Анх 2009 онд "ОХУ-Казакстан-БНХАУ" чиглэлд зохиогдож эхэлсэн “Торгоны зам” авто уралдаан ирэх долдугаар сарын 6-16-ны өдрүүдэд "ОХУ-Монгол Улс-БНХАУ" чиглэлд зохиогдох гэж буй нь манай улсын нутаг дэвсгэрээр дайрч буй анхны тохиолдол болж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ оны хоёрдугаар сард “Торгоны зам-2019” авто уралдааныг зохион байгуулах ОХУ болон Монголын талын ажлын хэсгийн уулзалтад оролцох үеэрээ уралдааны аюулгүй байдалд онцгой анхаарч ажиллах ёстойг сануулсан юм.

Тус уралдаанд 30 гаруй орны 300 гаруй баг 5007,96 км замыг туулах бөгөөд ОХУ-ын Иркутск хотоос эхэлж Хятадын Дунхан хотод бариалах юм байна. Монгол Улсаар дайран өнгөрөхдөө Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Дундговь, Өмнөговь аймгуудын нутгаар гурван өдөр уралдах аж.

Уралдааныг 100 гаруй хэвлэл мэдээллийн баг, дэлхийн 190 гаруй улсад дамжуулах бөгөөд тухайн бүс нутагт жуулчдын анхаарлыг татах боломжийг нээж байгаа юм.
Эх сурвалж: Rallyraidnetwork.com