Цагаалгын идээ будаа
Шинийн идээ ундааг ерөнхийлөн үзвэл их идээ, бага идээ гэж, аль эсвэл цагаалга, битүүлгэ гэж ялган хэлэх ёс бий. Их идээ гэдэг нь томхон цар тавагт зассан самнаа, хавсай, ул (хэвийн) боов, самар, сүүл, цоохор боов, саран боорцог, шар цагаан тос, ааруул, хурууд, бал бурам, баадас чихэр, үзэм чавгаар чимэглэсэн идээг хэлдэг. Бага идээ гэдэг нь багашаархан пял тавагт зассан шүүс буюу өвчүү хонтой шаант, залаатай богтос, дал дөрвөн өндөр зэргийг хэлдэг. Юутай ч гэсэн шинийн нэгний идээ будааны шим шүлт, өнгө жавхаанаас тэр нэгэн жилийн идэлгийн буян хишиг тогтоно гэж үзэх учир анх бэлдэж төхөөрөхдөө ч эл бүхүй байдлыг нэн болгоож хичээнгүйлэхээс гадна аягалах таваглахдаа ч гэсэн элбэг дүүрэн бялхам баян байлгахыг эрхэм болгоно. Чингэхдээ шинэлэх, цагаалахын утгын агаар нэгэн бөгөөд цагаан илээний бэлгэдлийг юу юунаас эрхэмлэдгийг умартан өгөөрч болшгүй. Энэ нь цагаан сарын шинийн “их ёсны” анх үүсэл, утга бэлгэдэлтэй ч ургийн холбоотой.
Их идээ буюу цагаан сарын тавгийн идээг засахдаа хавсай боов буюу ул боовыг дөрвөөр суурилж гурав, тав, долоо, ес давхарлах ёсон буй хийгээд эдгээр нь цөм монголчуудын тооны бэлгэдлийн утга соёлтой холбоотой. Дээр талаас нь авч хэлбэл, монгол домог зүйн дээд тэнгэрийнтоо болох есөөр бэлгэдэн тэнгэр язгуурт хаан төрийн их ёслол, хурим найрын тавгийн идээг ес давхарлан засдаг байжээ. Энэ домог зүйн ерөн есөн тэнгэр, тэнгэртээ өргөдөг есөн цацал, тэнгэрлиг есөн хүсэл, есөн эрдэнэ, тэнгэр гаралт эзэндээ өргөдөг есөн цагааны бэлэг, хүний тэнгэрлиг заяан есөн мэнгэ, тэнгэр газартаа есөнтөө мөргөх тэргүүтэй тасаршгүй үргэлжлэх тэрхүү ёсийн тооны бэлгэдлийн нэгэн ураг салбар мөн.
Иймд хэн нэгэн хүн дураараа шинийн нэгний тавгийн идээгээ ес давхарлан засчээ гэж бодвол өөрийн биеэ төрийн эрхэм дээдсийн зэрэгт өргөмжилсөн юм уу тэнгэрт дэвшүүлсэн алдаж хийж байна гэсэн утга.
Нэгэн айл гэр, ураг төрлийн дээдэс болсон өвөг юм уу эцгийн гэрийн тавгийн идээг долоо давхарлан засдаг. Есийн тоо тэнгэрийн утгыг агуулдагийн адил долоогийн тоо ч бас газрын товчоог илтгэдэг. Монгол домгийн газрын эх дагина Этүгэн эхийн долоон давхар гэх юм уу “долоон давхар газар” гэдэг. Энэ нь ерэн есөн тэнгэрийн (сав ертөнц) нөгөө талд байгаа шим ертөнц буюу арга билгийн утгыг хамтатган явдаг. Ийнхүү өвөг нь амьд сэрүүн байгаа эцэг хүү хоёр гэж бодвол өвгийн гэрийн идээг долоон давхар, эцгийн гэрийн идээг таван давхар ураглаж хуримласан хүүгийн гэрийн идээг гурван давхар засна гэсэн үг. Хэдээр давхарлан зассан байлаа ч гэсэн их идээний оройд өрөм, шар тосоор жинс тавьж чимэглэнэ.

Тавыни тоонд бас анх бидний өгүүлсэн ертөнцийн таван зүг, таван өнгө, таван махбодоос эхлээд таван тамсаг идээний амт, цогцлохуйн бэлгэдэл утга оршимуй. Таван тансаг идээ гэдэг нь таван өнгө идээг хэлнэм бөгөөд энэ нь дээрх таван махбодын таван өнгөтэй нийлэлцэн байдаг.
Цагаан идээ гэдэг нь өрөм, сүү, тараг, ааруул, хурууд зэргийг хар идээ гэдэг нь архи, ус хоёрыг улаан идээ гэдэг нь мах шүүсний зүйлийг шар идээ гэдэг нь шар тосны төрлийг хөх (ногоон) идээ гэдэг нь сонгино, саримс, гогод мангир зэргийг хэлдэг.
