
Английн Эзэн хааны газарзүйн нийгэмлэг 1865 онд Жорж Эверестийн эсэргүүцлийг
үл харгалзан нэрийг нь дэлхийн ноён оргилд өгсөн ажээ
Жомолунгмаагаас Сагарматхи
Дунд сургуульд газарзүйн хичээл үзэж байсан хүн бүр дэлхийн бөмбөрцгийн ноён оргилын нэрийг зовлонгүй санах биз. Эверестийн оргил аль эртнээс уулчид, эрсдэлтэй спорт сонирхогчид болон нууцлаг зүйлст дурлагсдыг урин дуудсаар ирсэн юм. Дэлхийн бөмбөрцгийн ноён оргил өнөөгийн нэрээ харьцангуй сүүлд буюу 150 жилийн өмнө л авсан түүхтэй.
Төвдийн лам нар оргилыг эртнээс Жомолунгма (Дэлхийн бурхан эх) хэмээн нэрлэсээр ирсэн бол XVIII зуунд Гималайн нуруунд хүрсэн Христийн шашинтан Франц номлогч нар анх газрын зураг дээр оргилыг Ронкбук хэмээх нэрээр тэмдэглэсэн байдаг. Энэ нь Далай ламын зарлигаар уулын умард энгэрт барьсан төвд хийдийн нэр байв.
Харин Непалд (Балбад) оргилыг Сагарматха буюу “Тэнгэрийн оргил” хэмээн нэрлэдэг ажээ. Гэхдээ өнөөдөр дэлхий дахин англичуудын өгсөн нэрээр л оргилыг мэднэ. Эл ууланд гарах бүү хэл дөхөж очиж ч үзээгүй хүний нэрээр ноён оргилыг нэрлэсэн нь сонин.

Дэлхийн хамгийн өндөр цэг Эверестийг балбууд Сагарматха хэмээн нэрлэдэг бол төвдүүд Жомолунгма гэдэг
Математикт дуртай сонсогч
Жорж Эверест 1790 оны долоодугаар сарын 4-нд Уэльсийн Гвернвэйлд чинээлэг гэр бүлд төржээ. Язгууртан айлын хөвгүүдийн нэгэн адил хүүг цэргийн карьер хүлээж байсан агаад Жорж ч үүнийг тойрон гарсангүй. Дунд сургуулиа дүүргэсний дараа тэрбээр Вулвич дахь цэргийн сургуульд элсэв. Тэрбээр нэн сайн сурагч байсан бөгөөд математикт илүү амжилт гаргаж байсан нь эцэг эхийг нь баярлуулжээ. Эверест сургуулиа хугацаанаас нь өмнө дүүргэсэн ба 16 настайдаа Энэтхэгт их буучин сонсогчийн алба хаахаар томилогдов.
Цэргийн дарга нар нь түүний математикийн гялалзсан авьясыг үнэлэн геодезийн албанд томилжээ. 1814 онд Эверест Ява арал руу хайгуулаар явж, тэндээ хоёр жил ажилласан байна. 1816 онд 26 настай офицер залуу Энэтхэгт эргэн ирж, хоёр жилийн дараа Их Британийн Энэтхэг дахь геодезийн албаны дарга алдарт Уильям Лэмбтоны орлогчоор томилогдон ажиллах болов.
Яг энэ үед Лэмбтон болон түүний цэргүүд нэгэн агуу ажил амжуулж байлаа. Жорж Энэтхэгийн геодезийн зураг авалт хэмээх нүсэр ажилд шумбан орох нь тэр.
“Оргил XV”

Жорж Эверестийн ашиглаж байсан “Теодолит” хэмжилтийн багаж
Эл ажил 1806 онд эхэлж хагас зууны дараа буюу 1856 онд дууссан аж. Жорж Эверест амьдралынхаа ихэнх цаг хугацааг энэ ажилд зарцуулсан гэдэг. 1823 онд Уильям Лэмбтон нас барж, Эверест түүнийг залгамжлав. Харамсалтай нь хоёр жилийн дараа тэрбээр хүнд өвчин тусч, нутаг буцахаас өөр аргагүй болжээ.
Их Британид буцаж очсон ч Эверест Энэтхэгийн геодезийн албаны ажлаа үргэлжлүүлж, Энэтхэг рүү шинэ багаж төхөөрөмж илгээх, онол, зохион байгуулалтын ажлыг хариуцаж байв. 1830 онд Жорж бүрэн эдгэрч, Энэтхэгт очин 13 жил ажиллажээ.
Эдгээр он жилүүдэд л Гималайн нурууны оргилуудыг тогтоосон аж. Гэвч тэдгээрийн өндрийн хэмжилтийг хийж амжаагүй байв. Бүх оргилд кодлосон нэр өгсөн бөгөөд Жомолунгма эл жагсаалтанд “Оргил XV” хэмээн нэрлэгджээ.

Кала-Патхар оргилоос харагдах Эверестийн төрх
Их ажлын шагнал
Эверест Энэтхэгийн геодезийн албанд олон жил ажиллахдаа олон арван шавь бэлдсэний дотор Эндрю Во байв. 1852 онд Эндрю Гималайн нурууны оргилуудын өндрийг тодорхойлсон түүхтэй. Вогийн хэмжилтүүдээс “Оргил XV” бол Гималайн нурууны ноён оргил төдийгүй дэлхийн бөмбөрцгийн хамгийн өндөр цэг болох нь тогтоогдсон юм.
Дэлхийн хамгийн өндөр ууланд тохирсон нэр өгөх шаардлагатай байлаа. 1865 онд Английн Эзэн хааны газарзүйн нийгэмлэг 75 насных нь ойгоор Жорж Эверестийн нэрийг “Оргил XV”-д өгөх нь зүйтэй хэмээн үзсэн байна. Энэхүү саналыг анх 1856 онд шавь Эндрю Во тавьж байсан ба есөн жилийн дараа Английн эрдэмтийн зөвлөл Жорж Эверест ийм алдар сууг хүртэх нь зүйтэй гэж үзжээ.
75 насны ойгоо тэмдэглэж байсан Эвэрестэд энэ санаа огтхон ч таалагдаагүй аж. Гэвч түүний мэргэжил нэгт нөхөд хүслийг нь үл хайхран нэрийг нь өгчээ. “Оргил XV” эхлээд английн бичиг баримтуудад, удаалаад дэлхий даяар “Эверест” хэмээн нэрлэгдэх болсон юм.
Эверест өнгсөрсөн ч нэр нь амьдарсаар
Жорж Эверест 1866 оны арванхоёрдугаар сарын 1-нд таалал төгсч, Гринвичд оршуулагджээ. Агуу эрдэмтний нэр дэлхийн бүх нэвтэрхий толиудад хадгалагдан үлдсэн юм. Гималайн нурууны орнуудад Эверестийг төрөлх хэлнээс нь нэрлье гэсэн санал нэг бус удаа гарч байсан ч дэлхий нэгэнд энэ нэрэнд дасчээ.