Ромын Хамба лам Франциск энэ сарын 21-нд таалал төгссөн билээ. Дараагийн Хамба ламтан хэн байх бол гэдэг асуудал дэлхий нийтийн анхаарлын төвд байна.
Ирэх тавдугаар сард Ватиканд болох конклав хурлаар 100 кардинал буюу католик шашны хамгийн өндөр хэргэмтэн цугларч, дараагийн Ромын Хамба лам хэн болохыг шийднэ. Онолын хувьд бол Ромын католик шашинтан эрэгтэй хүн бол хэн ч сонгогдох боломжтой ч 1378 оноос эхлэн зөвхөн Хамбын дараагийн өндөр хэргэмтэй санваартныг томилдог болсон билээ. Тухайн ламтны төрсөн нутаг сонголтод маш их үүрэг гүйцэтгэдэг. Түүхэн 266 Хамба ламаас 217 нь итали хүмүүс байжээ. Мөн нас их чухал. Хэт залуу байж болохгүй, хэт ахмад байж бас таарахгүй. Сүүлийн 200 жилд дөрөвхөн Хамба лам л 60 нас хүрээгүй байсан ажээ. XX–XXI зуунд Ромын Пап ламын дундаж нас 67,5 байсан байна. Ингээд дараагийн Ромын Хамба болох магадлалтай 9 эрхэмийг танилцуулж байна.
Пьетро Паролин, 70 нас, Итали

Кардинал Пьетро Паролин хамгийн сонгогдох магадлалтайд тооцогдож байгаа. 2013 оноос эхлэн Ватиканы Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэсэн. Вьетнам, Хятадтай харилцаагаа сэргээх тал дээр их ажилласан. 2018 онд БНХАУ-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан нь коммунист оронтой харилцлаа гэсэн маш их шүүмжлэлд өртөж байв. 2021 онд 350 сая евро үрсэн хэрэгт нэр нь дурдагдсан ч албан ёсоор ямар нэг хэрэгт дуудагдаагүй. Одоогийн өндөр албан тушаал, Хойд Италиас гаралтай гэдгээрээ бусад нэр дэвшигчдээс илүү байгаа. Учир нь сүүлийн 3 Хамба лам Итали биш гадаадын санваартнууд байлаа. Франциск Аргентин, Бенедикт XVI Герман, Иоанн Павел II Польшоос ирсэн билээ.
Маттео Дзуппи, 69 нас, Итали

Болоньягийн Маттео Дзуппи 2019 онд кардинал болсон бөгөөд хамгийн дэвшилтэт үзэлт нэр дэвшигч. Тэрээр хотоор дугуйтай явж, ижил хүйстний гэрлэлтийг эрс эсэргүүцдэггүй. Хоригдлуудын эрх ашгийн төлөө тэмцэж, цаазын ялыг бүр мөсөн хориглохыг дэмждэг. 1992 онд тэрээр зуучилсны ачаар Мозамбикийн иргэний дайн зогсож байлаа. 2023 онд Украин дахь дайныг зогсоох Ватиканы элч төлөөлөгчөөр ажилласан. Тэрээр Москвад айлчилж, Үнэн алдартны шашны тэргүүн Кириллтэй уулзаж байлаа.
Пьербаттиста Пиццабалла, 60 нас, Итали

Хэвлэлээр нэрлэгдэж байгаа ирээдүйн Ромын Хамбын нэрс дунд хамгийн залуу нь. Тэрээр 2023 онд кардинал болсон. Ойрх Дорнодод ажиллаж байсан туршлага нь сонгогдох магадлалыг нь нэмэгдүүлсэн. 2020 оноос Пьербаттиста Пиццабалла Иерусалимд ажиллаж байгаа. 2023 онд ХАМАС Израилд халдахад тэрээр барьцаанд байгаа хүүхдүүдийн оронд өөрийг нь барьцаалахыг санал болгож байв. Маргаантай асуудлаар мэдэгдэл хийхээс зайлсхийдэг. Гэхдээ Ромын Хамба ламын хувьд хэт залуу гэгдэж магадгүй.
Петер Эрдё, 72 нас, Унгар

