Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Миллениалын нүдээр №2: Миний мөнгийг хэрхэн зарцуулах нь надад хамаагүй гэж үү?


Болдын гэр бүлд саяхан ийм нэг явдал тохиолджээ. Тэднийх ам бүл дөрвүүлээ бөгөөд Болд, түүний эхнэр Сарангаас гадна саяхан их сургуулиа төгссөн том хүү Билгүүн нь ажил хийдэг. Харин бага охин Намуун нь дунд сургуулийн сурагч. Болдынх гэртээ нэгэн чухал дүрмийг дагаж мөрдөхөөр болж. Ажил хийдэг хүн бүр цалингийнхаа 20 хувийг өрхийн орлогод төвлөрүүлж шаардлагатай урсгал зардал, сургалтын төлбөр, эрүүл мэнд, боловсрол, өдөр тутмын хоол хүнсэнд зориулах ба энэ хуримтлалыг захиран зарцуулах үүргийг гэрийн эзэн Болд хариуцахаар болжээ. Мэдээж юунд, хэрхэн зарцуулах вэ гэдэгт Саран, Билгүүн, Намуун гурав саналаа хэлэх, хяналт тавих эрхтэй. Гэвч бүгд тус тусын ажил, хичээлдээ анхаараад завгүй байсан тул Болдод найдаж, юунд зарцуулж байгааг ч анзааралгүй нэг жилийг үджээ. Гэтэл жилийн эцэст Намууны сургуулийн төлбөрөөс эхлээд хэд хэдэн төлбөр төлөгдөөгүй, тэр бүү хэл гишүүдийн хуримтлуулсан орлого хүрэлцээгүй учраас зээл авахаас өөр аргагүй байсныг Болд учирлав. 


Хэрэв та Саран, Билгүүн, Намууны оронд байсан бол дараагийн удаа Болд мөнгөө хэрхэн зарцуулж байгааг, чухал шаардлагатай төлбөрөө цаг хугацаанд нь төлж байгааг асуух байсан уу? Мэдээж ТИЙМ. 

Тэгвэл дээрх нөхцөл байдлыг арай өөр дүрээр орлуулъя. Саран, Билгүүн, Намуун бол ИРГЭД, тэдний сар бүр хуримтлуулж буй мөнгө нь улсын төсвийг бүрдүүлдэг ТАТВАР, мөнгийг захиран зарцуулах эрхтэй Болдыг УИХ, ЗАСГИЙН ГАЗАР гэж төсөөлье. Энэ тохиолдолд та Саран, Билгүүн, Намууны оронд байсан бол татварт төлсөн мөнгийг тань УИХ, Засгийн газар хэрхэн зарцуулж байгааг сонирхохгүй гэж үү? 

Төсөв гэж юу вэ, яагаад бидэнд хамаатай вэ? 

Энгийн тайлбарлавал, төсөв гэдэг нь төр зохицуулагчийн үүргээ гүйцэтгэхийн тулд иргэд, байгууллага, аж ахуй нэгжийн орлогоос тодорхой хэсгийг татаж төвлөрүүлээд шаардлагатай нийгмийн салбар, нэгжүүдэд дахин хуваарилахтай холбогдсон харилцаа юм. 

Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогыг:

  1. Татварын 

  2. Татварын бус орлого бүрдүүлдэг.

Татварын орлогыг бүрдүүлэгч нь хөдөлмөр эрхэлж буй та бид юм. Тухайлбал, та сарын 1,000,000 төгрөгийн цалинтай гэж бодвол орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлд сард 188.000, жилд 2.256.000 төгрөгийг төлнө. Тэдгээр нь тус бүрийн санд төвлөрч улсын төсвийг бүрдүүлнэ. Таны төлдөг татвар зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй. 

  • Хэрэв та дэлгүүрт ороод 30.000 төгрөгийг худалдан авалт хийлээ гэж төсөөлөхөд 10 хувь нь буюу 3000 төгрөг нь НӨАТ (нэмэгдсэн өртгийн албан татвар) байна. 

