан нь АНУ-ын Юта мужийн захиргаа порно олон нийтийн эрүүл мэндэд заналхийлж байна хэмээн тодорхойлсон юм. Тус мужийн сенатч Тодд Вэйлер “Starbucks”, “McDonald’s” зэрэг олон нийтийн газрын wi-fi сүлжээгээр порно үзэх боломжгүй болгох саналтай байгаа аж.

28 настай Гэйб Димийн хувьд порно яг л гэрийн даалгавар, арьсны асуудал шиг өсвөр насных нь нэгэн хэсэг байж. Тэр “Порно хаа сайгүй, үзнэ гэдэг ердөө ч ичмээр хэрэг биш байлаа” хэмээн дурсав. Нэг удаа дурласан охинтойгоо унтах гээд чадаагүй Гэйб эмнэлэгт очиж “Би тестостероны дутагдалтай болчихсон юм шиг байна” гэхэд эмч нь инээдээ барьж дийлээгүй аж. Секс хийж чадахгүй байгаа шалтгаанаа есөн сарын дараа л хэлсэн хэмээн тухайн үед үерхэж байсан найз охин нь ярьсан юм. Одоо тэр порнод донтсон залууст зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “Reboot Nation” нэртэй онлайн сувагтай болжээ.
Яг ийм асуудалтай тулгарсан Александр Роудс өнгөрсөн онд “Google”-ийн ажлаа орхиод дээрхтэй төстэй NoFap.com (fap гэдэг нь гар хангалга гэх утгатай) хуудсыг нээсэн аж. Программ хангамжийн мэргэжилтэй аав нь компьютер ашиглахыг огт хориглодоггүй байв. 14 настайдаа Александр өдөрт 10 хүртэл удаа порнотой “нөхцдөг” болсон байж. Улмаар порногоос салахыг оролдсон хэд хэдэн бүтэлгүй оролдлогынхоо дараа 2013 онд л нэгмөсөн татгалзаж чадсан гэнэ.
АНУ-ын үндэсний эрүүл мэндийн институтээс 1992 онд судалгаа хийхэд, чалх нь суларсан эрэгтэйчүүдийн таван хувь нь 40-өөс доош насныхан байв. Харин 2013 онд энэ үзүүлэлт 26 хувьд хүрчээ. Швейцарьт 2012 онд явуулсан судалгаагаар, бүр 18-25 насны гурван залуу тутмын нэг нь бэлгийн сулралтай байжээ. ВИАГРА зэрэг эм, бэлдмэл, стресс, хэт таргалалт, сэтгэл зүйн хямрал, согтуурал гээд бэлгийн сулралын олон шалтгаан бий ч порногийн нөлөөг үгүйсгэх аргагүйг мэргэжилтнүүд хэлж байна. “Кино шиг секс л тэдэнд таашаал өгдөг” хэмээн анагаах ухааны доктор Ажай Нангиа ярилаа.
“Youtube” (2005 онд нээгдсэн) тэргүүтэй видео сайтуудад сонирхогчоос эхлээд мэргэжлийн “порночид” хүртэл хүссэн бүхэн бичлэгээ тавьдаг. Порно сайтуудад 2006 онд АНУ-аас сард 58 сая хэрэглэгч холбогддог байсан бол арван жилийн дараа энэ тоо 107 саяд хүрсэн байх юм. “+18” контентийн хамгийн том сайтуудын нэг “Pornhub”-д цаг бүр 2.4 сая хүн холбогддог. Зөвхөн өнгөрсөн онд л гэхэд дэлхий даяар 4.392 их наяд цагийн порно үзсэн нь манай гарагт хомо сапиенсийн оршин байгаа хугацаанаас их гээд бод доо.
Шувуудын секс? Энд. Пандагийнх? За. Интернэтэд порно үзнэ гэдэг бүх төрлийн хоолны сонголттой ресторанд хооллохтой адил. Хүүхдүүд үүнд амташжээ. Эрэгтэй хүүхдүүд дунджаар 12 насандаа порно үзэж эхэлдэг гэх дүгнэлт “Journal of Sex Research”-д байна. Эмэгтэйчүүд порнод донтох нь түгээмэл биш ч бас л бий. Охидын хувьд порногоор өвчилсөн нийгэмд амьдрахын шалтгаан бэлгийн сулралтай залуутай учрахаас эхэлнэ. Хөвгүүд охидоос порно одод шиг жүжиглэхийг шаардах нь элбэг үзэгдэл болж.

