Өнгөрсөн амралтын өдрүүдэд HAPPY PARK-т өнгөлөг, зуны зугаатай фестиваль болон Бороо арт маркет болж өнгөрснийг мэдсэн үү?

CIPYTOP FESTIVAL нь Улаанбаатар хотын залуучуудын амьдрал, хотын соёл, хотын түүх, хотын хөгжим гэх зүйлсийг жил бүрийн 8-р сард нэг дор төвлөрүүлэх зорилгоор зохион байгуулагдсан бөгөөд Монголын амьд хөгжмийн домгууд болон шинэ цаг үеийн хамтлагууд 2 хоногийн турш нэг тайзан дээр цугларч, бид бүхэнд энэ хотын талаарх өөрсдийн мэдрэмжүүдээ хөгжмөөр дамжуулан хүргэсэн юм. Мөн үүний хажуугаар чадварлаг уран бүтээлчид хамтран бороо арт маркетыг толилуулснаараа онцлогтой.

Бороо арт маркетыг онцолбоос 2D аниматор Г.Саранчимэг (Saraa Amber), Иллюстратор, Michel & Amazonka брэндийн хүүхдийн хувцасны дизайнер Б.Энх-Оюун (Tarakash), Бар зургийн зураач, multidisciplinary уран бүтээлч Х.Сүрэн (Suzy) гэх залуухан бөгөөд эрч хүчтэй гурван уран бүтээлч “Boroo Art Market”-ийг зохион байгуулдаг ба тус арт маркетад дээр дурдагдсан гурван уран бүтээлчдээс гадна залуу уран бүтээлчид нэгдэн өөрсдийн бүтээлийг хүртээмжтэйгээр олон нийтэд хүргэхэд зориулсан өдөрлөг юм.

Тэд тус арт маркетдаа бүхий л зүрх сэтгэлээ шингээсэн ба хүрэлцэн ирсэн хүн бүртэй уриалгахан уулзаж дурсамж болох чамин уран бүтээлүүдээ танилцуулсан нь сэтгэл хөдөлгөм байлаа.












