Англи хэлээ сайжруулах хүсэлтэй хүн олон байгаа гэдэгт итгэлтэй байна. Хэрэв та англи хэлээ сайжруулъя гэж бодож байвал айж зовохгүйгээр шууд л ямар нэг номыг барьж авах хэрэгтэй. Уншиж байтал аяндаа болж л таараа шүү дээ. Уншихад ойлгомжтой, шинэ үг хэллэг сурч авахад туслах, сонирхолтой ном санал болгож байна.
1. Fantastic Mr. Fox

Энэ гайхалтай номыг найруулагч Вес Андерсон дэлгэцийн бүтээл болгосон байдаг. Та бүхэн тус анимейшныг үзээд бас номыг нь уншаад үзээрэй. Мэдээж дийлэнх уншигчдыг хүүхдүүд эзэлдэг ч кино гарснаас хойш томчууд ихээхэн сонирхож, анзаарч эхэлсэн. Хөгжилтэй, сонирхолтой үгнүүд сурах боломжтой.
2. The Old Man and the Sea

Англи хэл дээр унших номын жагсаалтад ямагт багтдаг зохиол. Намайг бага ангид байхад ч гэсэн бид монгол хэл дээр орчуулагдсан хувилбарыг нь дандаа уншдаг байсан. Ер нь л хүн болгоны ном зохиол сонирхож эхлэх үеийн суурь ном гэж хэлж болно. Англи хэл дээр нь уншихгүй үлдээж болохгүй шүү.
3. Harry Potter

Энэ ном байхгүй бол өөр юу байх ёстой гэж? Дэлхийн аль ч улсад энэ зохиолыг заавал мэддэг. Мэдээж та бүх номыг нь уншиж дуусгавал үүний дараа та хэнтэй ч бай маш нээлттэй сайхан ярилцаж чаддаг болно. Дээрээс нь уншиж байх үедээ ид шидийн ертөнцөөр аялах боломжтой. Манайд уг номыг уншиж, англи хэл сурах хичээл мөн нээгдэж байгааг давхар дуулгавал зохилтой. ЭНД дарж сонирхоод үзээрэй.
4. The Fault in Our Stars

Монгол хэл дээр мөн л орчуулагдан гарсан. Хүсвэл та аль алийг нь харьцуулаад уншиж явсан ч болно шүү дээ. Англи хэл дээр нь уншвал та өдөр тутмын энгийн үг хэллэгийг сайн сурах боломжтой.
6. Peter Pan

Хүүхдийн ном гэж бодоод л алгасах гээд байна уу? Яг үнэндээ хүүхдийн зохиолоос илүү зааж чадах ном гэж байхгүй. Тэгээд ч хүүхдийн ном болгонд далд, гүн утга санаа нуугдсан байдаг шүү дээ. Гадаад номын худалдаагаар явбал энэ ном олдож л таараа.
7. The Little Prince

Дэлхийн хамгийн алдартай зохиолуудын нэг! Бас мэдээж гайхалтай гүн утга агуулгатай. Зүгээр л нэг хүүхдийн ном гэж бодоод, сонирхохгүй өнгөрч байсан юм биш биз? Ганц удаа ч болтугай уншаад үзэх хэрэгтэй. Үнэхээр үнэн шүү.
8. The Light Between Oceans

Кинонд нь Майкл Фассбендер, Алисия Викандер хоёр тоглодог. Бас монгол хэл дээр орчуулагдаж гараад багагүй хугацаа өнгөрсөн байна. Мэдээж харьцуулаад унших боломжтой. Дотоод мэдрэмж, үйл явдлыг илэрхийлж, тайлбарлаж сурахад тань дөхөм болох болов уу.