UBLife Logo
Спорт

Б.Ганхайч ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарлаа

Б.Ганхайч ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарлаа

Унгарын Будапешт хотноо явагдаж буй жүдо бөхийн ДАШТ-ий 4 дэх өдөр эрэгтэйчүүдийн 81 кг, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жингийн барилдаанууд ид өрнөж байна.

63 кг-ын жинд зодоглож буй Азийн АШТ-ий иж бүрэн медальтай Б.Ганхайч эхний шатнаа гоц мөргөв. Тэрбээр Өмнөд Солонгосын Шин Чае Вон, Австрийн бөх, ДАШТ болон олимпын V байрын шагналт Лубжана Пиовесана нарыг давж шигшээ наймд шалгарсан.

Гэвч хэсгийн аваргын төлөөх барилдаанд Японы тамирчин, энэ оны Азийн аварга Харука Кажуд унасан юм.

Б.Ганхайч дагаж барилдаад эзэн орны бөх, залуучуудын дэлхийн аварга Сабина Герцакийг ялснаар Бразилийн тамирчин, “Рио-2016” олимпын аварга, дэлхийн хошой аварга Рафаэла Силватай хүрэл медалийн төлөө хүч сорихоор болов.

ДАШТ-ий хошой хүрэлтэй, Азийн аварга Л.Энхрийлэн, эхний тойрогт гоц мөргөсөн. Тэрбээр Хорватын бөх, Их дуулга ангиллын иж бүрэн медальт, өсвөр, залуучуудын ДАШТ-ий хүрэлтэй Кристо Катарина, залуучуудын дэлхийн хошой аварга Францын Мелкиа Аучечорне нарыг ялж, шигшээ наймд шалгарсан.

Харин зооны аваргын төлөөх барилдаанд “Токио-2020” олимпын хүрэл, 2022 оны ДАШТ-ий мөнгөн медальт Кэтрин Пинардыг оноогоор тэргүүлж байгаад гартаа өчүүлж ялагдав. Харамсалтай нь, манай бөхийн гар бэртсэн тул дагах барилдаанд хүч сорих боломжгүй болсон.

81 кг-д өрсөлдсөн Ази болон Далайн орнуудын залуучуудын АШТ-ий үзүүр бөх, энэ оны Монгол улсын аварга О.Шинэбаяр, тэгшитгэлийн шатыг алгаслаа. Гэвч тэрбээр АНЭУ-ын Нугзари Таталашвилид унасан юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.