Зуны налгар өдрүүд биднийг өөрийн дотоод руу өнгийж, өөрийгөө шинээр таних боломжийг олгодог онцгой үе билээ. Ийм үед сэтгэлийн гүнд хүрч, амьдралын утга учир, хүсэл тэмүүлэл, хайр, гунигийг илүү тод мэдрүүлдэг цувралууд хамгийн их хань болдог. Доорх 8 бүтээл бол тэр чигтээ мэдрэмжийн аялал байх болно.
1. The Midnight Gospel (2020)

Хөгжилтэй хүүхэлдэйн кино мэт харагдавч, гүн гүнзгий философи, амьдралын утга учир, үхэл, хайр, уучлалын тухай яриануудад нь та өөрийн эрхгүй бясалгалд автана. Подкаст болон уран сайхны дүрслэл хосолсон өвөрмөц хэлбэртэй “The Midnight Gospel” нь үзсэн даруйд танд ямар нэгэн шинэ зүйлийг мэдрүүлэх болно.
2. The OA (2016–2019)

Хэний ч бүрэн ойлгошгүй мэт, дахин дахин үзмээр санагдах сэтгэл хөдөлгөм түүх. Алга болоод долоон жилийн дараа гэртээ эргэн ирсэн бүсгүйн түүх зөвхөн нууцлаг байгаад зогсохгүй, итгэл, аврал, хүмүүний холбоо, ертөнц, үхлийн тухай тун өвөрмөц бөгөөд нулимс дуслуулам гүн мэдрэмжид автуулна. The OA таны бодлыг сэрээж, төсөөллийг тань тэлэх бүтээл.
3. After Life (2019–2022)

Нөхөрлөл, дурсамж, шаналал, инээд, уучлал, хүний сайхан сэтгэлийг гүн гүнзгий харуулсан “After Life” бүтээл нь хайртай хүнээ алдсаны дараах хүнд хэцүү цаг үед амьдралыг ойлгож, өөрийгөө тэвэрч, дахин амьдрах урам зориг өгөх бүтээл. Гуниг, хошигнол, ухаарал гурвын гайхалтай тэнцвэр.
4. Normal People (2020)

Хүмүүсийн дунд хэзээ ч ил тод яригддаггүй, гэхдээ бидний дотор үргэлж оршдог мэдрэмжүүд болох эмзэг байдал, ичгүүр, анхны хайр, төөрөлдөл, дахин холбогдох оролдлого зэргийг харуулна. “Normal People” бол дотоод ертөнцийн хамгийн гүн рүү өнгийсөн хайр дурлалын түүх.
5. The Leftovers (2014–2017)

Хэн нэгэн гэнэт ор сураггүй алга болоход үлдсэн бид хэрхэн амьдарч, юу мэдэрч, хэрхэн итгэл найдвараа тээж үлддэг вэ? “The Leftovers” цуврал сэтгэл зүйн хувьд гүнзгий, өвтгөм ч гэлээ хэзээ ч мартагдахааргүй.
6. The Bear (2022–...)

Чанга орилоон, халуун гал тогоо, ах дүүгийн эмзэг харилцаа, дотоод дуу хоолой... Хүн дотроо нэгэн зэрэг ямар эмзэг, ямар хүчтэй, ямар тэвчээртэй байж болохыг өдөр тутмын ширүүн амьдрал дунд ил гаргаж харуулдаг. Сэтгэл хөдөлгөм, кино найруулгын хувьд ч бүрэн хэмжээний кино мэт түвшинд бүтээгдсэн чанартай цуврал.
7. The Sandman (2022–...)

Зүүдний эзэн Морфиус өөрийн хаант улсаа эргүүлэн авах аялалдаа гарахдаа хүн төрөлхтний үнэн нүүр, дотоод зөрчил, хүсэл тэмүүллийн мөн чанартай нүүр тулна. Уран зөгнөл, философи, уран зохиолын хэлэмж төгс хосолсон бүтээл гэж хэлж болно. Та жинхэнээсээ зүүдэн дундаа аялж буй мэт санагдаж, энэ ертөнцөд үүрд татагдана. Шинэхэн бүлэг нь дөнгөж сая орсон тул одоо үзэхэд яг л тохирно.
8. Undone (2019–2022)

Сэтгэлзүйн эмгэг, цаг хугацаа, бодит болон хийсвэр ертөнцийн заагийг өөр өнцгөөс өгүүлдэг өвөрмөц уран сайхны бүтээл. Ротоскоп анимейшн техникээр бүтээгдсэн нь үзэх агшинд өөр ертөнцөд орсон мэт мэдрэмж төрүүлнэ. Энэхүү бүтээлийн хөндөж буй, “Бид өнгөрснөө өөрчилж чадах уу?” хэмээх асуулт яг л зүрхэнд тусна.