Кени улсын иргэн 25 настай өөрийн цоо шинэ бүтээлээрээ хэл ярианы бэрхшээлтэй хэдэн сая хүмүүст тус хүргэх боломжтой болоод байна. Тэрбээр "Intel"-д ажилладаг бөгөөд Оксфордын их сургуулийн мэдээллийн шинжлэх ухааны тэнхимд зөвлөх хийдэг байна.
Түүний шинэхэн бүтээл нь дохионы хэлийг аудио яриа болгон хөрвүүлэгч бээлий юм.
Түүний 6 настай зээ дүү төрөлхийн сонсголгүй бөгөөд дохионы хэл мэдэхгүй гэр бүлийнхэнтэйгээ харилцахад тун бэрх байдаг байжээ. Үүнийг анзаарсан Рой харилцаа холбоог илүү амар хялбар болгох гэсэн үүднээс уг бээлийг зохион бүтээх санааг олжээ.

"Зээ дүү маань энэ бээлийг өмсөөд өөрийнхөө эсвэл миний утастай холбож болно. Тэгээд дохионы хэл ашиглаж эхлэх үед би түүнийг ямар ч асуудалгүй ойлгож эхлэх болно."
Рой хэдийнэ Кенийн хэд хэдэн сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай сургуульд уг бээлийгээ танилцуулаад байгаа аж. Утасны аппликэйшнд холбож өгснөөр ямар ч хүмүүс, хаана ч ашиглах боломжтой болох юм. Мөн аппликэйшнд өөрийн хэл, хүйс, хоолойн өнгө зэргийг хүртэл сонгох боломжтой.

Рой Аллела уг ухаалаг бээлийгээрээ Америкийн Механик Инженерийн Холбооны шагналыг хүртээд байна. Шагналынхаа мөнгөөр тэр аппликэйшнийг илүү хөгжүүлэх ажлыг хийж байна. Мөн Кенийн бүх тусгай сургуульд дор хаяж нэг нэг хос бээлий өгөхөөр зорьж байна. Мөн тун удахгүй аппликэйшнийг дэлхийн бүх хэл дээр ашиглах боломжтойгоор сайжруулан, уг бээлийг олон хүн ашиглах боломжтой болно хэмээн найдаж байна.
