UBLife Logo
-

Тэнэг, цэцэн хоёрыг шинжлэх ухаанчаар хэрхэн тодорхойлж болох вэ?

Ub.life
Ub.life
Тэнэг, цэцэн хоёрыг шинжлэх ухаанчаар хэрхэн тодорхойлж болох  вэ?

Өдөр тутмынхаа амьдралд олон олон нүүртэй тулахдаа бид ухамсартай, ухамсаргүй, санаандгүй, зориудаар тэднийг “ухаантай, мангуу” гээд оношилчихдог. Гэвч тэнэг хийгээд сэцний хэмжүүрийг шинжлэх ухаанчаар тодорхойлно гэдэг туйлаас адармаатай зүйлийн нэг ажээ. Оюуны чадавхийг юугаар тогтоох, хэнийг ухаантан гэж нэрлэх талаар тодорхой ойлголт, тогтсон хэмжүүр өнөөг хүртэл үгүйгээс ч үүнийг харж болно. Гэсэн ч сэтгэл судлаачид оюуны чадавхийг (бүрэн дүүрэн бус ч гэсэн) тодорхойлоод бараг зуун өнгөрчээ. Өнгөрсөн зууны эхээр эрх чөлөөний оронд хөл тавьсан цагаачдаас оюуны чадавхийг шалгах сорил авдаг байж. Америкийн цэргүүдэд зориулан анх зохиосон уг тестээр англи хэлээр арай ядан ойлголцдог хүмүүсийг шалгахаар ирэгсдийн хувьд ч, угтагсдын хувьд ч гонсойлгом дүн гарсан болов уу.Ген гавьяатай

Английн эрдэмтэн Фрэнсис Гальтон одоогоос хоёр зууны тэртээ хүний авьяас чадвар, ухаан биеийн галбир, нүүрний хэлбэр шиг эцэг эхээс удамшдагийг анх нийтэд зарлан, энэ тухай ном бичжээ. Амьтны хурд, жин, давуу талыг хялбархан хэмжчихэж чадаж буй атлаа хүний сэтгэл, оюунтай  холбоотой бүхнийг тодорхойлоход яагаад тийм хэцүү байна вэ? Энэхүү асуултад хариу эрэхдээ Гальтон Лондонд лаборатори байгуулан хүний мэдрэхүйн эрхтэний олон боломжийн талаар судалж эхэлсэн гэдэг.

Түүнтэй хамт ажиллаж байсан Жеймс Маккин Кеттелл коллежийн оюутнуудын оюуны чадавхийг тодорхойлох тест зохиосон бөгөөд өвчин мэдрэх чадвар, биеийн жинг баримжаалах, хараа, сонсгол, хөдөлгөөний хурд, аливаад үзүүлэх хариу үйлдэл зэрэг 50 орчим үзүүлэлтийг уг сорилд оруулжээ. Үүний дараа л дэлхийн олон оронд тест, тэр дундаа оюуны чадавхийг хэмжих сорил тархсан байдаг. Тэрбээр Гальтоны адил оюун ухаан удамшдаг гэж үзэж байв. Америкт буцаж очсоныхоо дараа Колумбийн их сургуулийн дэргэд тестийн лаборатори нээн, сэтгэл судлалын анхны профессор болсон түүхтэй. Ухамсарт бүх л амьдралынхаа турш Кеттелл эрүүл, ухаантай хүмүүсийн хоорондын  гэрлэлтийг дэмжвэл сод, гоцуудаар нийгэм  дүүрнэ хэмээн итгэж, ухуулж  явсан. Бүр долоон хүүхэд нь их сургуулийн багш нарын үр удмаас амьдралынхаа ханийг сонговол мянган ам.доллар өгөх санал тавьж ч байсан удаатай.Шилдгүүдийг шигших нь

