UBLife Logo
Кино

2018 оны Японы шилдэг 10 кино

2018 оны Японы шилдэг 10 кино

Энэ жил Японы кино урлагийн хувьд тун сонирхолтой жил болж өнгөрлөө. Та яагаад гэдгийг мэдмээр байна уу?

10. Sea (Кэнсэй Такахаши)

Киноны үйл явдал ахлах сургуулийн нэгэн сурагч Хирошигийн эргэн тойронд өрнөх болно. Тэрбээр бусдад дээрэлхүүлж, шоглуулсаар тэр амьдралаа орхихын хүслэн болдог байна. Уг киноны найруулагчаар Кэнсэй Такахаши гэх залуухан нэгэн ажилласан бөгөөд уг киногоороо өөрийн чадварыг харуулж чаджээ. Дүр тус бүрийн зовлон шаналал, мэдрэмжүүдийг их тодоор харуулж чадсан нь түүний дүртэйгээ маш сайн ажиллаж чаддагийг илтгэж чаджээ. 

9. Passage of Life (Акио Фүжимото)

Энэ бол Япон руу визгүй орж ирэн амьдарч байсан бодит гэр бүлийн тухай кино юм. Бирм хэлээр ярьдаг тус гэр бүлийнхэн хүнд хэцүү амьдралыг туулсаар ирсэн тул Японд үлдэх гэж хичээх боловч тэдний хүсэлт татгалзсан хариуг авсаар байдаг аж. Тус гэр бүлийнхэнд юу тохиолдсон болоод ямар хүнд хэцүү зүйлсийг туулсныг уг киноноос үзээрэй. 

8. Call Boy (Дайсүкэ Миүра)

Японы кино урлагт эротик хэсгүүд бараг л хориотой шахам байдаг боловч уг кинон дээр тэдгээр дотно харилцааны хэсгүүдийг ихээхэн өвөрмөц байдлаар шууд харуулж өгсөн нь уг киноны онцлог байсан юм. Их сургуулийн оюутан залуу нэгэн эмэгтэйн удирдлага дор "дуудлагын залуу" болж буй тухай өгүүлэх уг кинонд гол дүр өөрөө өөрийгөө танин мэдэх гэсэн хүслийг ч харуулна. Найруулагч дотно харилцааны хэсгүүд дээр төвлөрч, киногоороо мэдрэмж, дур хүслийг илүүтэй харуулахыг зорьсон нь та бүхэнд илт мэдрэгдэх болно.

7. One Cut of the Dead (Шиничиро Үэда)

Зомбитой кино хийнэ гэдэг тийм ч амар зүйл биш. Гэхдээ Far East Festival дээр уг киноны дараа хүмүүс 5 минутын турш босч алга ташсан гэдэг. Уг кино зомбигоор дамжуулаад өнөөгийн энтертайнмент ертөнцийн бүх талыг гайхалтайгаар шоглон үзүүлж чадсан юм. Та бүхэн заавал үзээрэй.

6. Liverleaf (Эйсүкэ Найто)

Рэнсүкэ Ошикирогийн "Misumisou" гэх цуврал манганаас сэдэвлэн бүтээсэн өсвөрийн драма бүтээл. Өнөө үед хамгийн том асуудлуудын нэг болоод байгаа нэг нэгнээ дээрэлхэх, доромжлох гэсэн сэдэв дээр хийгдсэн тул маш чухал бүтээл гэгдэж буй. Мөн Хидэтоши Шиномияагийн зураглал уг киноны хамгийн онцлох зүйлсийн нэг юм. Тэр тусмаа цасан дунд зогсож буй тэр нэгэн хэсэг.

5. Birds Without Names (Казүяа Ширайши)

Махокарү Нүмата, Канаэ Минато, Юүкико Мари нарын ачаар Японд сүүлийн үед ихээр танигдаж эхлээд буй нууцлаг фикшн төрлийн кинонуудын бас нэгэн жишээ. Минатогийн "Confessions"-тэй ижил төрлийн мэдрмэж төрүүлнэ. Үг, харилцан яриа гэхээсээ илүүтэйгээр тухайн хүний сэтгэл хөдлөлийг харуулах байдал нь илүүтэй давамгайлсан кино. 

4. Bad Poetry Tokyo (Аншул Чаухан)

Энэтхэгт төрсөн найруулагч цэргийн сургуулийг төгсөж, Японы инди киноны ертөнцөд ажиллана гэж хэн төсөөлөх билээ дээ. Уг кинонд гоо сайхан, худал хуурмаг гэх зүйл үгүй мэт "нүцгэн"  байдлыг харуулахыг зорьсон нь илт. Мөн хүчирхийллийг тод томруунаар харуулахыг зорьсныг нь ч та анзаарч болно. Мөн эрчүүд эмэгтэйчүүдийг илүүтэйгээр давамгайлсан ертөнцийн тухай ч үзүүлнэ. Олон санааг агуулсан энэ кинонд Лондонд сурч төгссөн мундаг жүжигчин Шүна Ийжима гайхалтай дүрийг бүтээж чадсан юм.

3. Blood of the Wolves (Казүяа Ширайши)

Якүзагийн тухай кино хийх нь тус найруулагчийн хувьд зайлшгүй бөгөөд хэрэгтэй зүйл байсан гэж хэлж болно. "Training Day" киноны хэв маягаар хийгдсэн, "The Yakuza Papers" киноны мөн чанартай мөн тун ч төстэй уг бүтээл энэ оны онцлох бүтээлүүдийн нэг байлаа. Юүко Юзүкигийн "Korou no Chi" романаас сэдэвлэсэн уг бүтээлд Японы алдарт жүжигчин Кожи Якүшо тоглосон юм.

2. Shoplifters (Хироказү Кореэда)

Япон найруулагч Хироказү Кореэда эгэл амьдралын түүх, гэр бүлийн харилцаа, бидний тэр болгон анзаардаггүй жижигхэн зүйлсийг ч томруулан харуулсан бүтээлүүдээрээ ихээхэн алдартай нэгэн. Та бүхэн уг киноноос эгэл амьдрал, жаргал зовлон хосолсон гэр бүлийн амьдралын дүр төрхийг олж харах боломжтой. Оскарын гадаад хэл дээрх шилдэг киноны "shortlist"-д багтаад байгаа юм. 

1. Killing (Шиняа Цүкамото)

"Fires on the Plain" киногоороо тэр гарцаагүй өөрийгөө бүрэн тунхаглаж чадсан. Харин энэ киногоороо тэр энэ жил үнэхээр эзэгнэж чадсан юм. Мэдээж та бүхэн самүрайтай кинонд дуртай бол энэ хамгийн зөв сонголт байх болно. Японы түүх, урлаг соёлд хайртай хүн бүхний заавал сонирхон үзэх кино энэ байх болно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
4
0
0
1
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.