Японы сүмо бөхийн холбооноос өнөөдөр Намрын тэмцээний эхний хоёр өдрийн оноолтыг зарлалаа. Өнгөрсөн долоодугаар сард өвдөгний мэс засалд орсон ёкозүна Хоошёорюү барилдахгүй өнжих шийдвэр гаргажээ. Сүүлийн үед Японы хэвлэлээр түүний талаар их бичиж байгаа. Хоошёорюү ёкозүна цол хүртээд 9 башё өнгөрч байгаа ч аварга цолтой нэг ч түрүүлээгүй байгаа, гэмтэл бэртэл ихтэй гээд бичих сэдэв ч их байна.
Энэ сарын 1-нд болсон цолтой сүмочдын хурлын дараа Хоошёорюү сэтгүүлчдэд “Намрын тэмцээнд барилдах бодолтой байгаа. Зодоглох эсэхээ оноолт гарах өдрийн өмнө шийднэ” гэж хэлсэн. Харин сүмо сонирхогчид “Гэмтлээ бүрэн эдгээгээд барилдаарай”, “Одоо амжилтгүй барилдвал зодог тайлах шаардлага ирнэ шүү” хэмээн санаа зовж байсан билээ.
Өнөөдөр түүний багш Тацүнами ояката “Барилдах боломж үнэхээр байхгүй байгаа тул Сүмо бөхийн холбоо, бөх сонирхогчдоос хүлцэл өчиж байна. Гэмтэл нь бүрэн эдгэрээд түрүүлэх өрсөлдөөнд орж чадах болсон үед нь барилдуулна. 11 сарын тэмцээнд зодоглох эсэх тодорхойгүй. Өнгөрсөн Нагоя башёд Хоошёорюүтэй дахин дахин өнжөөд байвал зодог тайлах болно гэдэг талаар ярилцсан. Сэтгэлээр унаад хэцүү байгаа. Дээр нь нойргүйдэл. Унтаж чадахгүй байна гэж хэлсэн. Хоолны дуршил байхгүй. 150 кг байснаа 140 кг болж жин хасаад байна” гэж шавийнхаа талаар өгүүллээ.