Идэр залуу настай, исгэлэн халуун биетэй шинэ урагласан хоёрын тавгийн идээ нь гурав давхарласан байж болох бөгөөд гурав цөөхөн байна гэж чамлалтгүй, бэлгэдлийн гүн утгатай. Гурав бол монгол домгийн ертөнцийн төлөөлөл. Гурав гэдэг нь ертөнц гэсэн үг. Тэнгэр, газар, там (дээд, дунд, доод тив), гурван ертөнц, баруун, зүүн, төв тэнгэрийн гурван орон, эрийн гурван наадам, тулгын гурван чулуу, “ертөнцийн гурав” хэмээх гагцхүү монголчуудад байдаг өвөрмөц урлаг ер алиныг нь ч бодоод үзсэн гурав бол бүхний үүтгэл, эхлэл, хамгийн сурвалж тулгуур юм.
Шүүс дэвшүүлэх ёс
Монгол айл цагаан сарын шинийн нэгнээр заавал их бүхэл (их ёсны ууц) тавих албагүй бөгөөд манай анхдугаар богд Өндөр гэгээнээс бүтэн хонины махыг ууцаар нь, гэдэг дотрыг гургалдайгаар нь, толгой шийрийг толгойгоор нь цээж махыг дал дөрвөн өндрөөр нь төлөвшүүлэн тавьж байхаар зарлиг буулгаж, өвөрмөц дэгийг дэглэсэн гэдэг. Тийм ч учраас монголын хишгийг тархаан хүртээж буйг бэлгэдсэн Өндөр гэгээний хонины ууц тавьсан хөрөг зурмал өдгөө хүртэл байдаг биз. Мах шүүсэн зоогийг ёс ёслолын эрэмбээр зум, их бүхэл, дунд бүхэл, бага бүхэл гэж үндсэн дөрвөн зүйлээр тавьж болно. Сүүлийн гурвыг “гурван бүхэл” гэж нэрлэнэ.
Монголчуудын эрхэм хүндэт зоог шүүсний дотор хонин зум бол эрт дээр цагаас тэнгэр газрын тайлга тахилга, төр ёсны их найр хуримд дэвшүүлэн хэрэглэж ирсэн идээ юм. Нас гүйцсэн иргийг өрлөн муулсны хойно унгас ноосыг зумлан зулгааж, гэдэс дотрыг нэлд нь уудлан аваад, өвчүүг нь хадаж хавиргалахгүй, харин цусыг юүлж, цэмцийлгээд хэнхэрцэг дотор нь давс, сонгино, саримс таван халуун тэргүүтэн амттан, үнэртний дээжээр хачирлан битүүмжилж, эвэр турууг нь мултлан авалгүй бүхэл хахалаар нь шарж загсаасан байвал хонин зум болно. Ийн зэхэж бэлтгэсэн хонин зумыг амьд мэтчилэн хүндэт суудалд заларсан ихэс, дээдэс, ахмад настан луу толгойг нь хандуулан дэвшүүлдэг аж.

Ууцыг хөндөхдөө Молор эрдэнэ толгойг нь магнайлан хөндөж, мөч дөрвөн хөлийг нь харьдлан хөндөж наран талаар нь эргүүлж нарийн сайхан хашиж, өлзий талаар нь эргүүлж, үе үеэр салгаж, өвгөдийн ёсоор хөндөж, мөч мөчөөр салгаж, монгол ёсоор хөндөнө.
Ийнхүү ууцаа хөндөж гүйцсэний дараа ууцаа таллана. Ууцны хоёр талын намилхайнаас нимгэн нимгэн зүсэж таллаж авснаа гурав гурав хувааж, нэгийг нь галын хавь дээр нэмнэ, гурвыг нь дээж олгож, тусгай тавина, үлдсэн хоёрыг өөрийн хувь болгож үлдээж амсана. Дараа нь түрүүчийн адил ууцныхаахоёр талаас нэжгээд таллан авч, тэрхүү хүндэтгэн зочилж байгаа эзэн, түүний дараа орох хүнд ууцны тал буюу хишиг хэмээн хэлж, бүтэн бүтнээр нь хоёр гараараа сунган тосч авна. Ийнхүү ууцныхаа хоёр намилхаанаас ээлжлэн адил тоотой толлаж аваад жижиг жижиг огтлон тусгай тавагт хийж, зочлуулан бүхүй хүнд хүрэлцүүлэн амсуулна. Харин ууцыг таллахдаа харцаганы хоёр хажуугийн сэртэн яснаас дотогш ортол таллахыг цээрлэнэ.