UBLife Logo
🥇 Парис - 2024

Сайн байна уу, СЕНТ ЛЮСИ?

Сайн байна уу, СЕНТ ЛЮСИ?

"Парис-2024" Зуны олимпын XXXIII наадмын хөнгөн атлетикийн уралдаан тэмцээн өчигдөр эхэлсэн. Тэгвэл өнөөдөр хамгийн их үзэгчдийн анхаарлыг татдаг төрлийн нэг болох эмэгтэйчүүдийн 100 м -ийн гүйлтийн финал дуулиан шуугиан дүүрэн боллоо.

Энэ зайд шилдэгт тооцогддог, түрүүлэх магадлал хамгийн өндөр, Ямайкийн домогт гүйгч, 100м-ийн олимпын хоёр алттай (+400х100м алт) 37 настай Шелли Энн Фрэйзер Прайс, Америкийн залуу од  Ша'Кэрри Ричардсон (24 настай) нарын хооронд, хашир туршлага-залуу насны "дуэль" болно хэмээн бүгд таамаглаж байсан байхаа.

Харамсалтай нь хагас шигшээд уралдаан эхлэхэд Ямайкийн домогт гүйгчийн зам хоосон байх нь тэр. Олимпын 3 алт, 3 мөнгө, 1 хүрэл, ДАШТ-ий 10 алт, 4 мөнгө, 1 хүрэл медальт Шелли Энн Фрэйзер Прайсыг бие халаалтын талбайд хамгаалалтын албаныхан нэвтрүүлээгүй гэсэн мэдээлэл байна. Хамгийн харамсалтай гэх ч багадна, зохион байгуулалтын буруу арай  дэндүү.

Энэ байдал Ричардсонд ч бас тохиолдож.  Хоёр тамирчин хоёулаа Олимпийн тосгонд бус ая тухаа бодоод нам гүм зочид буудалд буусан аж. Ингээд бие халаалтын талбайн үүдээр нэвтрүүлээгүй байна. Эсвэл баг тамирчдын автобусаар нэвтрэх, эсвэл бүүр холын хаалгаар оруулахаар дүрэм өөрчлөгдсөн гэжээ. Олимпын тосгонд байсан тамирчдад энэ мэдээлэл хүрсэн ч зочид буудалд буусан тамирчид огт мэдээгүй аж. Ямайка гүйгч "Өчигдөрхөн бид нар энэ хаалгаар зүгээр орж бэлтгэлээ хийсэн. Дүрэм журам хэзээ өөрчлөгдсөнийг хэн ч хэлээгүй, энэ бол санаанд багтамгүй зүйл" гэж ярьсан байна.

Ингээд Шелли эгдүүцсэндээ тойруу замаар явж, Ричардсон хаагуур орсон мэдээлэл алга.

Хагас шигшээд Шелли замд гарсангүй, харин Ша'Кэрри ямар ч байсан уралдсан. Гэхдээ маш их нервтсэн, хоёроор барианд орсон. Бие халаалтаа бүтэн, бүрэн хийгээгүй нь тодорхой.

Шеллиг хоцорсон ч гэсэн бие халаалтын талбайд гарсан, гэвч өвдөгний шөрмөс нь зовиуртай байсан тул уралдааны замд гараагүй гэж Jamaica Observer бас мэдээлсэн. Шелли өөрөө, бас Ямайкийн багаас одоогоор ямар нэг мэдээлэл өгөөгүй байгаа.

За ингээд хэдийгээр нэг гол баатаргүй, хүлээсэн дуэль болохгүй ч финал эхэллээ.

Гэхдээ Ша'Кэрри Ричардсон биш 23 настай Сент Люси хэмээх Карибын тэнгист орших 190 мянган хүн амтай жижигхэн арал улсын гүйгч Жюльен Альфред 10,72 секундын амжилтаар түрүүлж, олимпын аварга боллоо, гайхамшигтай! Гараанаас эхлээд л тасарсан, тэр чигтээ барианд орлоо доо.

Дуулиант залуу од Ша'Кэрри 10,87 сек амжилтаар "дөнгөж" мөнгө, бас нэг америк гүйгч Мелисса Жефферсон 10,92 сек -ээр хүрэл медаль зүүв.

100 м

1. Жюльен Альфред (Сент-Люси) – 10,72

2. Ша’Кэрри Ричардсон (АНУ) – 10,87

3. Мелисса Жефферсон (АНУ) – 10,92

Хэдийгээр хэн ч Олимпын аварга болно гэж таамаглаж байгаагүй (Сент Люсигийн ард түмнийг эс тооцвол) ч Жюльен Альфред бол хөнгөн атлетикт, тэр тусмаа ойрын зайд цоо шинэ хүн бас биш.

Энэ жил танхимын ДАШТ-ий 60м-т түрүүлсэн, өнгөрсөн жил ДАШТ-д 100 метрт "айргийн тавд", 200 метрт дөрөвт орж байсан юм байна.

Жюльен Альфред ийнхүү Сент Люси улсын түүхэнд Олимпын анхны медалийг авлаа. Авах авахдаа АЛТ шүү!

Гайхамшигтай гэхээс өөр юу хэлэх билээ. Өнөөдрөөс эхлээд Жюльен Альфред гэдэг нэр, Сень Люси хэмээх улсынхаа нэрийн хамт дэлхий даяар дуурсагдаж байна даа. Баяр хүргэе! Жюльен Альфред, Баярлалаа,Сент Люси!

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
3
0
2
1
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...