Өнгөрсөн баасан гарагт Рио Де Жанейро хотын Копакабана далайн эрэг дээр дуучин Лэди Гага тоглолтоо хийсэн билээ. Тус тоглолтыг 2,1 сая хүн үзсэн. Харин тоглолтын үеэр халдлага хийхээр оролдож байгаад баригдсан үл таних хоёр этгээд ЛГБТК+ хүмүүсийг онилж байсан гэдгийг цагдаа нар өчигдөр мэдэгдлээ.


Рио Де Жанейро хотын иргэний цагдаагийн газрын мэдээлснээр, тус этгээдүүд тоглолтын үеэр гар хийцийн тэсрэх бөмбөг, хорт хий ашиглан зохион байгуулалттай халдлага хийхээр төлөвлөж байжээ. Мөн хот даяар нэгжлэг шалгалт хийсний дараа тоглолтын үеэр “бага насны хүүхдүүд болон нялх хүүхэдтэй эхчүүдийг хөнөөх сатанист зан үйл” хийхээр төлөвлөж байсан гуравдагч этгээдийг олж илрүүлсэн байна.

Бразилийн Хууль зүй, олон нийтийн аюулгүй байдлын яам “Баривчлагдсан этгээдүүд уг халдлагадаа цахимаар хүмүүсийг элсүүлэх оролдлого хийж, өөрсдийгөө бяцхан мангасууд гэж нэрлэдэг Лэди Гагагийн фэнүүд дундаас бэлгийн цөөнхийн бүлгийг онилсон байсан нь тодорхой болсон. Тиймээс уг халдлагыг зогсоох үйл ажиллагааг цагдаа нар “хуурамч мангас ажиллагаа” хэмээн нэрийдсэн” гэжэээ.
Дуучин Лэди Гага ЛГБТК+ хүмүүсийн эрхийн төлөө тууштай дуу хоолойгоо хүргэсээр ирсэн. 2011 онд өөрийн Born This Way сангаа залуучуудын сэтгэл зүй, өөрийгөө хүлээн зөвшөөрөх, аюулгүй орчныг бий болгоход чиглэн байгуулсан бөгөөд ЛГБТК+ хүмүүсийг дэмжих олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн юм.
"No matter gay, straight, or bi, lesbian, transgender life, I'm on the right track, baby, I was born to survive"
Дуучин бүсгүй энэ мэтчилэн уран бүтээл, стиль имиж, үзэл бодлоороо дамжуулан карьераа эхэлсэн цагаасаа өнөөг хүртэл ЛГБТК+ дэмжигч гэдгээ илэрхийлсээр ирсэн билээ.