Хаврын номын баяр ойртож хэвлэлийн газрууд болон зохиолчид шинэ номын мэдээгээ цацаж, уншигчдыг догдлуулсан долоо хоног өнгөрч байна. Шинэ номын мэдээлэл дунд яруу найрагч Ц.Дэлгэрмаа “Шагундалагийн ертөнц” хэмээх романыг хэвлүүлж буйгаа зарласан нь анхаарал татлаа.
Номын мэдээ моддын навчистай уралдан зарлагдаж буй энэ хавар уншигчдыг ковер уншиж, шинэхэн номын агуулгыг тааварлах нэг сонирхолтой ажилтай болгов. Хараахан уншигчдадаа хүрээгүй байгаа романы агуулгыг хавтаснаас нь таамаглах гээд үзье. Номын хавтсанд instаgram-д chayodu нэрээр зургуудаа нийтэлдэг, гэрэл зурагчин Чанцалдуламын зургийг ашиглажээ. Гэхдээ гэрэл зурагчны хувиар биш моделийн хувиар хавтсан дээр заларсан нь сонирхолтой.
“Тэр энэ ертөнцийн үүдэн дээрээс ирээдүй рүү сэтгэл хангалуун мишээж зогсоно. Энэ ертөнцийн гүнд тэр хардалт хорсол, нус нулимстай итгэл алдарсан өдрүүдийг туулсан. Тийм атлаа яаж ийм хүчирхэг өнгө, илэрхийллийн ертөнцийг цогцлоож чадсанаа өөрөө ч ойлгож ухаараагүй юм. Харин одоо энэ бүхнээ нэгэн зэрэг бүтээгчийн болоод үзэгчийн нүдээр ажин шинжихдээ амьдралынхаа өөр нэг цоо шинэ эхлэл дээр зогсож буйгаа ухаарлаа …”.
Цан татсан цонхны цаана бодлогошрон зогсоо бүсгүйн хөрөг хаврыг санагдуулна. Бүсгүй яльгүй гунигтай харагдах ч, нүдийг нь сайн ажвал гуниг биш итгэл найдвар гэрэлтэнэ. Уруулан тушаа нь гэрэлтэх нэрс бүр ч их зүйлийг өгүүлнэ. “Шагундалагийн ертөнц”. Шагундала бол Энэтхэгийн агуу яруу найрагч, “Хар охин тэнгэрийн зарц” гэгддэг Шри Галидасын хамгийн алдартай жүжгийн гол дүр. “Шагундала” жүжиг бол амьтанд хайртай, гэгээн ертөнцтэй эмэгтэйд тохиолдсон хайрын түүх билээ. Энэ дүрийн нэрийг зохиолч зохиолдоо өгсөн нь санамсаргүй хэрэг биш байх. Нэрнээс нь харвал энэ роман эмэгтэй гол дүртэй, тэр гол дүрийнхээ ертөнцийг тойрсон романтик өгүүлэмжтэй байж магад юм.
“Бүсгүй хүний хувьд зүрх сэтгэл нь хамгийн нандин. Эр хүнд өврөө нээж буй бол эмэгтэй хүний зүрх сэтгэл нээгдсэн болоод л тэр. Тийм эмзэг, нандинаа хүнд зориулна гэдэг магадгүй сохор итгэл. Итгэлээсээ л болж алдсан эр, эм хүмүүс энэ хорвоод хэчнээн олон билээ …”.
Хавтасны доод хэсэг дэх лого ч сонирхол татам. “Долоон од”. Ийм логотой номтой өмнө нь таарч байсангүй. Яруу найрагч Ц.Дэлгэрмаа “Болор судар” болон “Тагтаа” хэвлэлийн газар Ерөнхий редактораар ажиллаж байсан. Магадгүй тэрээр анхны романаа өөрийн шинэ хэвлэлийн газраар гаргахыг хүссэн байж болох юм.
“Дотоод тэнгис”, “Зүрхэнд агч Намур”, “Нүд чинь миний тэнгэр” зэрэг хэд хэдэн шүлгийн түүвэр хэвлүүлсэн яруу найрагчийн бичсэн роман хавтаснаасаа л яруу байгаа нь сонирхол татна.
“Бямба улаан уруул, шимүүс дүүрэн уруул гэх мэтээр бүсгүйчүүдийн уруулыг дандаа дур хүсэл булаам үзэсгэлэнтэйгээр дүрсэлдэг юм байна. Гэтэл Шагундалагийн уруул ямархан нэгийг хэлэх гэснээ үгээ дотроо үлдээчих мэт тийм даруу, чанд, эрхэмсэг бас ариун юм. Тийм ээ, ариун юм. Амьсгалыг нь мэдэрч үзмээр ариун юм …”.
Хүйтэн өнгө голлосон юм шиг хэрнээ, дулаан мэдрэмж төрүүлсэн нэгэн коверыг уншихад ийм байна. Ном удахгүй биетээр хэвлэгдэн гарахад миний таавар оносон эсэх нь харагдах биз ээ.