  • Шатахуун, согтууруулах ундаа, тамхи зэрэг бүтээгдэхүүнд онцгой албан татвар шингэсэн байдаг. 

  • Хэрэв та автомашин, мотоциклтой бол авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлнө. 

  • Хэрэв та барилга, байгууламж зэрэг үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг бол үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөх шаардлагатай. (Татвартай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС авах боломжтой)

Өөрөөр хэлбэл, та алхам тутамдаа татвар, төлбөр, хураамж төлж, төсвийн орлогыг бүрдүүлдэг гэсэн үг юм. 

Татвар төлөгчийн мөнгийг юунд зарцуулдаг вэ? 

Монгол Улсын нэгдсэн төсөв нь Улсын төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, Эрүүл мэндийн даатгалын төсөв болон орон нутгийн төсвөөс бүрддэг. 

Улсын төсөв нь нэгдсэн төсвийн 80 гаруй хувийг эзэлдэг ба Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яамд болон түүний харьяа байгууллагуудын захиран зарцуулах төсвийг хэлнэ.

Нийгмийн даатгалын сангийн төсвийн орлого нь нийгмийн даатгалын хуульд заасанчлан ажилтан болон ажил олгогчийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэл болон улсын төсвөөс олгосон санхүүжилтээс бүрдэнэ. Уг орлогыг хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөрт зарцуулдаг.

Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв нь төр, иргэн, байгууллагаас төлсөн эрүүл мэндийн даатгалын шимтгэлээс бүрдэж төрөөс үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг санхүүжүүлэхэд зарцуулагддаг.

Орон нутгийн төсөв нь аймаг, нийслэл, сум дүүргийн ерөнхийлөн захирагч бүрдүүлэн, зарцуулах төсөв юм. 

Төсвийн зарлага буюу зарцуулалтыг нарийвчилж үзвэл:

  1. Төсвийн урсгал зардал: Төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагаа явуулахад шаардагдах зардал

  2. Хөрөнгийн зардал: Барилга барих, тоног төхөөрөмж худалдан авах, их засвар хийх, стратегийн барааг улсын нөөцөд байршуулах гэх мэт зардлууд

  3. Эргэж төлөгдөх цэвэр зээл: Нийгмийн хөгжлийг дэмжих зорилгоор төсвөөс хөнгөлөлттэй олгодог зээл бүрдүүлнэ. 

Эдгээрийг тодруулбал: 

  • ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ (Шинээр сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих болон сэргээн засварлах) 

  • БОЛОВСРОЛ (Цэцэрлэгийн хоол, ерөнхий боловсролын сургуулийн үдийн цай, Хүүхэд харах үйлчилгээ, оюутны нийтийн тээврийн хөнгөлөлт, оюутны сургалтын төлбөрийн зээл, дэлхийн шилдэг 100 сургуульд суралцагчдын сургалтын төлбөрийн зээл, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд суралцагсдын тэтгэлэг 

  • ЭРҮҮЛ МЭНД (Урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, эмийн хөнгөлөлт)

  • НИЙГМИЙН ХАЛАМЖ (Хүүхдэд олгох мөнгөн тэтгэмж, цалинтай ээж, асаргааны тэтгэмж, алдарт эхийн тэтгэмж, насны хишиг, хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэмж, асрамжийн үйлчилгээ)

  • ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН, БАЙГАЛЬ ХАМГААЛАЛ (Агаарын бохирдлыг бууруулах)

  • АЮУЛГҮЙ БАЙДАЛ, НИЙГМИЙН ХЭВ ЖУРАМ (Гал унтраах, эрэн хайх, аврах анги, тусгай эмнэлгүүд), зэвсэгт хүчин 

  • СОЁЛ УРЛАГ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ зэрэг маш олон зардлаас бүрддэг. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
2 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
4 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
7 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
1
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.