Өнгөрсөн баасан гарагт ТикТок Европын Холбооны улсууд дахь хэрэглэгчдийнхээ мэдээллийг Хятад руу илгээсэн болох нь илэрч, Европын Холбооны мэдээллийн нууцлалын тухай хуулийг зөрчсөн хэмээн 530 сая евро буюу 600 сая доллараар торгуулжээ.
Энэхүү торгууль нь ТикТок-д хуулийн дагуу ногдуулсан хамгийн том торгууль болж байгаа юм. Уг хэргийг Ирландын мэдээлэл хамгаалах хороо илрүүлэн тогтоож, Европ дахь хэрэглэгчдийнхээ мэдээллийг хамгаалж чадаагүй нь хэд хэдэн хууль журмыг зөрчсөн гэж зарласан байна. Ирландын эрх баригчид ТикТок тодорхой шаардлагуудыг биелүүлж чадаагүй тохиолдолд Хятад руу өгөгдөл дамжуулахаа зургаан сарын дотор зогсооно гэж мэдэгдсэн юм. Мөн Европын холбоо ТикТок-ын хамгаалалт сул байгаа нь 27 орны 175 сая орчим хэрэглэгчдийн мэдээллийг эрсдэлд оруулдаг гэжээ.
Харин ТикТок “Хятадын эрх баригчдаас ирсэн Европ дахь хэрэглэгчдийн мэдээллийг авах хүсэлтийг манай компани хэзээ ч зөвшөөрч, хүлээн авч байгаагүй бөгөөд бид хэрэглэгчдийнхээ мэдээллийг хэзээ ч хэнд ч өгч байгаагүй” гэж мэдэгджээ. Мөн тус компани энэ шийдвэрийг давж заалдахаар төлөвлөж буйгаа зарласан юм. ТикТок-ын Европ дахь төв оффис нь Ирланд улсад байрладаг бөгөөд Европын Холбооны мэдээлэл хамгаалах ерөнхий журмыг хэрэгжүүлэх үүрэгтэй.
ТикТок-ын үгүйсгэсэн мэдэгдлийн дараа Ирландын эрх баригчид “ТикТок өөрсдийнхөө буруутай үйлдлийг удаа дараа үгүйсгэсээр байгаа ч Хятад дахь серверүүд дээр манай зарим хэрэглэгчдийн хувийн мэдээлэл хадгалагдсан гэдэг нь аль хэдийн тогтоогдчихсон тул торгуулийг цуцлахгүй” хэмээн хариу мэдэгдэл хийсэн байна.
Эх сурвалж: The New York Times