UBLife Logo
Дэлхий

Илон Маск, Дональд Трампын “зодоонд” хэн дийлэх вэ?

Илон Маск, Дональд Трампын “зодоонд” хэн дийлэх вэ?

Дэлхийн толгой баячуудын нэг Илон Маск, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар тангараг тасран, дайны ирмэгт ирээд байна. Энэ бол зүгээр нэг хоёр нөлөөтэй эрхмийн толхицоон биш бодит эрх мэдэлтэй хоёр “аваргын” тулаан юм. Илон Маскийн Засгийн газрын үйл ажиллагааг сайжруулах тусгай сайдын ажил энэ сарын эхээр өндөрлөсөн. Илон Маск хугацаат ажлаа дуусгаад бизнестээ эргэн орох гэж байсан ч хамт ажиллаж байсан засгийн газрын гишүүдтэйгээ дайтах замыг сонгосон бололтой. Хэдхэн хоногийн өмнө тэр АНУ-ын санхүүгийн сайд Скотт Бессенттэй Цагаан Ордонд зодолдлоо. “Маск шууд мөрлөн түлхсэний хариуд Бессент цохисон. Хүмүүс салгаж, Маскийг Цагаан ордны баруун жигүүрээс гаргасан” гэж Трампын улс төрийн зөвлөх Стивен Бэннон сэтгүүлчдэд ярьсан юм. Ерөнхийлөгч Трамп болсон явдлыг арай хэтэрлээ гэж тодорхойлоод засгийн газрын гишүүддээ Маскийг хатуу ширүүн шүүмжлэхийг хориглосон байна.

Яагаад Илон Маск, Дональд Трамп хоёр муудалцав?

Юуны өмнө Трамп татвар, санхүүгийн “Том, сайхан” хуулийн төслийг нь Илон Маск шүүмжилсэнд ихэд дургүйцсэн. Тэрээр сэтгүүлчдэд “Илон бид хоёр их сайхан харилцаатай байсан. Цаашдаа харин яах бол” гэж хэлж байсан юм. Илон Маск хариуд нь Трампыг “ач санадаггүй” гэж нэрлээд өөрийнх нь дэмжлэг байхгүй бол Трамп Ерөнхийлөгчийн сонгуульд ялж чадахгүй байсан гэж X хуудсандаа бичсэн юм. Ер нь бол Маск Трампын сонгуулийн сурталчилгаанд маш их хөрөнгө гаргаснаас гадна өөрийн биеэр хурал, сурталчилгаанд нь оролцож, ихэд дэмжсэн. Тэрийг нь үнэлэхгүй байгаад хилэнтэй байгаа юм.

Харин одоо БНН-ынхан Маскийг Ардчилсан намыг ил тод дэмжээд, ивээн тэтгэх бий гэсэн айдастай болсон. Тэгвэл Татварын хуулийн төсөл Конгресст дэмжлэг авахад хүндрэл учрах юм. Ерөнхийлөгч Трамп ч гэсэн “Хэрэв Маск АН-д мөнгөн тусламж үзүүлэх юм бол таагүй зүйлтэй учирна гэдгээ ойлгох хэрэгтэй” гэж хэлсэн билээ.

Трамп чадлаараа Ерөнхийлөгч болсон гэсэн гүн итгэлтэй байгаа бөгөөд Маскийн эсрэг засаг, төрийн хүч чадлаа ашиглах магадлалтай. Гэхдээ Маск Трампын өрсөлдөгчдийг зах хязгааргүй хөрөнгөөр ивээн тэтгэж, ялахгүй байсан ч улс төрийн болон хувийн маш их хохирол учруулах чадалтай хүн билээ.

Трамп Truth Social сүлжээндээ “Улсын төсвийг хэмнэх хамгийн энгийн арга бол Илонтой хийсэн гэрээгээ цуцалж, татварын хөнгөлөлтийг зогсоох явдал” гэсэн бол Маск SpaceX хөлгөө америк сансрын нисэгчдэд ашиглуулахгүй гэж сүрдүүлсэн.

Маскийн SpaceX, Tesla хоёр компаниас төрийн дэмжлэг, санхүүжилт их хэмжээгээр авдаг нь SpaceX. Яг хэдийг авдаг нь нууц мэдээ ч ямар ч гэсэн хэдэн арван тэрбум ам.доллар гэдэг нь тодорхой. Үүнд NASA-гаас 15 тэрбум, БХЯ-наас National Security Space Launch төслийн хүрээнд 730 саяыг авдаг. Тэгэхээр улсаас санхүүжилтээ зогсоож чадахгүй. Учир нь Маскгүй бол АНУ-ын сансрын шинжилгээ, хиймэл дагуул, тагнуулын үйл ажиллагаа доройтох болно.

Тэгэхээр хэн нэг нь ялна гэж одоо хэлэхэд эрт. Харин хэрүүлийн талбай болсон X (Twitter) л орлого олж байна. “Трамп 3,5 жил л Ерөнхийлөгч байх бол би энд 40 жил сууна” гэж Маск бичсэн нь ч нэгийг өгүүлнэ.

Гэхдээ талууд харилцаагаа сэргээхийн тулд хэн хэн нь маш том буулт хийх ёстой болно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.