Будапешт хотын тэргүүн ламтан Петер Эрдё хуучинсаг, консерватив талынхнаас илүү дэмжлэг авна. Тэрээр ижил хүйстний гэрлэлтийг эсэргүүцэж, гэр бүл салсан хүмүүсийг дахин гэрлэх тал дээр хатуу байр суурьтай. Унгарын Ерөнхий сайд Виктор Орбаны талын хүн гэж тооцогддог. 2015 онд Ромын Хамба лам Франциск Европын католик шашинтнуудад дүрвэгчдийг хүлээн авахыг уриалахад Эрдё “Энэ бол хүний наймаа” гэж эсэргүүцэж байлаа. Европын дээд санваартнууд дунд нэр хүндтэй. Хэд хэдэн гадаад хэлээр ярьдаг, сүм хийдийн эрх сэдвээр мэргэшсэн.
Луис Антонио Тагле, 67 нас, Филиппин

“Азийн Франциск” нэртэй. Хэрэв тэр сонгогдвол Зүүн Өмнөд Азиас гаралтай анхны Ромын Хамба болно. Сүүлийн жилүүдэд Азид католик шашинтнуудын тоо эрс нэмэгдэж байгаа билээ. Тагле дэвшилтэт үзэлтэй. Ижил хүйстнүүдийн гэрлэлт, гэр бүл салалтын талаар Ватикан хэт хатуу байр суурьтай гэж шүүмжилдэг. Гэхдээ абортын эсрэг үзэлтэй. 2013 онд Ромын Хамба ламд нэр дэвшсэн ч хэт залуу гээд хасагдаж байв.
Питер Тарксон, 76 нас, Гана

Ганагийн анхны кардинал Питер Тарксон бол Ромын сүмийн дэвшилтэт фракцад хамаарна. Ромын энх тайван, шударга ёсны зөвлөлийн тэргүүн. Энэ зөвлөлийн тэргүүний хувиар тэр Давосын эдийн засгийн форумд оролцож, уур амьсгалын өөрчлөлтийн талаар илтгэл тавьж байлаа. Ижил хүйстнүүдийн эсрэг католик сүмийн уламжлалт бодлогыг дэмждэг ч ижил хүйстнүүдийг гэмт хэрэгтэн гэж Ганад үздэгийг эсэргүүцдэг. 2023 онд Би-би-си-д ярилцлага өгөхдөө “Ромын Хамба лам хэзээ ч болохгүйн төлөө залбирдаг гэж хэлж байв.
Робер Сара, 79 нас, Гвиней

Африк гаралтай бас нэгэн нэр дэвшигч. Гэхдээ Тарксоноос ялгаатай нь Сара тун консерватив үзэлтэй. Исламын хуучинсаг үзэл, жендерийн үзэл санааны эсрэг зогсдог. 2020 онд тэрээр Ромын Хамба асан Бенедикт XVI ламтай хамтран ном гаргаж байсан. Түүний номыг Ромын Хамба Франциск өөрийн эсрэг зүйл гэж үзсэн тул Сара удалгүй Ватикан дахь ажлаа өгсөхөөс өөр аргагүй болсон.
Марио Грек, 68 нас, Мальта

Марио Грек “Most Holy Synod” байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга. Уламжлалт үзэлтэй ч 2013 оноос хойш дэвшилтэт үзэл гаргах болсон. Ижил хүйстнүүд, дүрвэгчдийг дэмжиж, сүм хийд цагаа даган өөрчлөгдөх ёстой гэж ярьдаг болсон. 2015 онд тэрээр “Сүм бол Бурхантай харилцах туршлага болохоос үзэл суртлын дэглэм тогтоох байгууллага биш” гэж хэлж байлаа. Мальта хэмээх жижигхэн улсаас гаралтай тул түүнийг сонгоход геополитик болон дипломат ямар нэгэн асуудал үүсэх учиргүй.
Жан-Марк Авелин, 66 нас, Франц

Түүнийг Иоанн XXIV гэж нэрлэдэг. Учир нь тэр Иоанн XXIII-тай үнэхээр адилхан царайтай. Авелин бол Франциск Ромын хамбын ойрын зүтгэлтэн, үзэл санааны анд. Тэрээр Алжирт испани цагаачдын гэрт төрсөн. Алжир тусгаар тогтносны дараа Францад харьжээ. 2023 онд Марсельд залуучуудад зориулан, “Газрын дундад тэнгисийн орнуудын уулзалт” зохион байгуулж байсан. Ромын Хамба Франциск хүндэт зочноор оролцож байлаа. Хэрэв тэр сонгогдвол XIV зуунаас хойш сонгогдсон анхны франц Ромын Хамба болох юм. Харин италиар ярьж чаддаггүй нь саад учруулах болно.