ОХУ-ын “Моя планета” сэтгүүлийн газраас гадаадад хүмүүс Орос орон болон оросуудын тухай ямар бодолтой байгаа талаар судалгаа явуулдаг уламжлалтай. Их Британи, Египет, Турк, Испани, Энэтхэг, Итали, Таиланд, Япон, Лаос, Дани, Аргентин, Мексикийн иргэд хэдийнэ тэдний “байцаалтад” өртсөн. Сэтгүүлийн сүүлийн дугаарт монголчууд Оросын талаар юу боддог талаар гарсан байна.Орос гэж хэлэхэд таны толгойд...?

Жүжигчин Эрдэнэбилэг “Станиславскийн систем. Бид тэр системээр хичээллэдэг байлаа. Манай хоёр ард түмэн ах дүүгийн барилдлагаатай. Манай төр засгийн тэргүүн орос эхнэртэй байсан. Орос гэхээр урлаг гэсэн үг орж ирдэг. Би хоёр удаа ОХУ-д урлагийн наадамд оролцож байсан”

Зураач Баттогтох “Ах дүүгийн найрамдал, Путин, чебурашка. Багаасаа тоглож өссөн чебурашкагаа одоо хайгаад олдоггүй. Хаана ч зарахаа байж”

Биологч Балжинням “Орос гэж хэлэхэд шинжлэх ухаан гэсэн үг хамгийн түрүүнд орж ирдэг. Шинжлэх ухааны анхны номоо би орос хэл дээр уншиж байлаа. Мөн архи, газар нутаг, найрамдал, Сергей Безруковынх шиг цэнхэр нүд. Оросуудын талаар бодоход В.Путин санаанд буудаг”

Рестораны эзэн Энхээ “Архи. Би “хуурай хууль” гарсан байх үед Орост сурч байсан. Тэр үед архи хамгийн үнэтэй зүйл байлаа. Архигүй бол хэнтэй ч нөхөрлөж, харилцаж болдоггүй байсан. Өөр загасчлал. Оросууд бардам, өөрсдийгөө бусдаас илүү гэж үздэг. Энэ тал дээр бид төстэй”

Бизнес эрхлэгч Ч.Ганбаатар “Хуучин андууд. Хэвлэл мэдээллээр Оросын талаар ташаа мэдээлэл их гардаг. Манай хоёр орны хооронд зөрчил байхгүй ч оросууд хамтран ажиллах тал дээр идэвхгүй байна гэж боддог. Уг нь эдийн засгийн салбарт илүү ойр хамтран ажиллахыг хүсдэг. Миний насны хүмүүст Оросын соёл ойр. Орос хэл мэддэг бидний үеийнхэн орос телевизийн нэвтрүүлэг үздэг. 40-өөс доош насныхан барууны суваг үзэх дуртай”

Орчуулагч Эрдэнэчимэг “Орос бол Монголд хамгийн ойр ард түмэн. Шинжлэх ухаан. Би орос хэл дээр дэлхий дахины мэдээлэл авдаг. Орос хэл бусад гадаад хэл сурах суурь болсон. Агуу орон. Алтан Орд улсын эсрэг тэмцэхдээ Оросын ван ноёд нэгдэж, ирээдүйн Орос гүрний суурийг байгуулсан”

Лам Пүрэвням “Агуу орон. Хүчтэй ард түмэн. Саван, халуун ус. Миний өвөө эмээ Зөвлөлтийн эмч нар монголчуудад ариун цэвэр, соёл, шүдээ угаахыг зааж өгснийг одоо болтол дурсан ярьдаг”

Лам Базарсад “Лениний төрсний 100 жилийн ойгоор оросууд манай тосгонд хөдөө аж ахуйн цогцолбор, Улаанбаатарт орон сууцны 3, 4-р хороолол барьж өгсөн. Тийм болохоор юуны өмнө тусламж, аж ахуй гэсэн үг орж ирж байна. Гуравдугаарт чанар. made in Russia бичигтэй барааг бид хамгийн түрүүнд авдаг”

Инженер Итгэлдорж “Боловсрол, хамтын түүх. Олон мянган монголчууд ЗХУ-д үнэгүй сурч байсан. Одоо тэд нийгмийн бүх салбарт амжилттай ажиллаж байна. 3 жилийн өмнө ОХУ манай өрийг тэглэсэн. Үүнийг бүгд мэддэг, талархаж явдаг”

Санхүүч Сарантуяа “Баясгалантай, идэвхтэй хүмүүс. Хүчирхэг улс, амттай бүтээгдхүүн. Ялангуяа сайн хоолтой. Орост үйлдвэрлэсэн л бол юу ч байсан худалдан авдаг. Хятад Оросын хэн нэгнийг сонго гэвэл бид Оросыг сонгоно”

Инженер Хандаа “Зөвлөлт Монголын найрамдал. Асар том орон. Манай ард түмэн оросуудыг хүндэтгэдэг. Та нарыг муулж байхыг би гудамж, ажил дээрээ ч сонсож байгаагүй”

Бизнес эрхлэгч Гүнбилэг “Найз нөхөд, хайр дурлал, Москва. 1998-2002 онд би Москвагийн 840 дүгээр сургуульд суралцсан. Гадаадад орос хэл сонсохоор төрөлх хэл шиг л санагддаг. Би Москвад нэг охинтой уулздаг байсан. Түүнд том баавгай бэлэглэснийг минь одоо хүртэл хадгалдаг гэсэн”