Өнгөрсөн Нагоя башёд арав дахь түрүүгээ авсан ёкозүна Тэрүнофүжи 8-нд Токиод эхлэх Намрын тэмцээнд барилдахгүй бололтой. Өчигдөр дэвжээнийхээ бэлтгэлд оролцсон ч барилдсангүй, тачиай золголтын дасгал л хийлээ. Одоо хүртэл барилдааны бэлтгэл хийгээгүй байгаа авргын талаар Исэгахама ояката сэтгүүлчдэд “Та нар ч хараад ойлгож байгаа биз дээ. Формдоо ороогүй, биеийн байдал нь ч тааруухан байгаа” гэж тайлбарласан байна.
Тэрүнофүжи наймдугаар сарын тойргийн барилдаан болон 29-нд явагдсан Ёкозүнагийн зөвлөлийн хамтарсан бэлтгэлд гэмтлийн улмаас оролцоогүй бөгөөд “Шижин өвчний улмаас 10 кг жин хассан” гэдгээ ярьж байсан билээ.