Энэ оны эхээр Youtube цэвэрхэн загвар, шөнийн дагаар үзэхэд тохиромжтой “dark mode”-той шинэчилсэн десктопийн хувилбараа танилцуулсан билээ. Тэгвэл өчигдөр Youtube-ийн дараагийн томоохон шинэчлэгдсэн хувилбараа ашиглалтад орууллаа. Хэрвээ та анзаарсан бол Youtube-ийн харагдах байдал нь хамаагүй цэвэрхэн бас авсаархан болсон байгаа биз?
Тус компанийн дараагийн шинэчлэлтүүд гар утасны апп-ийн шинэ загвар, лого, icon гээд цаашид үргэлжилсээр байх юм байна. Сүүлийн жилүүдэд Youtube-ийн лого хэрхэн хувьсан өөрчлөгдсөнийг та дараах зургаас харж болно.

Google-ийн төлөөлөгчдийн ярьж буйгаар Youtube-ийн цоо шинэ лого нь төрөл бүрийн дэлгэцийн хэмжээнд тохиромжтой, уян хатан шинжтэй болсон аж. Жижиг дэлгэц дээр Youtube төвчилсон буюу нэгтгэсэн логог ашиглах боломжтой гэжээ.

Өнгөрсөн тавдугаар сараас туршилтын байдлаар ашиглалтад орсон Youtube-ийн десктопны шинэ хувилбар нь одоо хэрэглэгч бүрт идэвхижиж эхэлжээ. Youtube-ийн нүүр хуудасны зүүн талын цэсүүд урьд өмнөхөөс хамаагүй цэвэрхэн, харагдах байдал нь аятайхан болсныг та анзаарсан биз.
Тэгвэл гар утасны апп-д ч хэд хэдэн шинэчлэл хийгдэж байгаа аж.
Цэснүүд эрхий хуруугаар удирдахад илүү дөхөм буюу доод хэсэгт байрлах болсноос гадна толгой хэсэг цагаан өнгөтэй болсон гээд олон дэвшилт гарч байгаа юм байна. Мөн дэлгэцийн хувилбар дээр хийж болдог шиг бичлэгийн хурдыг өөрчлөх сонголт ч шинээр бий болж байгаа юм.
