Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

Univision кино санд шинээр нэмэгдсэн үзүүштэй 6 кино | Tegshee’s Movie Corner


EMMA 

Жэйн Остины сонгодог бүтээл “Эмма” романаар хийгдсэн кино, жүжиг, дэлгэцийн бүтээл мундахгүй их. Харин Жими Хендриксээс эхлээд Ник Кэйв гэхчлэн амьд хөгжмийн одуудын хөрөг зургаараа танигдсан гэрэл зурагчин эмэгтэй Отем де Уайлдийн кино найруулагчийн хувиар ажилласан анхны бүтээл, энэ оны шинэхэн “Эмма” кино юугаараа онцлог, юугаараа үзүүштэй байв? 

Кино романы алдарт эхлэл болох “Эмма Вүдхаус бол царайлаг, ухаалаг, чинээлэг, ааль зан сайтай авхай агаад тав тухтай гэр орондоо хорин нэгэн жил амьдрахдаа түүнийг шаналгаж, цухалдуулах зүйлтэй барагтай тулгарч байгаагүй аз хийморьтой нэгэн” гэсэн үгсээр эхэлнэ. Эл үгс Эмма гэж хэн болохыг анхнаас нь тун сайн тодорхойлдог. Хангалуун, чинээлэг, язгууртны амьдралд элдэв зовлон туулалгүй, тааваараа өссөн Эмма өөрийгөө бүхнийг мэддэг, ухаалаг, бусдын амьдралыг шийдэж зохицуулах эрх дархтай нэгэн хэмээн санадаг. Эммагийн эл давилуун, танхи байдал, одоогийн бидний нүдээр бол ихэд тээртэй үзэгдэх язгууртнуудын ямба ёсыг кино эхлэхээс авхуулаад тун зугаа егөөтэй байдлаар дүрсэлдэг. Өмнөх уянгын, романтик жанр голлосон “Эмма”кинонуудаас Отем де Уайлдийн эл “Эмма” энэхүү хошин, зугаатай шинжээрээ илт ялгарч, орчин цагийн үзэгчдийг залхаагаад байхааргүй адтай шинжтэй болжээ. Хэдэн сая хүнийг шатарт хуйлруулан дурлуулах шалтгаан болсон Netflix-ийн цуврал “Queen’s Gambit” киноны сод шатарчин Бет Хармонийн дүрийг бүтээсэн жүжигчин Аня Тейлор Жой энэ удаад ч бас мэддэггүй гэдгээ ч мэддэггүй мөртлөө бүхнийг мэддэг гэж төөрөлдсөн, үл ялиг ихэрхүү, ухаалаг юм шиг мөртлөө гэнэн Эммагийн дүрийг тун чадмаг бүтээснээрээ киноны эл гашуун егөөтэй, зугаатай чанарыг улам товойлгосныг гарцаагүй онцлох учиртай. 

Кино цааш өрнөж бусдын хайр сэтгэлийн асуудлыг зохицуулж, зуучилж, хүмүүсийн амьдралыг зохицуулдаг адтай, ухаалаг Эмма үнэндээ өөрийн сэтгэл зүрхний асуудал, амьдралд тулаад ирэхээр бодсон шигээ нэгэн биш болохоо ухаарах эргэлтээс, дүрүүдийн харилцаа энгийн нэгэн танилын хэв ёсноос хальж дотносож, сэтгэл зүрх хутгалдан гүнзгийрэх хэрээр киноны уур амьсгал ч аажмаар романтик шинж рүү шилжин уусах нь үзэхэд улам таатай ухаалаг шийдэл байв. Товчхондоо эл “Эмма” залуусын хайр дурлал, харилцаа, гэрлэлт гэх мөнхийн асуудлыг хөндсөн сонгодог зохиолыг тухайн цаг үеэс нь салгалгүй дүрсэлсэн ч киноны уур амьсгал, дүрүүд, агуулгаараа тун зугаатай, орчин үелэг, бас романтик мэдрэмж төрүүлэхүйц байснаараа тун үзүүштэй болжээ.



1917

Найруулагч Сэм Мендесийг зарим үзэгч “American Beauty”, “Revolutionary Road” зэрэг гарамгай хийгдсэн гэр бүлийн драм киногоор нь, зарим үзэгч Жэймс Бонд цувралын “Skyfall”, “Spectre” зэрэг блокбастераар нь мэдэх байх. Аль нь ч байлаа бид түрүү онд энэ цагийн эл гайхалтай найруулагчийн хавьд хийгдээгүй нэгэн чансаатай бүтээлийнх нь гэрч болох хувь тохиосон билээ. Тэр бол найруулагч өөрийн өвөөгийн бодит түүхээс сэдэвлэн хийсэн “1917” гэх дайны сэдэвт кино. Дайн хэмээх нүсэр агуулгыг фронтод мэдээ хүргэхээр явж буй хоёрхон цэргээр хувьчлан харуулсан нь энэ жанрын киноны хувьд шинэчлэл болсон төдийгүй, дайны аймшиг, цөхрөл, утгагүй хоосныг заавал хүнд, дарамттай “тээшээр” биш яруу аргаар үзүүлж болохыг “1917” киноны төгсгөлд эрхгүй мэдэрнэ. Мөн “1917”-д бид ахин нэг гайхамшгийн гэрч болсон нь амьд домог Рожер Дикинсийн зураглаачийн ажил юм. Зураглаач Рожер Дикинс киноны эвлүүлэгчтэй хамтран 119 минутын киног хоёрхон урт зураг авалтаас бүрдсэн юм шигээр гарамгай хийж чадсан. Дайны гал дундуур мэдээ хүргэхээр яваа гол дүрийн хоёр цэргийг үзэгчид эгээ л мөр зэрэгцэн дэргэд нь дагаад гүйж байгаа юм шиг тийм ойроос, хувьчлан мэдрэх бололцоо олгосон нь эл хийцээрээ “1917” үнэхээр онцгой. 