Орегоны их сургуулийн профессор Гари Уилсон “yourbrainonporn.com” (YBOP) сайтыг үүсгэн байгуулагч. Түүний сайт, ижил нэртэй номоос нь байнгын порно хэрэглээ, бэлгийн сулралын уялдаа холбооны талаар өргөн мэдээлэл авч болно. “Энд зөвхөн контентийн бус, хүргэх хэлбэрийн талаар ярьж байгаа юм. Порно бичлэг тоолшгүй олон, төлбөргүй, түргэн. Сэрэл нь жаахан л буураад ирвэл тэр дор нь өөрийг үзэж болдог учраас сексээс байнга шинийг хүлээдэг болчихдог” хэмээн Г.Уилсон онцлов. Порно үзэх давтамж, энэ үеэр эрс өндөрсдөг дофамин даавар хэрэглэгчдийг улам донтуулдаг гэнэ. “Экстрим, цочрол, гайхашрал, бухимдал дофаминий ялгарлыг ихэсгэдэг. Дур тавихын тулд тэд энэ бүхнийг зэрэг мэдрэх хэрэгтэй болдог гэсэн үг” хэмээн тэрбээр ярилаа.
Бусад эрдэмтэн порно, бэлгийн сулралын хооронд шууд холбоо байхгүй гэлцдэг. “Секс донтолтын тухай буруу ойлголтууд” номын зохиогч Дэвид Лэй “Порно үзэгчдийн дийлэнх нь бэлгийн ямар нэг асуудалтай тулгардаггүй” гэв. Хорватын Загребийн их сургуулийн эрдэмтэд Европын гурван орны 4000 орчим залуугаас судалгаа авахад порно, бэлгийн сулрал хоорондын холбоо тун бага ажиглагджээ.
Мэдрэл судлаач, сэтгэлзүйч Николь Прос порногоос үүдэлтэй бэлэг эрхтний үйл ажиллагааны гажуудалд мөн л итгэдэггүй. Тэр “Бэлгийн сулралын голлох шалтгаан мансууруулах, согтууруулах бодис, сэтгэлийн хямрал хэвээр байгаа” гэв. Гэхдээ өсвөр, идэр насны залуус порногүйгээр дур тавьж чадахгүй байгаа бол асуудал байна л гэсэн үг. Гэйб Дим бэлгийн сулралтай болсон нь порногоос өөр шалтгаангүй гэдэгт итгэлтэй байдаг. “14 настайгаасаа бэлгийн харилцаанд тогтмол орсон гэхээр туршлагагүйтсэн гэх үндэслэлгүй. Бялдаржуулах төвд явдаг тул таргалалттай холбоотой байх учиргүй. Хар тамхи бараг хэрэглэж байгаагүй. Сексийн үеэр сандарсантай ч холбоогүй” хэмээн тэрбээр ярилаа. Өрөөндөө тайван суугаад гар хангалга хийх гэсэн ч болдоггүй байж. Харин “компьютерээ асаагаад порно нээмэгц л…”.
Макс Планкийн нэрэмжит институтийн судлаачид порно байнга үзэгчдийн тархинд MRI бичлэг хийхэд таашаал өдөөгч хэсгийн үйл ажиллагаа нь саарсныг ажиглажээ. Түүнчлэн тэд таашаалд үзүүлэх хариу үйлдлээ удаашруулж, барьж дийлдэггүй гэх дүгнэлтэд хүрсэн байна. Кэмбрижийн их сургуулийн эрдэмтдийн 2014 онд судалснаар, иймэрхүү донтолттой хүмүүс порнод яг л хар тамхичид мансууруулах бодис хардаг шиг ханддаг аж.
Порногийн дон эмч, эрдэмтдийн дунд томоохон маргаан үүсгэдэг. Мөрийтэй тоглоом, хоол зэрэг амьдралын хэв маягаас үүдэлтэй донтолтыг согтууруулах болон мансууруулах зэрэг бодисын гаралтай донтолттой харьцуулах нь буруу гэж зарим нь үздэг. Зүгээр л сексэд дуршилтай хүмүүсийг донтсон гэж буруутгаж байгаа нь асуудлыг улам гааруулах хандлага гэж Николь Прос үзэж байна. Харин энэ төрлийн судалгаагаар мэргэшсэн Валери Вун үүнийг донтолт гэдэгт эргэлзэхгүй байгаа. “Бодисоор донтуулах нөлөөгүй ч порно яг хар тамхи шиг үйлчилдэг” хэмээн Стэнфордын их сургуулийн профессор Филип Зимбардо түүнтэй санал нийлэв.