Гэлээ ч Гальтон,  Кеттелл хоёрыг эсэргүүцэгч гарч ирсэн билээ. Францын сэтгэл судлаач Альфред Бинегийн (1857—1911он) үзэж буйгаар,  оюуны чадамж нь заяагдмал эд бус, харин ч амьдралынхаа туршид хөгжиж, дасгалжиж байж олж авдаг чадвар гэнэ. Хүүхдийн тархи бол газар, түүн дээр юу ч тарьж болно, бас юу ч тарихгүй бол хувхайрна гэж тэрбээр бичсэн. Оюуны чадамжийг үнэлэхдээ ч ой санамж, сэтгэмж, анхаарал, гоо зүйн мэдрэмжийг нь чухалчлах ёстой гэж Бине мэдэгдсэн. Францад ерөнхий боловсролын тогтолцоо нэвтрэхэд ухаантай авьяаслаг хүүхдүүдийг, залхуугаас нь ялгах тестийг Альфред Бине зохиосон бөгөөд үүнээс л өнөөгийн соёлт ертөнцийн хүн бүрийн амнаас унадаг оюуны чадавхийн коэффициент буюу IQ хэмээх ойлголт эхтэй.3-13  насны хүүхдүүдэд сэтгэл зүй, төсөөлөн бодох чадвар, анхаарал зэрэгт нь тохируулан ангилсан энэхүү тестийн гол зорилго нь үнэндээ “оюуны нас”-ыг тогтоох оролдлого байлаа. Тестийн дүнд хүүхдүүдийг ухаантай, жирийн, оюуны хомсдолтой гэж гурван хэсэгт хувааж байсан бол өдгөө энэ тоо гурваар үл зогсох болсон бөгөөд  хожим энэхүү тестийг Стэнфордын их сургуулийн эрдэмтэн Луис Термен сайжруулснаар одоо ч хэрэглэгдэж байгаа.

Флиннийн нөлөөлөлОюуны чадавхийг тодорхойлох анхны тест буй болсноос хойш зуун өнгөрч.  IQ-гийн хэм хэмжээтэй холбоотой данхар статистик дэлхийн өнцөг булан бүрт хуримтлагдсанаас 1984 Жеймс Флинн тэрхүү мэдээллийн зах зухаас эмхэтгэжээ. 1932 -1978 оны америкчуудын IQ-г илтгэх үзүүлэлтийг  харьцуулснаар цаг хугацаа өнгөрөх тусам тэд ухаалаг болж байгааг, мөн дайн, хямралын үеийг туулсан хүмүүсийн дараа үеийнхний  оюуны чадамж дунджаар өссөнийг анх тэрбээр олж ажигласан билээ. Дайны дараагийн он жилүүдэд хүмүүсийн IQ өссөн нь баруун Европ, Шинэ Зеланд, Японд хийсэн судалгаанаас харагддаг агаад өлсгөлөн үгүй болж, эмнэлгийн үйлчилгээ сайжран, хүмүүсийн амьдрах орчин таатай болсонтой холбоотой гэж тайлбарлах судлаачид ч буй. Флиннийн нөлөөл гэж нэрлэгдсэн энэхүү үзэгдлийн тухай таамаг олон ч, тодорхой тайлбар үгүй.Сирил Бёртийн луйвар

XX зууны сүүлчээр хүний оюун ухааны чадавхийн тухай судалгаагаар Английн сэтгэл судлаач Сирил Бёрт ихээхэн нэрд гарсан юм. Ихэр хүүхдүүдийг ажигласны дүнд тэрбээр оюун ухааны 80 хувь нь эцэг эхээс өвлөгддөг харин, 20 хувь нь өсөн бойжиж, хүмүүжин амьдарч буй нийгмээс шалгаалдаг гэж бат итгэлтэйгээр мэдэгдлээ. Гальтоны удамшлын санааг баримтлан, гэхдээ орчны нөлөөллийг ч үгүйсгэлгүйгээр, өөрөөр хэлбэл эхийг нь эцээж, тугалыг нь тураалгүй онол гаргаснаараа Сирил нэрд гарч, Англид өөрийн гсэн сургалтын тогтолцоог бий болгосон юм. Хүүхдүүдийг оюуны чадамжаар нь ангилан бусдаас арай илүүг нь тусгай, дээд түвшний хичээл заахыг санал болгож үүнийхээ төлөө олны талархлыг хүлээж байлаа.1970-аад оны дундуур шинжлэх ухааны хүрээнд дуулиан дэгдсэн нь Сирил судалгааныхаа дүнг худал гаргаж, будлиантуулсныг илрүүлсэнийх байв. Үүгээр ч зогсохгүй тэрбээр энэ хорвоо дээр хэзээ ч амьдарч байгаагүй Хоурд, Конуэй хэмээх хоёр хатагтайн нэрийн өмнөөс 30 гаруй жил нийтлэл бичиж, түүндээ өөрийнхөө онолыг магтан, судалгааных нь үр дүн бодит байдалтай гайхалтай нийцэж байгааг онцолдог байжээ. Оюуны чадавхи удамшдаг гэх онолд итгэх итэл ийнхүү алдарч, Бёртийн үндэслэсэн сургалтын тогтолцоог халсан байна.Төдөлгүй нэг ба хоёр эсийн хэдэн мянган ихрийг судалгаанд хамруулан, мөн нэг гэрт амьдарч буй төрсөн ба өргөмөл хүүхдүүдийг хооронд нь харьцуулан, ген оюун ухаанд нөлөөлдөг гэдгийг тогтоосон юм.Эцэст нь хүний оюуны чадамжийн 40—50 ген, 50—60 хувь нь орчин, хичээл зүтгэл зэргээс шалтгаалдагийг тогтоосон билээ.Олон талт G-фактор