Мэдээж кино урлагийн олон гайхамшигийн цогц болсон ийм бүтээлийг кино театрт үзсэн бол бүр л гайхалтай байх байсан биз. Нэгэнт тийм боломжгүйгээс хойш удирдлагынхаа хэдхэн товчлуурыг дараад гэрээсээ дуу, дүрсний өндөр чанартай зохиогчийн эрхтэй үзчихнэ гэдэг бас л чамлахааргүй завшаан. Тиймээс “1917”-г үзэх л үлдлээ.


ETERNAL BEAUTY

Жэйн шинэ жилээр өөртөө бэлэг худалдан авч боолгосныгоо гэрийнхэндээ өгч өөртөө бэлэглүүлдэг өрөвдөлтэй, ужгарсан шизофрени өвчнөөр тарчилж даван туулах гэж ядаж яваа зовлонтой, дутуу юмгүй бүрэн бүтэн, тухтай, товхийсон гэртээ “утас”-наас өөр ханьгүй амьдардаг ганцаардмал дундаж насны эмэгтэй. 

Киноны эхлэлд хуримын даашинзтайгаа удахгүй өөрөө босгоор нь давах хайр дүүрэн, аз жаргалтай амьдралынхаа үүдэнд хөөрч догдлон гүйж очих үзэсгэлэнтэй эмэгтэйг чухам юу тийм өрөвдөлтэй, зовлонтой, ганцаардмал Жэйн болгон хувиргав? 

Тэнгэрт нисэж явсан шувууг хэн нэг хорон санаатан, эсвэл хөндлөнгийн нэг анчин буудаад далийг нь гэмтээчихэж гэж бодьё. Энэ тохиолд хөөрхий шувуу нам үхчихээгүй л бол азгүй тохиолыг зүхээд шархаа хатамжлан эдгээхээс өөр замгүй. Гэтэл зарим сум хорон санаатан, эсвэл хөндлөнгийн нэг анд шунасан анчин биш хамгийн хайртай хүмүүсээс чинь ирдэг. Тийм сумны шарх л эдгэшгүй гүн шарх болон тогтдог. Энэ кино магад Жэйн гэх эмэгтэйгээр төлөөлүүлсэн ийм нэг “шарх”-ны тухай кино байх.

Найруулагч Гильермо Дел Торог карьерынха нь оргилд хүргэсэн “Shape of Water” киноны хэлгүй, дүлий, согогтой, шархтай ч давтагдашгүй онцгой Элисагийн дүрийг бүтээсэн жүжигчин Салли Хокинсийн шижир авьяас “Жэйн”-ий дүрээр ахин гялалзахыг харах бахдалтай байлаа. 

Киноны төгсгөлд киноны эхэнд гарсан үзэсгэлэнт Жэйнээс огт өөр Жэйнийг үзэгчид олж харах ч, магад “Мөнхийн гоо үзэсгэлэн” гэсэн киноны нэрний утгыг чухам төгсгөлөөс л илүүтэй мэдрэх биз ээ.


TENET 

Кристофер Нолан бол цомхон төсөвтэй инди киноноос эхлээд хамгийн нүсэр төсөвтэй, аварга блокбастер хийх хүртлээ хувьссан, уран бүтээлчийн хувиар тун онцгой замнал туулж яваа энэ цагийн хамгийн алдартай найруулагчийн нэг. Сүүл үед Кристофер Нолан гэхээр шинжлэх ухааны зөгнөл, тэр дундаа цаг хугацааны ойлголттой сүлсэн шинжлэх ухааны зөгнөлт киног орчин цагт оргилд нь хүртэл олонд хүртээмжтэй, онц сонирхолтой хийж чаддаг найруулагч гэсэн “чанарын тэмдэг” гэж ойлгогдохоор болсон гэхэд хилсдэхгүй. “Inception”, “Interstellar” гээд үүний ялгуун баталгаануудыг нь дурьдахад л хангалттай. 

