UBLife Logo
Анхаарлын төвд

Алсын хараагүй Засгийн газрын ойрын хараа ч мууджээ

Ub.life
Ub.life
Алсын хараагүй Засгийн газрын ойрын хараа ч мууджээ

Амьдралдаа анх удаа Цагаан сар үзэж байгаа мэт маргалаа. Шинэлэхээс өмнөх сар гаруйн турш дээр дооргүй, лам хар, хуультай хуульгүй бөөн маргаан дэгдэв. Цагаан сараа монголчууд ёс төртэй тэмдэглэдэг, бэлгэ дэмбэрэл дүүрэн бэлддэг уламжлалтай. Харин энэ Засгийн газарт л ямар ч төлөвлөгөө, бэлтгэл, ерөөс бодлого шийдлийн эрэмбэ, ёс алга. Адаг сүүлдээ хариу шаардсан бичиг удаасан гэх Дээд шүүх буруутах нь. Монголын бүх юмны буруутан шүүх засаглал болдгоороо л боллоо. Ингээд жил бүр болдог баярын өдрүүдийг тэмдэглэхэд зориулан амралтын хуваарь гаргах жижүүрийн асуудалд мунгинаж байгаа улс орон болж хувирлаа. Маргааны эхийг Засгийн газар өөрөө л гаргаж өглөө. Монгол Улсын бүх харилцаа хуулиар зохицуулагддаг ч гэлээ асуудлыг яаж ийгээд ужигруулж дөнгөөд л байгаа юм даа.

Аль 2024 он гарсаар Могой жилийн хаврын тэргүүн сар 2025 оны гуравдугаар сарын 1-нээс эхлэхийг төгс баясгалант зурхайн аргаар тогтоосныг сарны хуанли уншдаг улс мэдэж авсан байв. Шинийн 1 тасарч, гуравдугаар сарын 2-ны өдрөөс золгох нь гуравдугаар сарын 1-нд тохионо гэж Тэрбиш зурхайч нэгдүгээр сард айлдсан. Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам нэгдүгээр сард Цагаан сарын баяраар хоёр өдөр бүх нийтээр амраад гуравдугаар сарын 3-ны даваа гаригаас төрийн байгууллагуудын ажил үйлчилгээ үргэлжлэхийг мэдэгдээд байв. Ингэхдээ нэгдүгээр сарын 29-нд хуралдсан Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэрээ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан “Сар шинийн баяраар бүх нийтээрээ 10 хоног амардаг байх төсөл боловсруулж, Засгийн газрын хуралдаанд наадам, Цагаан сарын амралтын талаар танилцуулсан” хэмээж байлаа. Хүмүүс эл шийдвэрийн дагуу хоёр өдрөөр тооцоолон хөдөөд суугаа аав ээждээ очиж золгохоо товлож ч чадсангүй, шинийн өдрүүдэд айлчин гийчнээ зочлох идээ ундаа, бэлэг сэлтээ өргөн базааж ч чадсангүй. Гэтэл өнөөдөр Цагаан сарын амралтын өдрүүдийг Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр эцсийн, эцсийн, жинхэнээсээ эцсийн байдлаар хоног хугацаа тулсны хүчинд арай гэж бандан тас цохилоо. Гуравдугаар сарын 3-5 буюу ирэх даваа, мягмар, лхагва гаригт амрахаар болжээ. Товчхондоо ийм, энэ хооронд амралтын өдөр гурав байх гэхчлэн өөр бусад албан бус хувилбар албаныхнаас цухалзаж олон нийтийг мөн ч сайн төөрөгдүүллээ. Ийнхүү Засгийн газар нэг сар гаруйн дотор эгэл нэг асуудалд албан ёсоор хоёр шийдвэр, албан бусаар хэд хэдэн шийдэл гаргаж амжлаа. Толгой эргэлээ байна.

Бидний эх оронд болж буй алив ажил хэрэг, элдэв үйл явдалд Засгийн газрын зүгээс ойлгомжтой нэг үг, тодорхой нэг үйлдэл гаргаж чадах чадваргүй болжээ. “Алсын хараа” буюу тогтвортой, ойлгомжтой, мөн ухаалаг, хүчтэй байх 30 жилийн төлөвлөгөө гаргасан нь тун саяхан. Улс төрийн үгийн санд “Алсын хараа” гэж нэр томъёо оруулсан Засгийн газрын алсын бүү хэл ойрын хараа муу байгаа нь ард иргэдийн итгэлийг улам бүр дордуулах бодит шалтгаан болж байна. Юухан хээхнээр эв нэгдэлгүй, эмх замбараагүй болгох сэжимийг бодлогоор гүйцэлдүүлж байна гэж бухимдах нэг хэсэг байхад, элэг доог хийн тохуурхах нь дийлэнх олонх боллоо. Цагаан сарын шинийн 1 билгийн тоололд тасарсан биш Засгийн газрынхаа чансааг тооллын бөгсөнд бодитой харлаа, бид.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
3
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.