UBLife Logo
Хөгжим

“Playtime 2025” | Үзэгчдэд таалагдсан болон сайжруулаасай гэх хүсэлтүүд юу байв?

“Playtime 2025” | Үзэгчдэд таалагдсан болон сайжруулаасай гэх хүсэлтүүд юу байв?

Өнгөрсөн жилүүдийн адил энэ зун хамгийн өндөр хүлээлттэй хөгжмийн наадам болох “Playtime Festival” хөл хөдөлгөөн, хүлээлт, уран бүтээлийн халуун амьсгалаар дүүрэн байлаа. Хэн нэгний хувьд хэзээ ч мартагдахааргүй тайзны тоглолт, нөгөө нэгний хувьд найзуудтайгаа хуваалцсан бантан, заримынх нь хувьд нулимсаа арчаад буцах хөнгөн гунигтай дурсамж, заримынх нь харин анхны болзоо гээд, энэ хөгжмийн наадмыг хүн бүр өөрийнхөөрөө мэдэрдэг. Энэ удаад бид олон жил тасралтгүй оролцсон уран бүтээлчээс эхлээд анх удаа очиж үзсэн залуус, хөгжимд дурлагсдын сэтгэгдлийг нэгтгэн хүргэж байна. Тэдний дурсамж, сэтгэл хөдлөл, шүүмж болоод санал бол ирэх жилүүдийн “Playtime”-ийг илүү баялаг болгох бас нэгэн чухал зүйл билээ.


Enkoolion

2014 оноос хойш тасралтгүй артистаар оролцсон.

-Энэ жилийн “Playtime festival”-ийн хамгийн таалагдсан зүйл юу байсан бэ?

-Би хувьдаа сүүлийн өдрийг онцгойлон хүлээсэн. Учир нь “Моханик” хамтлаг олон жилийн дараа Төв тайзнаа гарснаас гадна BNKR тайзны хаалтыг “B.L.M.D” хийсэн. Энэ хоёр бол энэ жилийн наадмын зайлшгүй онцгойлох ёстой хэсэг нь. Тайзны засал, line up, ялангуяа “NAAGLIHATS”, “Диско гэр”, “FIRE” зэрэг тайзны дуугаралт ёстой гоё байсан.

Нусан багаасаа сонсож, найзуудаараа биширч дагадаг байсан “Jazzy Sport HQ”-ийн артистуудтайгаа хамт тоглоод, “Playtime”-ийн талбайгаар хэсээд, бантан хувааж идсэнийгээ хэзээ ч мартахгүй байх аа.

-Ирэх жилийн “Playtime festival”-аар сайжруулах хэрэгтэй, анхаарвал зохих зүйл юу байсан гэж бодож байна вэ?

-Спонсор байгууллагууд заавал өөрсдийн асар, том тайз, нүсэр бүтээн байгуулалт хийхийн оронд хамтраад үндсэн тайзаа илүү гоё болгох, хөрөнгө оруулах, том том уран бүтээлчдийг авчрахад дэмжлэг үзүүлэх зэргээр хөгжүүлээд явбал илүү зөв гэж бодож байна. “Playtime” талбайгаа зоригтойгоор сольж, том алхам хийсэн учраас жигдрүүлэх, илүү сайжруулах зүйлс их байгаа нь мэдээж. Жил бүр шинэ зүйлсийг туршаад, алдаагаа засаад явж байгааг нь харж байгаа болохоор цаашид бүр гоё болно гэсэн хүлээлт байна.


Ria

10 дахь жилдээ явж байна.

-Энэ жилийн “Playtime festival”-ийн хамгийн таалагдсан зүйл юу байсан бэ?

-“Balming tiger”. Өмнө нь огт сонсож байгаагүй, хүлээлтгүй байсан хэдий ч үнэхээр солиоруулж чадсан. Маш underrated, илүү олон хүн мэдээсэй, сонсоосой гэж бодсон шүү. Ихэнх амьд хөгжмийн хамтлаг нэг л дуучинтай байх нь түгээмэл бол эднийх дөрвүүлээ. Тэгэхдээ хоорондоо огт өөр, ёстой янзын хэдэн нөхөр маш сонирхолтой тоглосон. Энэ хэд тайзны дэглэлтээ ер нь яаж хийдэг бол гэж бодохоор инээд хүрээд… Цаашид илүү их судалж, дуунуудыг нь дахиад сонсоно оо.

