
ОХУ-ын Коммунист намын парламентын хоёр гишүүн уламжлалт бус бэлгийн чиг хандлагагыг дэмжсэн олон нийтийн жагсаал цуглаан хийхийг хориглосон хуулийн төсөл боловсруулсан байна.
Тус хуулийн заалтыг зөрчвөл мөнгөн торгууль ногдуулах болон 15 хүртэл хоног цагдан хорих захиргааны хариуцлага тооцох аж. Төрийн Думын хууль тогтоогч Иван Никитчук болон Николай Арифиев нар "Уламжлалт бус бэлгийн чиг хандлагын талаарх олон нийтийн илэрхийлэл" нэртэй шинэ хуулийн заалтыг ОХУ-ын захиргааны хуульд нэмэх санал оруулжээ.
Төсөлд "Олон нийтийн газар бэлгийн буруу чиг хандлагыг зөвтгөсөн, дэмжсэн үзэл бодол илэрхийлэх аваас 4000-5000 рублиэр (64-80 ам.доллар) торгоно. Мөн энэ асуудлыг дэмжсэн боловсрол, соёлын болон төрийн байгууллага, орон нутгийн эрх баригчид 15 хоног баривчлах шийтгэл хүлээнэ” гэжээ.
Никитчук “Энэ асуудал залуу үеийнхний ёс суртахууны хүмүүжилтэй холбоотой бөгөөд манай нийгмийн “халдварт өвчин” учир үүнийг яаралтай шийдвэрлэх ёстой гэж бодож байна. Харамсалтай нь, 2013 онд батлагдсан “Хүүхдийн эрүүл мэнд болон хөгжилд аюул учруулах мэдээллээс хамгаалах тухай хууль” үр дүнгүй гэдэг нь батлагдсан. Тиймээс энэ нь биднийг шинэ арга хэмжээ авах ёстойг байнга сануулж байсан юм" хэмээн “Известия” сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Мөн тэрбээр “Бэлгийн буруу чиг хандлага нь хүн төрөлхтөнд мөхлийн аюулаар заналхийлж байна. Учир нь энэхүү буруу үзэл суртал нь бидний хүүхдүүд, ач зээ нарыг өсч үржих боломжгүй болгоно. Биологийн утгаараа нөхөн үржихгүй байх нь үхэл, мөхөл гэдэгтэй яг адил юм. Тиймээс бэлгийн буруу чиг хандлага нь хүн төрөлхтний хувьд үхлийн аюул яах аргагүй мөн” хэмээн сэтгүүлчдэд ярьжээ.
Парламентын хоёр гишүүн уг хуулийн төслийг түүхэн туршлага болон ЗХУ-ын хуучин хуулиас үндэслэн зохиосон аж. ЗХУ-ын үед ижил хүйстэн эрэгтэйчүүдэд 5-8 жилийн ял өгдөг байсан бөгөөд ижил хүйстний эсрэг хууль маш чанга байсан гэнэ.
Хуулийн төсөлд “Эртний Афинд ижил хүйстнүүд чуулганаар өөрсдийн согогийн тухай мэдэгдэж, иргэний эрхээ тогтоолгодог байв. Харин үүнийгээ нуух гэж оролдсон хүмүүс цөлөгдөж, эсвэл цаазлагддаг байсан гэнэ. Эртний Спартад ч бас хатуу хууль үйлчилдэг байсан ба цааздагдсан хүмүүсийн тухай ямар ч тайлан гаргадаггүй байжээ” гэсэн тайлбар хавсаргажээ.