Порно үзэхээс өөр юм хийхээ бараг больчихсон өсвөр насныхны бие физиологи нь бүрэн төлжиж, идэр насанд хүрэх үед таашаалын функц нь буурчихсан байх нь олонтаа.
Жон Хопкинсийн их сургуулийн невролог Брайан Андерсон визуал (зурагт) өдөөгчийг эсэргүүцэхэд илүү хүнд байдгийг харуулсан судалгаагаа өнгөрсөн хоёрдугаар сард нийтэлсэн. Харах мэдрэхүйгээр авсан таашаал хүчтэй учраас бусад өдөөгчийг бүдгэрүүлдэг хэмээн тэрбээр онцлов. Аажимдаа төстэй бүхий л зураглалууд порног санагдуулж эхэлнэ.
Порнод донтсон залууст нойргүйдэл, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг ажиглагджээ. Ахимаг насны эрчүүд бодит туршлага харьцангуй ихтэй учраас хялбархан татгалзаж чаддагийг Ноа Чюрч ярьж байлаа. Харин тэр дадлаасаа ангижирсны дараа “Миний төвлөрөх чадвар, нийгмийн идэвх сайжирч, өөртөө итгэх итгэл, сэтгэл хөдлөлийн түвшин нэмэгдсэн” гэв.
“Порно үзэхгүй байна гэдэг тэмцлийнхээ талдаа хүрлээ гэсэн үг” хэмээн “Brainbuddy” аппликэйшнийг зохиогч Дэвид Эндакотт ярилаа. Түүний хэлснээр, дадлаасаа бүрэн ангижрахын тулд тархиндаа компьютерээр дамжуулан таашаал авах өөр аргуудыг зааж өгөх хэрэгтэй. Порно үзэх хүслээ дарахад нь туслах үүрэгтэй “Brainbuddy”-г одоогоор 300 мянга гаруй хүн татаад буй.
Порно үзэх дадлаас үүдэх асуудлуудыг өсвөр насны хүүхдүүдэд таниулахыг тэд зорьжээ. Гэйб Дим өсвөр насандаа хичээлийнхээ сэдвээс кокаины хөнөөлийг олж мэдсэн учраас хол байж чадсанаа онцлов. Порно дадлаас яг энэ мэтээр сэргийлж, бэлгийн эрүүл мэндийн хичээлд багтаагаасай гэж тэр хүсдэг аж. “Би хүүхдэдээ интернэт порно, түргэн хоол, хар тамхи сайхан санагдавч яваандаа таашаал авах чадварыг үгүй хийдгийг хэлж өгнө” хэмээн Гэйб ярилаа.
Гэвч сургалтын хөтөлбөрт порног багтаана гэдэг бүтэшгүй зорилт гэлтэй. Хор хөнөөлийг нь шинжлэх ухаанаар баталлаа ч сургуулиуд хүүхдэд порно танилцуулсан хэрэгт орохыг хүсэхгүй нь лавтай. Эцэг эх, багш нар энэ сэдвээс зайлсхийдэг. Гэтэл бодит байдал дээр орчин цагт өсөн торниж буй хүүхдүүдийн танин мэдэхүйн энэ хоосон зайг бөглөж, хүүхдэд сексийн “боловсрол” олгогч гол суваг нь порно болчихоод байна.
Тэвчих, сэргийлэхэд сурахыг заадаг бэлгийн боловсролын хичээл хүүхдийн толгойд сексийн тухай хязгаарлагдмал дүр зургийг бий болгосон хэмээн секс судлаач А.Уитлок шүүмжлэв. Улмаар порно үзээд дасчихсан залуус ичсэндээ тусламж гуйхаасаа эмээнэ. Сексээр амьсгалсан нийгэмд амьдарч байгаа атлаа тэр шүү дээ. Энэ байдлыг өөрчлөхөд хэцүүг порногийн эсрэг тэмцэгчид мэднэ. Гэхдээ өөрчлөлт хор хөнөөлийг нь биеэрээ мэдэрсэн тэднээс эхэлнэ гэдэгт залуус итгэж буй.
TIME сэтгүүл: Белинда Люскомб