-Ирэх жилийн “Playtime festival”-аар сайжруулах хэрэгтэй, анхаарвал зохих зүйл юу байсан гэж бодож байна вэ?

-Би найзтайгаа яриад, бүх DJ station-ээр орж үзэх үү гэж шийдээд бүгдээр нь дамжиж орсон. Тэгэхэд бүгд хоорондоо төстэй, нэг л хэмнэлтэй санагдсан. Хэрэв би “NAAGLIKHAATS” дээр байснаа за өөр юм туршъя гээд “Fire” руу очлоо гэхэд огт өөр хэмнэл угтвал гоё шүү дээ. Тийм болохоор ирэх жил нэг ижил цагт тайзнууд өөр өөр стильтэй артистуудыг зоож, ондоошил үүсгэсэн хуваарь гаргаасай.


Б.Билгүүн

13 дахь жилдээ очиж байна.

-Энэ жилийн “Playtime festival”-ийн хамгийн таалагдсан зүйл юу байсан бэ?

-Чанартай, цөөхөн stage-үүдтэй төв тайзаа тойрсон төвлөрөл их зүгээр санагдсан. Гол тоглолтуудаа үзэх үед, өлсөж цангавал хоолны хэсгүүдийн аль дуртайдаа ойрхон очоод авчихна. Drink station ч ойрхон болохоор хол алхаад цаг алдаад байхгүй. Бас бие засах хэсэг ч тэд нарынхаа ойролцоо байсан нь амар санагдсан.

-Ирэх жилийн “Playtime festival”-аар сайжруулах хэрэгтэй, анхаарвал зохих зүйл юу байсан гэж бодож байна вэ?

-Тарьсан моднууд нь хурдан том болоосой. Мөн тэмдэг, тэмдэглэгээг үүднээс эхлээд энгийн, VIP гэх мэт сайн ялгаж, өндөрт тавьж өгөөсэй гэж бодсон. Дан гандуу зүлэг биш зарим хэсэгт чулуун заман хучлага, модон, устай хэсэг бүхий шийдэл гэх мэт байгальд ууссан байгууламжууд гэрэлтүүлэгтэй хольж нэмбэл илүү гоё болох юм болов уу.


Драг күийн Vanity

12 дахь жилдээ оролцсон.

-Энэ жилийн “Playtime festival”-ийн хамгийн таалагдсан зүйл юу байсан бэ?

-Хамгийн их таалагдсан зүйл бол хүмүүсийн чөлөөт, эерэг уур амьсгал, урлаг, хөгжим, өөрийгөө илэрхийлэх боломжууд байлаа. Мөн манай “Drag show” болон DJ сетүүдийг үзэгчид маш гоёор хүлээн авсан нь сэтгэл хөдлөм байсан.

-Ирэх жилийн “Playtime festival”-аар сайжруулах хэрэгтэй, анхаарвал зохих зүйл юу байсан гэж бодож байна вэ?

-Ирэх жил “Playtime” наадам илүү олон урлагийн төрөл, илүү олон орон зайг хамарсан, нээлттэй, олон талт уран бүтээлчдийг дэмжсэн үйл ажиллагааг илүү их хийгээсэй гэж хүсэж байна. Жишээ нь, “Drag show” энэ жилийн фестивальд өнгө нэмсэн онцлох мөчүүдийн нэг байсан. Ирэх жил илүү том тайзан дээр, олон хүнийг хамарсан, илүү нээлттэй уур амьсгалтайгаар зохион байгуулагдаж, олон хүнд хүрээсэй гэж хүсэж байна. Улам тэгш хүртээмжтэй, улам экспериментал байвал бүр гоё!


Э.Сод-Эрдэнэ

6 дахь жилдээ зорин очсон.

-Энэ жилийн “Playtime festival”-ийн хамгийн таалагдсан зүйл юу байсан бэ?

