ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Украин Улсын нутагт орших Чернобылийн атомын цахилгаан станцад 1986 оны 4 сарын 26-нд аймшигт цөмийн осол гарсан. Үүний уршгаар 190 тонн цацраг идэвхт бодис алдагдаж Украин, Беларусь, ОХУ-ын нутагт тархаж, 336 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлэхэд хүрсэн билээ.
Гуч гаруй жилийн турш Чернобылийн осол, тухайн үед болсон үйл явдалтай холбоотой олон яриа, таамаглал гарсан бөгөөд өдийг хүртэл дэлхий нийтэд тодорхой болоогүй зүйлс ч байгаа юм.
Саяхан HBO таван ангит 'Чернобыль' богино цувралыг цацаж эхэлснээр дэлхий нийт дахин Чернобылийн ослын талаар сонирхож эхэллээ. Хэдийгээр 'Чернобыль' цуврал америкчуудын хийсэн бүтээл боловч ахуй, дүрслэл, дүрүүдийн хооронд өрнөх харилцан яриа тун үнэмшилтэй болсон гэх үнэлэлтийг үзэгчид өгч байна. Мөн зарим үзэгчид 'Чернобыль' цувралын үйл явдлыг бүхэлдээ үнэн, бодит мэтээр хүлээж авч байгаа нь ч харагдсан.
Тэгвэл цувралын үйл явдлаас чухам аль нь бодит, аль нь зохиомол болох талаар Business Insider ингэж бичжээ. (Спойлер агуулсан болно!)
ХУДАЛ: Чернобылийн ослын улмаас нэг цаг тутамд алдагдаж байсан цацраг идэвхт бодис нь Японы Хирошима хотод хаясан атомын бөмбөгөөс хоёр дахин их байсан

Чернобылийн ослын үеэр алдагдсан цацраг идэвхт бодисын хэмжээг Японы Хирошима хотод хаясан атомын бөмбөгтэй харьцуулсан мэдээллүүд цөөнгүй байдаг. Гэвч эл хоёр үйл явдлын улмаас тархсан цацраг идэвхт бодисын хэмжээг харьцуулах тун төвөгтэй гэж Greenpeace байгууллагын цөмийн эрчим хүчний шинжээч Ян Хаверкамп тайлбарлажээ.
Хирошимагийн хувьд шууд цацраг идэвхт туяанаас үүдэж хүмүүсийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирч байсан. Өөрөөр хэлбэл, цөмийн бөмбөг дэлбэрэх үед тухайн газраас хэр их зайтай байсан бэ гэдэгт үндэслэж хүмүүсийн цацраг идэвхт туяанд хордсон хэмжээг тодорхойлж байж. Харин Чернобылийн ослын үеэр маш их цацраг идэвхт бодис агаар мандалд тархаж, өргөн уудам газар нутгийг хамарсан, хүмүүсийн эрүүл мэндэд учруулсан хохирол нь олон жилийн турш үргэлжилсэн гэжээ.
ҮНЭН: Тухайн үед хорт бодис тархсан бүсийг робот ашиглан цэвэрлэх оролдлого бүтэлгүйтсэн тул хүмүүсээр цэвэрлүүлжээ

'Чернобыль' цувралын дөрөвдүгээр ангид хүмүүс атомын цахилгаан станцын дээврийг (дэлхий дээрх хамгийн аюултай бүс) цэвэрлэж буй хэсэг гардаг.
Бодит байдал дээр осол гарсан бүсээс 100 тонн цацраг идэвхт хог хаягдал хүний гараар цэвэрлэжээ. Цэвэрлэгээ явуулах ажлыг хариуцаж байсан Юрий Симиоленко 1990 онд болсон бага хурлын үеэр "ЗХУ эхэндээ удирдлагатай робот ашиглаж бохирдсон бүсийг цэвэрлэхийг оролдсон. Гэвч машинууд хортой уур амьсгалд амархан эвдэрч байсан тул хүний хүч ашиглахаас өөр арга байгаагүй" гэжээ.
ХУДАЛ: Зөвлөлтийн цөмийн физикч Ульяна Хомюк бохирдсон бүсийг цэвэрлэхэд хувь нэмрээ оруулсан

Цувралын гол дүрүүдийн нэг бол цөмийн физикч Ульяна Хомюк. Тэрээр Чернобылийн атомын цахилгаан станцад болсон үйл явдлыг даруй ойлгож, хоёр дахь дэлбэрэлтээс сэргийлэхийн тулд Валерий Легасовтой хамтран ажилладаг. Гэвч Ульяна Хомюкийн дүр бодит хүн биш бөгөөд тухайн үед Чернобылийн ослоос үүдэлтэй бохирдлыг цэвэрлэхэд оролцсон цөмийн эрдэмтдээс улбаалсан дүр гэж цувралын зохиолч, продюсер Грейг Мазин ярьжээ.

