Мягмар гарагт “Борнмут”-ыг 3:1-ээр хожих үеэр Кевин де Брейне “Этихад” цэнгэлдэх хүрээлэнд сүүлчийн удаа тоглов.
Тэрбээр энэ улирлыг дуусгаад “Манчестер Сити” багаас буурь сэлгэх билээ. Өнгөрсөн шөнийн тоглолтын үеэр Пеп Гуардиола хүртэл нулимс унагаж, “гунигтай өдөр” хэмээн нэрийдлээ.
Өдгөө 33 настай Де Брейне “Манчестер Сити”-д домогт тоглогч болтлоо өсөж хөгжсөн билээ. Түүний алдар гавьяаг үнэлж, “Этихад” цэнгэлдэхийн гадна хүндэтгэлийн хөшөө босгоно гэж мэдэгдэв.
Де Брейне уг тоглолтын дараа "Би үргэлж л хүсэл тэмүүллээр дүүрэн, бүтээлч тоглохыг хүсдэг байлаа. Тэр бүрийдээ хөлбөмбөгөөс таашаал авахыг хүссэн, миний тоглолт бүх хүнд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. “Манчестер Сити”-д эдгээр залуустай мөр зэрэгцэн тоглох нь нэр төрийн хэрэг юм. Би энд ирээд насан туршдаа нөхөрлөх олон сайн найзтай болсон” гэлээ.
Тэрбээр Манчестер хотод өнгөрүүлсэн 10 жилийн хугацаандаа “Сити”-гийн урьд өмнө нь хэзээ ч хүрч байгаагүй тэрхүү оргил амжилтад багийнхнаа хөтөлсөн.
Манчестер хотын гудамж талбай, Этихад цэнгэлдэх хүрээлэнгийн булан тохой бүрт, академийн байгууламж сэлт нэлэнхүйдээ л КДБ-гээр амьсгалсан, түүний талаарх дурсамж яриа хэлэлцэгдсэн, зураг нь хаа сайгүй намирсан, түүний нэр хүн бүрийн амнаас чангаар сонсогдсон ийм нэгэн үдшийг “Сити”-гийнхэн үдлээ.
Сүүлийн 10 жил дэх түүний бүтээсэн хамгийн сайхан мөч хормуудыг багтаасан бичлэг дэлгэцээр цацагдаж, Серхио Агуэро, Винсент Компани, Рахим Стерлинг, Пабло Забалета нарын үе үеийн домогт тоглогчдын халуун дулаан үгсийг мөн өргөн дэлгэцээр харуулж байлаа.
“Бид чамайг үлдээсэй гэж хүсч байна. Кевин де Брейне, бид чамайг үлдээсэй гэж хүсч байна” гэх шуугиант чимээ Этихадад цугласан дэмжигчдийн цуурайнаас тод сонсогдов. Гэхдээ тэр эгнэгт шийдсэн, буцах арга байхгүй билээ.
“Сити”-гийн хуучин хамгаалагч Мика Ричардс “Тэр үнэхээр ичимхий нэгэн. Үргэлж л хөлбөмбөгийн хэлээр ярихыг урьтал болгодог юм. Миний хувьд түүнтэй олон жил уулзахдаа даруухан хэр нь ээ үнэхээр агуу тоглогч болохыг нь харж, ойлгосон. Түүнтэй хамт тоглож байсан бүхий л хүмүүс ярьдаг юм. “Премьер лигт түүний ямар ч үйлдэл, бүтээлч байдал нь шуугиан тарьдаг” гэж” хэмээн хуучиллаа.
Харин Пеп Гуардиола түүнийг “Мессигээс хойш надтай хамтран ажилласан хамгийн агуу дамжуулагч бол гарцаагүй Кевин де Брейне” гэж үнэлсэн.
Түүний “Сити” дэх замналыг тооны хэлээр хураангуйлбал, 2015 оны есдүгээр сард анхны тоглолтодоо оролцож, тэр цагаас өдийг хүртэл Премьер лигийн 283 тоглолтод 119 гоолын дамжуулалтыг бүртгүүлсэн юм. Улмаар Премьер лигийн бүх цаг үеийн шилдэг дамжуулагчдын хоёрдугаар бичигдэх болов.
Мөн тэр энэ зуурт 72 гоолыг Английн лигт дархалжээ.
Де Брейне сүүлийн 10 жилд 843 гоолын боломжийг бүтээснээрээ Премьер лиг дэх хамгийн бүтээлч тоглогч байлаа.
Тэрбээр “Сити”-гийн төлөө Этихадад 142 удаа тоглосон нь зөвхөн Давид Силвагийн (160 тоглолтод оролцсон) ард бичигдэх амжилт болно.