“Tenet” ч тэр Кристофер Ноланы энэ чанарын тэмдгийн бас нэг баталгаа юм. Гэхдээ адал явдлын тун үлэмж ихсэж, үзэгчийг хором ч сөхөө авхуулахгүй эргүүлгэндээ хамж, үймэхийн зэрэгцээ хажуугаар нь хоёр чигт өрнөж буй цаг хугацааны ярвигтай урсгалын учрыг олох, киноны илт үзэгдэх адал явдлын цаана лугших “дэлхийд хүн төрөлхтөн яаж хандаж буй” талаарх байгаль орчны сэрэмжлүүлэг гээд олон зүйлийн учрыг давхар барьж ойлгох гэж тархи толгойгоо олон чигт нэлээд ачаалалтай ажилуулах учиртай болно. Тиймдээ ч олонх үзэгчийн хошигноод байгаачлан “Тенет”-ийг үзэж дууссаны дараа хамгийн түрүүнд хийх зүйл нь ахин үзэх гэдэг оргүй хошигнол биш. Магадгүй энэ цаг үеийн хамгийн нүсэр төсөв, сайн найруулагч, цаг хугацааны нарийн эдрээтэй ойлголт, адал авдлын эргүүлэгт автуулсан хурдтай, сонирхолтой өгүүлэмж, өөгүй гүйцэтгэлтэй хийц гээд энэ цаг үеийн блокбастер киноны оргил жишгийг “Тенет”-ээс мэдэрч болох юм.


THE INVISIBLE MAN

“Үл үзэгдэх хүн” кино “найз залуудаа хүчирхийлүүлдэг эмэгтэй” гэх энэ төрлийн кинонд нийтлэг давтагддаг дүр зургаар эхлэх боловч хүчирхийлэл дундаа харилцааны хүчирхийлэл, тэр дундаа бусдыг өөрийн хараа хяналтандаа эрхшээж хувь хүнийг нь бүрэн боомилж үгүй хийдэг сэтгэлзүйн дарамт, хүчирхийллийг киноны нэг цөм болгосноороо онцлог. 

Сесилиа тансаг байшинд хориод өөрийнх нь алхам тутмыг хянаж, зааж, эрхшээлдээ байлгадаг баян, хүчирхэг найз залуу Адрианыхаа өндөр техникжсэн харуул хамгаалалттай гэрээс нь оргодог. Өөрийг нь явсны дараа Адриан сэтгэлээр унаж амиа хорлсон нь тодорхой болсноор Сесилиа хүчирхийлэгчээс нэг мөр салснаа мэдэж гэмтсэн сэтгэлзүйгээ анагааж өөрийн амьдралыг шинээр босгохоор чармайж эхэлнэ. Гэвч Адрианы үхэл төгсгөл биш зөвхөн эхлэл байж...Киноны цаашдын үйл явдал аймшгийн төрлийн кинонд түгээмэл үзэгддэг таамаглаж болохуйцаар бус санаанд оромгүй жигтэй үргэлжилдгээрээ үзэгчийн сонирхлыг эрхгүй татна.


JOKER

2019 оны хамгийн дуулиантай кино “Joker”-ийг үзээгүй үлдсэн хүн ховор байх хэмээн таамаглаж байна. Гэхдээ магад үзэлгүй хоцорсон тэр сүүлийн хүн нь энэ жагсаалтыг уншиж байгаа та ч юм билүү? Киног мэдээж ямар нэгэн жагсаалт гүйцээх гэж, эсвэл хүн болгон хошуураад байхаар нь хоцрохгүй дагаж, “моодорхох” гэж үзэх нь чухал биш. Зүгээр л ямар ч төрөл жанрын, ямар ч сэдвийн, ямар ч хийц найруулга, ямар ч арга барилаар хийгдсэн байсан чансаатай, сайн кино үзэх нь хэзээд сайхан, үнэ цэнэтэй байдгаас л энэ жагсалтын сүүлд “Жокер”-ийг санал болгохоос өөр аргагүй байлаа. 

Жокерийн дүрээрээ 2019 оны шилдэг эрэгтэй дүрийн шагналыг гардан авахдаа “би өөрийн дуу хоолойг дуу хоолойгүй хүмүүсийн төлөө зориулна” гэсэн утгатай гайхалтай хүнлэг үг хэлсэн жүжигчин Хоакин Фениксийн жүжиглэлтийг ахин үзэхийн төлөөнөө, Жокерыг урт шатнаас бүжгээ хийсээр алгуурхан уруудах тэр оргил агшныг үзэхийн төлөөнөө, сэтгэлзүйн шарх, гажсан оюун санаа эдгэрэхгүй ужгарахаараа, хүмүүсийн тоомжиргүй, балмад, харгис, сэтгэл зүрхгүй байдал өөрөө ямар гээч мангас болохыг мэдрүүлдгийнх нь төлөө “Жокер”-ыг ахин үзэхээс хэзээ ч буцахгүй. Хэрвээ та үзээгүй байгаа бол бүр л азтай байна, одоо ийм сайн киног анх удаа үзэх нь.


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2023.11.30
"Bullet Train" киноны тухай | Tegshee's Movie Corner
2
2023.08.22
"Warrior" кино рэвью: Хамгийн хүчирхэг тулаанч ч бас уйлдаг
3
2022.09.29
ATONEMENT кино рэвью | Tegshee’s Movie Corner
санал болгох
1
12 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0