Харин цуврал эхлэхэд болсон бүх үйл явдлын дуу хураагуурт бичин үлдээж буй Валерий Легасов бол бодит хүн юм.
ҮНЭН: Амьтад цацраг идэвхт бодис халдварлуулах эрсдэлтэй байсан тул цэргүүдэд тэднийг буудах тушаал өгчээ

Дөрөвдүгээр ангид гардаг хамгийн аймшигтай дүрслэлүүдийн нэг бол цэргүүд реакторын ойролцоох бүсэд байсан амьтдыг буудан хөнөөж буй хэсэг.
Бодит байдал дээр осол гарснаас хойш 36 цагийн дараа Припять хотын оршин суугчдыг 50 минутын дотор эд зүйлсээ цуглуулж, автобусанд суухыг үүрэгдэж байжээ. Тухайн үед хүмүүст тэжээвэр амьтнаа авч явахыг зөвшөөрөөгүй бөгөөд оршин суугчид ч гурав хоногийн дараа гэхэд эргэж ирнэ хэмээн боджээ. Гэвч тэд дахин хэзээ ч Припять хотод хөл тавиагүй юм. Мөн хорт бодис халдварлуулах эрсдэлтэй байсан тул гудамжинд үлдсэн нохой, бусад амьтдыг буудаж алах тушаалыг цэргүүдэд өгсөн байдаг. Дэлбэрэлт болсон бүсэд ойролцоогоор 300 орчим нохой хаягдаж хоцорсон гэдэг.
ХУДАЛ: Хоёр дахь дэлбэрэлт Европын хүн амын ихэнх хэсгийг хамрах эрсдэлтэй байсан

Цувралын хоёрдугаар ангид цөмийн физикч Ульяна Хомюк дэлбэрэлт хамгаалалтын ханыг хайлуулж, газар доорхи устай нийлвэл хоёр дахь томоохон дэлбэрэлт болох аюултайг сануулдаг. Тэрээр Зөвлөлтийн удирдлагуудад хоёр дахь дэлбэрэлт 2-4 мегатонны хүчтэй байх бөгөөд энэ нь Киев болон Минскийн хүн амыг бүхэлд нь 'арчих' аюултай, цаашлаад цацраг идэвхт бодис Украин, Латви, Литва, Беларусь, Польш, Чехословак, Унгар, Румын, Зүүн Герман зэрэг улсуудад хүрч болзошгүйг сэрэмжлүүлдэг.
Гэхдээ энэ нь бодит байдлаас хол зөрүүтэй дүрслэл бөгөөд дэлбэрэлт 4 мегатонны хүчтэй гэсэн нь маш том "хэтрүүлэг" гэж цөмийн эрчим хүчний шинжээч Ян Хаверкамп ярьсан байна.
ҮНЭН: Залуу гал сөнөөгч дэлбэрэлтийн дараа эмнэлэгт нас баржээ

Василий Игнатенко бол бодит хүн бөгөөд тухайн үед 25 настай цэл залуу байжээ. Дэлбэрэлт болдог өдрийн өглөө тэрээр эхнэрийн хамт Беларус руу явахаар төлөвлөж байсан аж. Гэвч шөнийн 1:30 цагт Чернобылийн атомын цахилгаан станцад гал гарсан гэх дуудлага авч, жирэмсэн эхнэрээ орхин үүрэгт ажлаа гүйцэтгэхээр явдаг.
Цувралд гарсанчлан Василий Чернобылийн осол болсноос хойш 14 хоногийн дараа эмнэлэгт нас баржээ. Харин Людмилла хүүхдээ тээж төрүүлсэн боловч харамсалтай нь хүүхэд дөрвөн цагийн дараа амьсгал хураажээ.
ХУДАЛ: Гал унтраахаар элс асгаж байсан нисдэг тэрэг сүйрсэн

Нисдэг тэрэг сүйрсэн үү гэвэл тийм. Харин цаг хугацааны хувьд цувралд гардгаас зөрүүтэй. Кинонд Валерий Легасов нээлттэй реакторын дээрээс элс асгаж, дэлбэрэлтийг намдааж болох юм гэсэн санал тавьснаар нисдэг тэргүүд байгууламжийн дээрээс элс асгаж эхэлдэг. Энэ үеэр нэг нисдэг тэрэг сүйрдэг шүү дээ. Харин бодит байдал дээр уг нисдэг тэрэг осол гарснаас хойш хоёр долоо хоногийн дараа болсон ажиллагааны үеэр сүйрсэн байдаг.
Эх сурвалж: Business Insider