-Энэ удаад талбайд хэд хэдэн газар сууж, тухалж болох саравчтай сандлууд байрлуулсан нь хамгийн их таалагдсан. Зарим тайзнууд мөн талбайн гол хэсэгт байрлах болсон нь, ер нь байршлуудын хувьд их таалагдсан. PT+ хөтөлбөрүүд үнэхээр гоё байсныг заавал дурдах хэрэгтэй. Тэр дундаа “La Vie en Rose” асар дээрх үйл ажиллагаанууд маш баялаг байлаа. Энэ жил анх удаа байгууллагаараа, бүх хамт олноороо “CUM” барыг ажиллуулж, байрласан. Төсөөлснөөс олон хүн ирж дэмжсэн.

-Ирэх жилийн “Playtime festival”-аар сайжруулах хэрэгтэй, анхаарвал зохих зүйл юу байсан гэж бодож байна вэ?

-Нар хур нь тэгширсэн өдрүүд байгаасай л гэж хүсэж байна. Шороо багатай байлгах үүднээс талбайгаа байнга усалдаг баймаар байгаа. Бас нэг жил “Cigarette After Sex” болон түүнээс гадна маш олон гоё хамтлаг ирж, төв тайз “үзээтэй” байсныг их санаж байгаа.


О.Хулан

Анх удаа зорин ирсэн.

-Энэ жилийн “Playtime festival”-ийн хамгийн таалагдсан зүйл юу байсан бэ?

-Миний ойлгодоггүй хөгжмийн төрлүүдийг ойлгож, мэдэрч чадаж байгаа хүмүүсийн мэдрэмжүүд үнэхээр таалагдаж, бас биширсэн.

-Ирэх жилийн “Playtime festival”-аар сайжруулах хэрэгтэй, анхаарвал зохих зүйл юу байсан гэж бодож байна вэ?

-Дараа жил сандал ихтэй, шороо багатай байгаасай.


Д.Содтулга

19 дэх жилдээ зорьж очсон.

-Энэ жилийн “Playtime festival”-ийн хамгийн таалагдсан зүйл юу байсан бэ?

-Би ганцхан л зүйл зорьж очсон. Японы “Jazzy Sport HQ” ирэх нь гэдгийг мэдээд хүлээсэн, тэднийгээ сонсож чадсандаа баяртай байгаа. Өнгөрсөн жил тэдний нэг артист ирсэн, энэ жил бөөнөөрөө явна лээ.

-Ирэх жилийн “Playtime festival”-аар сайжруулах хэрэгтэй, анхаарвал зохих зүйл юу байсан гэж бодож байна вэ?

-Бүхий л талаар хүмүүст мэдээлэл сайн өгөх хэрэгтэй санагдсан. Зарим гоё гоё уран бүтээлч тоглож байхад мэдэхгүйн улмаас маш цөөхөн хүн зогсож байгааг харах хайран. Ирж байгаа артистууд, тэдний уран бүтээлийн талаарх мэдээллийг зөвхөн өөрсдөө сувгаар гэлтгүй бусад хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтраад эртнээс таниулвал зорьж сонсох хүмүүсийн тоо нэмэгдэнэ. Мөн ямар тайзнаа, хэн, хэзээ тоглох вэ гэдгийг талбай дээрээ том самбарууд дээр зоох ч юм уу, тайз болгоны гадаа цаг бүрээр нь зарласан ч болохоор санагдсан. Бүх зүйлийг дижиталчилж болохгүй л дээ, биет мэдээллүүд байнгын байвал хүмүүс хажуугаар нь өнгөрөхдөө хараад, анзаараад явна.


М.Өүлэн

5 дахь жилдээ тасралтгүй оролцсон.

-Энэ жилийн “Playtime festival”-ийн хамгийн таалагдсан зүйл юу байсан бэ?

-Энэ жил асар болон тайзны байршлууд хоорондоо зайтай, хол байгаа нь хамгийн их таалагдсан. Яагаад гэвэл өмнө жил үйл ажиллагаа зохион байгуулж байхдаа микрофоноор юм ярих гэхээр хажуугийн тайзны чанга чимээ сонсогдоод, ярьж байгаагаа сонсоход хүртэл бэрхшээлтэй байсан. Мөн энэ жил хөтөлбөрт DJ нар өргөн бүрэлдэхүүнээрээ орж ирсэн байсан нь таалагдсан.

