Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн цэргийн ёслолын жагсаал ОХУ-ын Москва хотын Улаан талбайд 15.00 цагт эхэллээ. Ёслолыг 30 орчим орны төрийн тэргүүн үзэж сонирхож байгаа юм.
Цэргийн ёслолын жагсаалд ОХУ-ын 11 мянган цэргийн алба хаагч, Монгол Улс, БНХАУ, Азербайжан, Беларусь, Тажикистан, Казахстан, Туркменистан, Киргиз, Египет, Узбекистан, Вьетнам, Лаос, Мьянмар зэрэг 13 орны 1500 гаруй цэргийн алба хаагч оролцож байна.
Монгол Улсын Зэвсэгт хүчний жагсаалыг Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч дэд хурандаа Энхбаатарын Билэгсайхан командлах бөгөөд Монгол цэргийн цог жавхаа, сүр хүчийг харуулах дайчдыг төлөөлөн нэгтгэл, ангиудаас офицер 28, ахлагч 50, цэргийн гэрээт алба хаагч 2, нийт 80 цэргийн алба хаагч ёслолын жагсаалд оролцоно.