UBLife Logo
Эдийн засаг

Томоохон төслүүдэд барилгын материалын эрэлт 2-3 дахин өснө

Ub.life
Ub.life
Томоохон төслүүдэд барилгын материалын эрэлт 2-3 дахин өснө

Тээвэр, логистикийн нэгдсэн төвийг Хүннү хотод шинээр барих ажлын хүрээнд Хүннү хотын Захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэгч, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч М.Батбаяр өнөөдөр барилгын материал, тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААНБ, холбоодын төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо. Өмнө нь үйлдвэр, терминал, тээвэр логистикийн үйл ажиллагаа, хүнс худалдаа үйлчилгээний ААН-үүдтэй тус тус уулзалт зохион байгуулж үйл ажиллагаатай танилцжээ.

Хүннү хотын хэрэгжүүлэх үндсэн чиг үүргийн нэг нь тээвэр логистикийн төвийг байгуулах юм. Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр замын ажил сарын өмнөөс эхэлсэн. Иймд шинэ хотын бүтээн байгуулалтад ААН-үүдтэй хамтран барилгын материалын ханган нийлүүлэлтийн үйл ажиллагааг цогцоор нь төлөвлөх шаардлагатай. Шинэ бүтээн байгуулалтыг төр дангаараа хийх боломжгүй учир төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шинэ хот тосгон, том төслүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж.

“Монголын Барилгын Үндэсний Ассоциаци” ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Батсүх “Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөөд буй томоохон мега төслүүдийг барилгын материалаар хангах шаардлага гарч байгаа. Эдгээр томоохон төсөл хөтөлбөрүүдэд барилгын материалын эрэлт 2-3 дахин ихэснэ. Иймд барилгын материалынхаа 70 хувийг импортоор хангадаг манай улсын хувьд томоохон төслүүдээ явуулахад тээвэр логистикийн асуудал саатах эрсдэлтэй. Ийм учраас бид нийслэл болон Хүннү хоттойгоо хамтраад барилгын материалын логистикийн төвийг байгуулах асуудлаар Монголын Барилгын Үндэсний Ассоциаци, Барилгын Ханган нийлүүлэгчдийн Зөвлөл холбоод хамтран санал бодлоо солилцож, шийдлийг ярилцаж байна” гэлээ. 

Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд одоогийн суурьшлыг задлах дагуул хотын төлөвлөлтийг тусгасан. Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэсэн анхны дагуул хотод тээвэр логистикийн бүсийг бий болгох нь олон давуу талтайг тус салбарынхан хэлж байлаа. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.