Америкийн рэп дуучин Кертис Жеймс Жексон III буюу 50 Cent 1975 онд Нью-Йоркийн ядуу дүүрэгт төржээ. Ээж нь түүнийг 15 настайдаа төрүүлсэн бөгөөд хар тамхи зарж, амьдралаа залгуулдаг байв.

Түүнийг найман настай байхад нь ээж нь хар тамхи хэрэглээд амиа алдсан юм. Ингээд хүү хамаатныхаа гарт амьдрах болжээ.

50 Cent багаасаа хар тамхи зарж эхэлсэн. 19 настайдаа шоронд орлоо. Тэнд залуу хүү уран бүтээл хийж эхэлсэн юм. Хугацаанаасаа өмнө суллагдаж, найзынхаа байрны хонгилд дуу зохиож эхэллээ. Түүний уран бүтээл продюсер Jam Master Jay-гийн анхаарлыг татсан байна.

1999 онд 50 Cent дуу, хөгжмийн Columbia Records агентлагтай гэрээ байгууллаа. Гэвч хэдхэн сарын дараа халдлагад өртсөн юм. Гар, гуя, хоёр хөл, цээж, хүзүүндээ нийт 9 удаа буудуулсан байлаа. Хожим намтартаа тэрээр “Есөн удаа буудуулаад амьд гарсныхаа дараа би амьдралын зорилгын талаар бодож эхэлсэн. Сум хэдхэн см дээш оносон бол би үхчихсэн байх байсан” гэж бичсэн байв.

Хөл дээрээ босох гэж тэр их удсан тул “Columbia Records” хүлээсэнгүй, гэрээгээ цуцлав. Энэ үед түүнийг Eminem, Dr. Dre нар анзаарч, тус болсон түүхтэй.

2005 онд “Get Rich or Die Tryin'” гэдэг кино гарсан нь бараг түүний намтар байв. Дуучин залуу ч гол дүрийг нь бүтээж, кино урлагт орлоо. Нэг мэдэхэд тэр хэдэн арван кинонд тоглочихсон байлаа.

50 Cent бол шаггүй бизнес эрхлэгч. 2007 онд Сoca-Cola компани энергийн ундаа үйлдвэрлэгч “Glacéau”-ийг худалдан авахад 50 Cent хувьцаа эзэмшигчийн хувиар 100 сая ам.доллартой болж байв. 2015 онд 36 сая ам.долларын өртэйгөөр дампуурлаа зарласан ч хоёр жилийн дараа өрөө төлж чадсан.

Тэр гурван хүүхэдтэй. Гэхдээ бүх ээж нар нь өөр.