Бүтэн нэг жилийн хугацаанд бүртгүүлсэн баримтын буцаан олголтоо авах цаг хаяанд тулжээ. НӨАТ-ын буцаан олголттой холбоотой мэдээллийг Татварын ерөнхий газрын мэргэжлийн зөвлөгөөний 1800 1288 дугаарын утаснаас тодрууллаа.

- НӨАТ-ын буцаан олголтыг хэзээнээс иргэдийн данс руу шилжүүлэх вэ?
- Хугацааны тодорхой мэдээлэл хараахан ирээгүй байна. НӨАТ-ын тухай хуульд дараа оны нэгдүгээр улиралд багтааж НӨАТ-ын урамшууллыг олгоно гэж заасан.
Хамгийн чухал нь, хэрэглэгчид бүртгэлийн мэдээллээ хянах хэрэгтэй шүү. Тухайлбал, бүртгүүлсэн дансны дугаар бүртгэлийн нэртэй зөрвөл буцаан олголт цуцлагдана. Хамтран эзэмшигчгүй, зөвхөн өөрийн нэр дээрх дансны дугаараа бүртгүүлэх шаардлагатай. Мөн регистрийн дугаар, утасны дугаар заримдаа зөрж байна. Үүнийг засах хэрэгтэй. Бүх мэдээллийг кирилл үсгээр оруулсан байх шаардлагатайг анхаараарай.
- Давхардсан аккаунтаа нэгтгэх тухай сануулгыг Татварын ерөнхий газраас анхааруулж байна. Энэ талаар тодруулаач?
- Хэрэглэгчид хоёроос гурван аккуант нээсэн тохиолдол нэлээд гарсан. Давхардсан аккуантыг нэгтгээгүй тохиолдолд НӨАТ-ын буцаан олголт иргэн таны дансанд орохгүй гэдгийг анхааруулж байна. Давхардсан аккуантыг хэрхэн нэгтгэх тухай зааврыг доорх бичлэгээс үзнэ үү. Энэ сарын 8-наас өмнө давхардсан аккаунтаа нэгтгэх хэрэгтэй.
Дашрамд хэлэхэд, аккуантын нууц дугаараа мартсан тохиолдолд 131313 гэсэн тусгай дугаарт ?(асуултын тэмдэг) илгээж, нууц дугаараа сэргээх боломжтой. Мөн www.ebarimt.mn цахим хуудасны хувь хүн хэсгээс нууц үг сэргээх сонголтыг хийх боломжтой.
- Өмнөх саруудын баримтаа бүртгүүлээгүй тохиолдолд яах хэрэгтэй вэ?
- 2018 оны нэгдүгээр сарын 8-наас өмнө өнгөрсөн(2017) жилийн баримтаа бүртгүүлэх хэрэгтэй. Ингэснээр та НӨАТ-ын 20 хүртэл хувийн буцаан олголтоо авах боломжтой болно.
НӨАТ-ын буцаан олголттой холбоотой илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Татварын ерөнхий газрын 1800 1288 дугаарын утсаар холбоо бариарай.