UBLife Logo
-

ХАРИЗМ

ХАРИЗМ

 

Х.Баттулга бол нийгмийн тодорхой хэсгийг байлдан дагуулагч нөлөө бүхий харизм мөн. Түүн шиг улстөрч Монголын дараагийн Ерөнхийлөгч болбол монголчуудын өнөөдрийг хүртэл харж ирсэн “Ерөнхийлөгч” хэмээх ойлголтыг эвдэж, магадгүй Ерөнхийлөгчийн засаглалтай орон болж байж сая нэг санаа нь гүйцэлдэх болов уу. Х.Баттулга бүхнийг орвонгоор нь өөрчилнө, үгүй бол хаалга саваад гараад явах тийм л араншинтай хүн. Хэнтэй ч үл зөвлөн сайдын албаа хормын дотор өгөөд, дан дээлтэн болж зөрүүдэлсэн нь “Женко”-гийн л явдал.

“Хүндлэн бишрэгчид, дайсагнан шүүмжлэгчид олонтой, үргэлж л сэтгүүлчдийн анхаарлын төвд явдаг, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ямагт маргаан өрнүүлэх болсон энэ хүн яг яах гээд, юунд зорьж тэмцээд яваа нөхөр юм бэ?” Энэ асуултын хариултыг олох гэж сэтгүүлч Д.Төрмөнх “Миний мэдэх Х.Баттулга” хэмээх ном хүртэл бичсэн. Нээрэн тэр яг хэн юм бэ? 

Бүхний мэддэг тамирчин Х.Баттулгаас илүүтэй тэгээс эхэлсэн “Женко” Баттулгын замнал сонирхолтой.  Тугалын хашаанд оёдлын машин түчигнүүлэн үүр цайтал жийнсэн өмд, цамц оёод түүнийгээ Дэнжийн 1000-ын зах дээр аваачиж зардаг байсан социализмын үеийн зураач. Хүүхдийн хувцас бөөнөөр оёж Унгар луу гарган, тэндээс олсон мөнгөөрөө Сингапураас 600 долларын үнэтэй видео камер авчирч, түүнийгээ хоёр дахин илүү үнэд хүргэсэн гээд шилжилтийн үеийн эдийн засагт хөлөө олсон тамирчны намтар Монголдоо Стив Жобсынхтой дүйцнэ. Ганзагын наймаанд гялалзаж, бизнесийн шинэ “од”-оор тодорч байх үед нь Ц.Элбэгдорж анх Х.Баттулгыг ардчиллын партизануудаас бүрдсэн МоАХ-ын гал тогоондоо эх барьж, улс төрийн “хүмүүжил” олгожээ. МоАХ-д Х.Баттулгын бэнчин тулах цэг болж байсан бол Х.Баттулгын хувьд МоАХ улстөрчийн гараагаар нийгэмд танигдах тайз нь байлаа. Тэр харин хэн болж гарч ирэв? 

Бөхийн дэвжээнээс үлдсэн эрийн жудаг, нөхөрлөлийн зангаргийг нь улс төр, бизнес хоёр арчиж чадаагүй энэ хүн жинхэнэ монгол эр, эх оронч хүнийг илэрхийлэх үндэсний идеал болохыг чармайж ирэв. Гурван жилийн өмнө “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээр орохдоо тэр “Монголчуудын сэтгэл зүрхийг бадраасан зүйлийг яаж олон байлгах вэ” хэмээн санааширч явдгаа хэлсэн. “Бахархал, дархлаа гэсэн хоёр зүйлээр чимэглээд өгье” гэснээ ч нуугаагүй. Тиймээс Цонжин болдогт Чингис хааны хөшөөт цогцолборыг байгуулж, “Майдар” төсөл эхлүүлээд байгаагаа тайлбарласан. Гэхдээ Чингис хааны морьт хөшөөний өмнө зургаа татуулсан хүмүүст энэ нь “Женко”-гийн бизнес болж харагддаг нь нууц биш. Гэвч шууд утгаараа “Женко”-гийн халаасанд хамаарах уг цогцолборууд жуулчдын анхаарал татаж, ноён ногооныг эх орондоо олныг авч үлдэх шалгарсан арга гэдгээрээ үнэ цэнэтэй нь маргаангүй. Харин хувь хүн талаасаа соёлын аялал жуулчлалын томоохон төслүүд нь түүний туйлгүй эх оронч имижийг чимдэг гэхэд болно. Энэ нь ч ард түмэнд таалагддаг. 

“Шинэ төмөр зам” төсөл бол Х.Баттулга Монголын улс төрд ямар том нөлөөллийг бий болгоод байсны тод жишээ. Тэр үнэхээр “Загалмайлсан эцэг” болох гэж байлаа. “Шинэ төмөр зам” түүнчлэн Х.Баттулга УИХ-ын сонгуульд ялагдсаны ганц шалтгаан болсон шигээ АН-ын хувьд ч эв нэгдлээ гээх, амжилт нь уруудах “алим” болсон билээ.   Заавал яагаад улс төрд үлдэх ёстой вэ гэсэн асуултад Х.Баттулга “Дотор нь орж, хүсээд байгаа зүйлээ биелүүлэхгүй бол гаднаас харж суух маш хэцүү байдгийг хүн бүхэн мэднэ” гэж хариулсан удаатай. Өнгөрсөн 10 гаруй жилийн улс төрийн карьертаа тэр хүслээ гүйцээж амжаагүйгээ энэ үгээрээ илэрхийлсэн. Хүсэл нь хэзээ бүрэн бүтэн биелэх вэ? Ерөнхийлөгч болж байж уу? 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
5
14
4
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.