-Ирэх жилийн “Playtime festival”-аар сайжруулах хэрэгтэй, анхаарвал зохих зүйл юу байсан гэж бодож байна вэ?

-Орж гарах хаалга маш их дараалалтай, буцаад ороход удаан байсан нь төвөгтэй байсан. Ирэх жил орц гарцаа сайжруулаасай. Бас бие засах хэсэгт хүндрэх ямар ч боломж байгаагүй.


Л.Батгүн

Дөрөв дэх жилдээ оролцсон.

-Энэ жилийн “Playtime festival”-ийн хамгийн таалагдсан зүйл юу байсан бэ?

-”Моханик”, Жамбинай хамтлагуудаас энэ удаад “Playtime“-ийг мэдэрч чадлаа.

-Ирэх жилийн “Playtime festival”-аар сайжруулах хэрэгтэй, анхаарвал зохих зүйл юу байсан гэж бодож байна вэ?

-EDM хөгжим илүү зонхилоод, эксперименталь амьд хөгжим бүдгэрэх талруугаа орсон санагдсан. Horse Radio, Urna Chahar-Tugchi, HAYA, Yat-Kha, Namgar, Huun-Huur-Tu-г авчраасай гэж хүсэж байна.


Ч.Цэцэн-Од

Артистаар 3 дахь жилдээ оролцсон.

-Энэ жилийн “Playtime festival”-ийн хамгийн таалагдсан зүйл юу байсан бэ?

-Энэ жил Монгол болон гадаад хамтлагуудын тоглох цаг зөрүүтэй байсан нь хамгийн амар байсан. Хамтлаг давхцаагүй учир алгасахгүй үзэх боломжыг олгож чадсан.

-Ирэх жилийн “Playtime festival”-аар сайжруулах хэрэгтэй, анхаарвал зохих зүйл юу байсан гэж бодож байна вэ?

-Ирэх жил урсгалын хувьд илүү өргөн хүрээтэй, олон төрлийн хамтлаг, дуучдыг урьж оролцуулах нь сонирхолтой байх болов уу гэж бодож байна. Зарим үед нэг төрлийн хөгжим давамгайлаад ирэхээр, өөр урсгалд дуртай хүмүүс бага зэрэг тасарч хоцордог талтай. Жишээ нь, indie rock, hip hop, ambient, electronic, jazz fusion гэх мэт төрөл жанрын уран бүтээлчдийг жигдхэн багтааж чадвал илүү олон хүний сонирхолд нийцсэн, илүү баялаг Playtime болох байх. Өөр өөр урсгалын дунд “аялах“ нь шинэ мэдрэмжүүдтэй тулгарч, хөгжмийн ойлголтоо тэлэх боломж байдаг.


Г.Учрал

16 дахь жилдээ тасралтгүй оролцсон.

-Энэ жилийн “Playtime festival”-ийн хамгийн таалагдсан зүйл юу байсан бэ?

-Жил ирэх бүр хүмүүсийн хэрэгцээ, тав тухыг ханган шинэ зүйл сэдэж, идэвхжүүлж байгаа нь сайхан байлаа. Энэ жил төлбөрийн шинэ систем нь амар санагдлаа. Бас цэнхэр босоо шээлтүүр дараалал гэхгүй амар санагдлаа. Цэвэрлгээ хийж ажилласан бүх хүмүүст баярлалаа. Хоол унд дажгүй ээ. Тайзны гэрэлтүүлэг, дуугаралт ямар ч гоё болсон юм. За тэгээд ер нь “Playtime” хичээж байгаа нь харагдаж байна өө. Ирж байгаа хүмүүс өөрсдөө л сайхан байхад болохоор болжээ.

-Ирэх жилийн “Playtime festival”-аар сайжруулах хэрэгтэй, анхаарвал зохих зүйл юу байсан гэж бодож байна вэ?

-Ирэх жилийн уран бүтээлчдийг хүлээж байна. Хүмүүс маань “Camping”-аа гоё хийгээсэй. Тухтай орчноо бүрдүүлээд, ядаж л өглөөдөө ойр орчим байгаа хогоо цэвэрлээд, цэвэрхэн л байвал болж байна даа. Ирэх жил бүлээхэн шүршүүртэй болоосой. За тэгээд, дараа жилийн “Playtime” ойрхон доо.


ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.