Хайр дурлалдаа "шатаж яваа" нэгэн л биш бол Валентины үеэр сэтгэл хямрах нь хэвийн үзэгдэл гэдгийг сэтгэл судлаачид дурджээ. Сэтгэл зүйгээ ойлгох, таагүй мэдрэмжээ хүлээн зөвшөөрөх, ганцаардлыг даван туулах, сэтгэл дундуур байгаа зүйлсээ өөрчлөхийн тулд цаад учир шалтгааныг ойлгон мэдэх хэрэгтэй. Хоёрдугаар сарын 14-ний тухай бодоход л сэтгэл санаа тань хямарч, сөрөг таагүй мэдрэмж төрж байвал доорх шалтгаануудыг өөрөөсөө асуун, арга зам эрэлхийлээрэй.
1. Бүтэлгүй дурлалыг эргэн сануулах

Валентины үеэр ганц бие байгаа хүмүүст ихэвчлэн өмнөх дурлалаа нэхэн санах, "экс"-тэйгээ холбоо барихаар хичээх, бүтээгүй харилцаандаа асуулт тавих зэрэг таагүй мэдрэмж хамгийн ихээр төрдөг байна. Тиймээс төрж буй мэдрэмжээ найзууддаа ярих, тэмдэглэл хөтлөх, дуугаа хураан сонсох гэх мэтээр биетээр буулган тодорхой болгоорой. Цааснаа буулгасны дараа та төдийлөн "зовох"-оор асуудал биш болохыг анзаарах болно.
2. Хэтэрхий өндөр хүлээлт үүсгэх

Албан ёсны харилцаагүй, хэн нэгэнтэй дөнгөж дотносож эхэлж байгаа бол Валентины өдрөөр өндөр хүлээлт үүсгэх вий. Тэр өөрөө л хэлээгүй бол "Надад сэтгэлээ илчлэх болов уу", "Болзоонд урих болов уу" зэргээр хүлээлт үүсгээгүй нь дээр. Хэдий уран сайхнаар төсөөлнө, тэр хэмжээгээр гомдол төрөх болно. Бас та хоёрын хэн нь ч хэндээ өргүй шүү дээ.
3. Өөрийгөө голох, хайрлагдах эрхгүй гэж бодох

Эргэн тойрон бүх хүмүүс хайрлах хүнтэй атал танд л байхгүй... гэх гомдлын мэдрэмж төрж банйа уу? Тэднээс нэг л зүйлээрээ дутуу мэт санагдаж, өөрийгөө хангалттай дур булаам биш болохоор л ганц бие байгаа мэтээр бодож, бодолдоо шанална... Ганц бие байх нь хэн ч таныг хайрладаггүй гэсэн үг биш гэдгийг санаарай. Ганцаардах мэдрэмж төрвөл хайртай дотны хүмүүс, найз нөхөдтэйгөө хамт цагийг хөгжилтэй, дурсамжтай өнгөрүүлж яагаад болохгүй гэж? Ганц бие байна гэдэг бусдаас дутуу гэсэн үг огтхон ч биш, "зөв" нэгэнтэйгээ л хараахан учраагүй гэсэн үг юм.
4. Санхүүгийн бэрхшээл тулгарах

Хостой хүмүүс ч энэ өдөр санхүүгийн улмаас сэтгэлээр унаж мэдэх юм. Хөл хорионы улмаас гэнэтийн ажилгүйдэлд өртсөн бол бүр ч хэцүү. Тиймээс хайртдаа энэ тухай сайн ойлгуулж, хамтдаа сэтгэлээ уудлан ярилцаж, аль болох халуун дулаанаар өдрийг өнгөрөөгөөрэй. Мөнгө зарлагадах шаардлагагүй чин сэтгэлийн бэлэг барьж болно шүү дээ.
4. Цахим сүлжээний улмаас дарамтад орох

Олон нийтийн сошиал сүлжээнд энэ өдөр дүүрэн хосуудын зураг, бэлэг авсан жаргалтай хүмүүс харагдаад хэцүү байдаг уу? Тэгвэл зүгээр л интернетээ салгаж орхи. Өөрийнхөө дуртай зүйлсийг хий. Та тэдэнтэй ижилхэн байх, илүү гарах шаардлагагүй. Дуртай киногоо үзэн, ном унших ч юм уу оройг таатай өнгөрүүлээрэй.
5. Ёс зүйн зөрчил үүсэх

Валентины өдрүүдээр хүүхэдтэй хосууд хүүхдээ эцэг эхдээ үлдээн болзох нь их. Энэ үеэр аминчхан болзож буй хосуудад ёс зүйн хувьд буруу зүйл хийж буй мэт мэдрэмж төрж мэднэ.
6. "Таалагдахгүй байх" айдас төрөх

Хайрын өдрөөр сэтгэлээ илчлэхээр шийдсэн бол энэ төрлийн айдас төрж магадгүй. Мөн сэтгэлээ гарган бэлдсэн бэлэг тань түүнд таалагдахгүй байх вий, буруу ойлголт төрүүлэх вий зэргээр сэтгэл түгшиж ч мэднэ. Тиймээс аль болох тайван байхыг хичээж, өөрөөсөө өөр хүний мэдрэмжийг та яаж ч хичээгээд өөрчилж чадахгүй гэдгийг ойлгоорой.
7. Улирлын чанартай сэтгэл санаа тавгүйтэх

Хавар цаг наашилж байна. Энэ үед хүний сэтгэл санаа тогтворгүйжих, ядрах, хэт гомдомхой, баярламтгай болох хэв шинж илрэх нь хэвийн үзэгдэл юм. Тиймээс аливаа чухал шийдвэрийг сэтгэл хөдлөлөөр яаран шийдэхээс болгоомжлоорой.
8. Өнгөрсөнд төөрөх
Өнгөрсөн Валентины өдрийг би хэчнээн аз жаргалтай өнгөрөөлөө дөө? Гэтэл одоо...

Ийм бодлыг тэр даруй таслах хэрэгтэй. Цаг хугацаа өнгөрсөн, одоо та юуг ч өөрчилж чадахгүй. Харин ч аз жаргалтай дурсамж болон үлдсэнд нь талархаарай.
9. "Хайр дурлал минь хөрч дээ" гэж бодох

Гэрлээд олон жил болсон, хүүхэдтэй хосууд Валентины баярыг тэмдэглэдэггүй байж болно. Та чин сэтгэлдээ түүндээ хайртай л бол заавал энэ өдөр нэгэндээ бэлэг өгч, олон нийтэд харуулж байж хайр дурлалаа баталгаажуулах шаардлагагүй гэдгийг ойлгоорой.
Хэрэв танд ямар нэг таагүй мэдрэмж төрж байвал тоолгүй бүү орхиорой. Сэтгэл зүйгээ анзаарахгүй орхиж, өөр зүйлд сатаарах нь сөрөг мэдрэмжийг үгүй болгохгүй. Харин үнэнтэй нүүр тулгарч, хүлээн зөвшөөрч, өөрийгөө хайрласнаар даван туулж чадна. Та ганцаараа биш шүү <3
Illustrations: Yuval Robichek