Америкийн сэтгэл судлаач Эдвин Боринг “оюуны чадамж бол тестээр хэмжигдэж буй тэр л зүйл” хэмээн хошигносончлон, үнэн хэрэгтээ энэхүү сорил юуг хэмждэг вэ? Гайхалтай нь, сэтгэл судлаачид өнөө ч оюуны чадавхи хэмээх ойлголтыг нэгдсэн байдлаар тодорхойлоогүй байгаа билээ. Заримынх нь үзэж буйгаар, аливаа зүйлийг хүлээн авч, нэгтгэх чанар, харин нөгөөгийнх баталж буйгаар, аливаа нөхцөл байдалд үзүүлэх хариу  үйлдэл, маневрлах чадвар гэнэ. Нэг үгээр, оюуны чадамж эсвэл ухаантай гэдэг нь тодорхой нэг чанар уу, эсвэл хэд хэдэн чанарын нэгдэл үү гэдэг нь зууны түүхтэй ч, хариултгүй асуулт ажээ. Өнгөрсөн зууны эхээр Английн сэтгэл судлаач Чарльз Спирмен хүчин зүйлийн анализ хэмээх шинэ арга бодож олон, ухааныг царааг тодорхойлох хэд хэдэн тестийн үр дүнд туршсан. Оюуны чадавхид нөлөөлөх нэгэн хүчин зүйл байдаг агаад түүнийг тэрбээр G -фактор гэж тодорхойлжээ. Энэ нь нэгдүгээрт, ертөнцийн тухай мэдлэг, өнгөрсний үлдээсэн туршлага хүнээс өөрөөс нь шалтгаалах, хоёрдугаарт ой тогтоолт, сэтгэл зүйн байдал зэрэг удамшилтай холбоотой зүйлсээс тогтдог. G –факторт багтаж буй мэдээлэл, туршлага, хариу үйлдлэл үзүүлэх чадвар, сэтгэн бодох чанар нь их бага байгаагаас хамааран хүний ухааныг тодорхойлж болно. Тухайлбал, аливаа нөхцөл байдалд дасан зохицох чадвар сайтай, сэргэлэн, авхаалжтай 16 настай хүү амьдралынхаа турш үхэхээс бусдыг үзсэн өвгөний дэргэд туршлага, аливааг хүлээн авах чадвараараа “жулдах” агаад үүнийг хүүгийн мундаг ген ч залруулж чадахгүй. Зарим эрдэмтэд хүний оюуны чадавхийг дотор нь ангилан үздэг агаад хөгжмийн эсвэл утга зохиолын авьяастай хүнийг математизч, эсвэл гүйлгээ ухаантай, бизнес сэтгэлгээтэй хүнтэй нэг жинлүүрт тавьж болохгүй гэж үзэх нь ч бий.Менсийн парадокс1946 онд хуульч Ланселот Веар өмгөөлөгч Роланд Берриллийн хамт “Менс” хэмээх хаалттай нийгэмлэг байгуулж, IQ-гийн сорилыг  98 хувийн амжилттай өгсөн хүмүүсийг гишүүдээр элсүүлэх шаардлага тавилаа. Хэн хүний хувьд барж идэхээргүй мэт хатуу шаардлага тавьсан энэхүү нийгэмлэг асар богино хугацаанд  дэлхийн 50 оронд 100 мянган гишүүнтэй болжээ. Үүн шиг мөн л оюун өнөдөр чадамжаар шалгуур тавин гишүүдээ элсүүлдэг 30 гаруй нууц, хаалттай клуб, нийгэмлэг бий. Дэлхийн ухаантай хүмүүс нэгэн зорилго дор нэгдвэл  хэдэн зууны турш хүн төрөлхтнийг