“HBO” сувгийн зүгээс “Харри Поттер” зохиолоор шинэ цуврал хийхээ зарлаад байгаа билээ. Энэ зун Их Британид зураг авалт нь эхлэх тус цуврал 2026 оноос HBO Max сувгаар цацагдах юм.
Ж.К.Роулингийн зохиолоор хийсэн бүрэн хэмжээний кинонд Даниел Рэдклифф, Эмма Уотсон, Руперт Гринт нар тоглож асар их амжилтад хүрсэн бол тэднийг хэн залгамжлах вэ гэдэг кино сонирхогчдын хувьд анхаарал татсан сэдэв байв. Тэгвэл Доминик Маклафлин, Арабелла Стэнтон, Аластэр Стоут нар Харри Поттер, Гермиона Грейжер, Рон Уизли нарын дүрд тоглохоор болжээ.
Уг дүрүүдэд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, 30 мянга гаруй хүүхэд оролцсон байна. Кино багийн зүгээс “Эдгээр гурван өвөрмөц жүжигчний авьяас, ид шидийг бид тун удахгүй дэлгэцээр үзүүлэхээ тэсэн ядан хүлээж байна” гэжээ.
Дашрамд, бэстселлэр номын зохиолч Ж.К.Роулинг уг шоуны гүйцэтгэх продюсерээр ажиллах юм.