АНУ-ын холбогдох байгууллагаас 2022 онд гаргасан “Шашны эрх чөлөөний” талаар хийсэн судалгаанд, Монгол Улсын 15-аас дээш насны иргэдийн 59.4% нь ямар нэгэн шашин шүтдэг, энэхүү иргэдийн 87.1% нь өөрсдийгөө буддын шашинтан гэж тодорхойлдог гэжээ. Тэгвэл бидний багаасаа ном, сургаалыг нь сонсож өссөн, Монгол Улсын түүх, соёл урлаг, амьдралын хэв маягтай салшгүй холбоотой буддын шашны талаар мэдэхэд илүүдэхгүй зарим баримтуудыг танилцуулж байна.
Түүх, үүсэл гарал
Буддизм буюу буддын шашин нь МЭӨ 5-6-р зуунд Гаутама (Будда) эртний Энэтхэгт үүсгэн байгуулсан философийн санаа болон шашны төрөл юм.
Будда нь Лүмбин бүс буюу одоогийн Балба (Непал) улсын газар нутагт язгууртны гэр бүлд төрж өссөн гэж үздэг.
35 насандаа Нирваан буюу гэгээрэлд хүрсэн ба нас эцэслэх хүртлээ сурсан мэдсэнээ бусдад зааж, хуваалцаж, өнөөгийн буддын шашны суурыг тавьсан гэж үздэг байна.

Тоо баримтууд
Дэлхий даяар нийт 520 сая буддын шашинтан байдаг бөгөөд БНХАУ, Тайвань, Мьянмар, Тайланд, Вьетнам, Монгол улсуудад голчлон амьдардаг байна.

Гол сургаал, үндсэн зарчим
Буддын шашны урсгалаас хамааран, олон төрлийн итгэдэг сургаал номлол байдаг. Гэхдээ дор дурдсан зарчмуудыг ихэнх урсгал хүлээн зөвшөөрдөг ба үндсэн зарчим гэж нэрлэж болно.
Дөрвөн үнэн
Буддын шашны үндсэн сургаалууд нь дараах дөрвөн үнэнд суурилдаг байна.
Зовлон үнэн буюу амьдрал зовлон шаналал, харууслаар дүүрэн байдаг;
Зовлонгийн шалтгаан үнэн буюу энэ зовлон шаналлын үндэс нь хүсэл тачаал, мунхаг байдлаас үүсдэг;
Зовлонгоос ангижрах үнэн буюу зовлон шаналлаас зөвхөн энэ хүсэл тачаалаас ангижирч байж салах боломжтой;
Зовлонг гэтлэх зам үнэн буюу зовлонг бүр мөсөн дуусгахыг хүсвэл найман зөв зам мөрийг дагах хэрэгтэй.

Найман зөв зам мөр
Эдгээрийг дагаж мөрдсөнөөр гэгээрэлд хүрэх боломжтой гэж үздэг байна. Үүнд:
Зөв үзэл: Бодит байдлыг болон Дөрвөн үнэнийг ойлгож хүлээн зөвшөөрөх;
Зөв санаа: Шунал, уур уцаар, бохир бодлоос ангид сайн санааг эрэлхийлэх;
Зөв үг: Үнэн зөв, сайн сайхныг ярих;
Зөв үйл: Хулгай дээрмээс холуур байж ёс зүйг эрхэмлэн сахих;
Зөв амьдрал: Бусдад муу үйл хийхээс зайлсхийж өөрийн зам мөрөөр зөв чигт амьдрах;
Зөв хүсэл: Эерэг, сайн сайхан бодолтой байх;
Зөв ухаарал: Бие сэтгэлээ халамжлан хянаж өөрийгөө ялан дийлэх;
Зөв бясалгал: Бясалгалын тусламжтайгаар уухаарал төвлөрлийг эрхэмлэх.

Үйлийн үр болон дараа төрөл
Үйлийн үр буюу карма нь таны өнгөрсөнд хийсэн, одоо хийж буй үйлдэл нь ирээдүйд эерэг, сөрөг үр дагавар дагуулахыг хэлнэ.
Самсара нь үйлийн үрээс хамаарсан төрөлт, үхэл, дараа төрөлдөө дахин төрж буй амьдралын тойргийг хэлдэг.
Нирваан буюу оюун санаа бясалгалын хүчинд энэ тойргоос гарч гэгээрлийг олж чадах үйлдэл юм.

Будда бол багш
Буддын шашинд Буддаг бурхан гэж үздэггүй, харин гэгээрлийг олсон, гэгээрэлд чиглүүлэгч их багш гэж үздэг.
Ариун зан үйлүүд
Бясалгал буюу оюун санаагаа зөв зүйл дээр төвлөрүүлэх нь буддын шашны чухал ариун зан үйлүүдийн нэг юм. Бидний сайн мэдэх тарни, маань унших зэрэг үйлдлүүдийг нэг төрлийн бясалгал гэж үздэг байна.

Ариун судар номнууд
Буддын шашинд олон төрлийн “sutra” буюу судар, номуудыг өдөр тутмын зан үйлсдээ өргөнөөр ашигладаг. Монгол Улсад хамгийн түгээмэл ашиглагддаг ном судруудаас дурдвал:
Бурхан багшийн ном, сургаалын эмхэтгэл буюу “Ганжуур”. Энэхүү сударт Энэтхэг, Төвөдийн мэргэд тайлбар хийсэн хувилбар буюу “Данжуур”;
Үйлсийг тэтгэх судар буюу “Ногоон дарь эх”;
Цагаан хэл амыг зайлуулагч судар буюу “Цагаан шүхэрт”.

Ариун газрууд буюу мөргөлийн өргөө
Буддын шашны мөргөл хийдэг газрыг сүм хийд гэж нэрлэдэг. Сүм гэсэн үг нь шашны зан үйл хийдэг газрын ерөнхий нэршил юм. Хийд нь буйд газар гэсэн утгатай бөгөөд хүний хөл үймээнээс алс буйд газар байгуулагддаг байсан учраас хийд гэж нэрлэх болсон гэдэг.
Дуган - лам нарын ном уншлагын газрын нэршил.

Цээрлэдэг, хориглодог зан үйл
Буддын шашинтнууд дараах хүний ёс зүйд нийцэхгүй үйлүүдийг ямагт цээрлэдэг аж.
Амьд биетийн амь таслах, хохирол учруулах;
Хулгай дээрэм;
Ёс бус бэлгийн харилцаа;
Худал ярих;
Оюун санааг булингартуулагч хортой идээ, ундаа хэрэглэх.

Тэмдэглэлт баярын өдрүүд
Хамгийн том тэмдэглэлт баяр нь Бурхан багшийн их дүйчин өдөр бөгөөд манайд Зуны тэргүүн сарын шинийн 15-ний өдөр тэмдэглэдэг. Зүүн өмнөд азийн орнуудад Весак (Vesak) гэх нэрийн доор тэмдэглэдэг байна.

Эх сурвалжууд:
education.nationalgeographic.org
The Religion Book 2013, DK Publishing