ээрсэн олон асуулт, асуудлыг шийдэж болох мэт. Гэсэн ч иймэрхүү клубуудийн гишүүд хэн нь өндөр  IQ-тэйгээ шалгаруулах тэмцээн зохиохоос хэтэрдэггүй гэвэл та итгэх үү? Менсийн гишүүдээс зөгнөлт зохиолч Айзек Азимов, гар утас зохион бүтээгч Мартин Купер, ZX Spectrum компютерийг зохион бүтээгч Клайв Синклер нар л хүн төрөлхтний хөгжилд хувь нэмрээ оруулсан гэхээр, үлдсэн 100 мянган гоц ухаантан зүгээр л сэцнээ хэмжих, өөр хоорондоо уралдах, мундгаа тодруулах илүү хэцүү, толгой эргүүлсэн тестүүд гаргахын төлөө зүтгэдэг болж таарах нь уу?Нөгөө талаас шинжлэх ухаанд амжилт гаргасан олон олон эрдэмтэн IQ-гийн сорилд дунджаар 160 орчим оноо авсан байх нь бий. Гэтэл тэднээс илүү оюуны чадамжтай үй олон хүн яагаад бизнест, урлагт, шинжлэх ухаанд гялалзсан амжилт гаргахгүй байна? Менсийн парадокс хэмээх энэхүү үзэгдлийг хэд хэдэн янзаар тайлбарладаг. Аливаа ажил үйлст амжилт гаргах нь хэрэгтэй цагтаа, хэрэгтэй газраа байх зэрэг өнгөц харвал тохиолдлын, хувь зохиолоос шалтгаалдаг гэж үзэгсэд цөөнгүй. Гэтэл ухаанаас гадна шургуу хөдөлмөрлөх, том зорилготой байх, хийж буй зүйлдээ бүрэн автах зэрэг чанар аливаад амжилт гаргахад чухал нөлөөтэй, энэ нь өндөр IQ-тэй хүн болгонд  байдаг бонус биш аж.  Ийм чанар байхгүй бол гүн ухаантан тааз ширтэн, хэзээ ч ирэхгүй оргил цагийг хүлээн орон дээрээ самар цөмж насыг барах магадлал тун өндөр.

Гэлээ ч шинжлэх ухаан, технологи, мэдээллийн асар хурдацтай энэ цаг үе хүн төрөлхтний өмнө олон боломжийг нээж байна. Интернэт, хайлтын систем, олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн асар их урсгал бидэнд  үнэндээ тэнэг байх боломжийг ч олгохгүй нь. Гадаад хэл сурах, мэдээлэл олж авах, түүнийгээ хэрхэн хэрэглэх, гэнэтийн, тааварлашгүй явдал тохиолдлоо гэхэд гар утсаа ганц имрээд л асар их мэдээллийг авч болох боллоо. Гагцхүү энэ олон боломж, түмэнд мэдээлэл, буман гарцааас  өөрт ойрхон, илүү тохирохыг л сонгож, оюуны чадамжаа дасгалжуулах л үлдэх шив. Дашрамд өгүүлэхэд, өнгөрсөн зууны эхээр Америкт тамхи, гаансны сурталчилгаагаар нэрд гарсан дүрийг хамбан Жо гэдэг, 1870 онд гаргаж авсан нэгэн үүлдрийн тахиаг виандот, ямаан сахал бол цэцэгт ургамал, Францын зураач Роза Бонёр  анималист бүтээлүүдээрээ алдартай ажээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.