UBLife Logo
Спорт

Лайкийн төлөө үхэхийн өмнөх 10 өөрөг зураг

Лайкийн төлөө үхэхийн өмнөх 10 өөрөг зураг

Зургаадугаар сарын 21-нд Селфи буюу өөрөг зургийн өдөр. Энэ баярыг 2014 онд Техасын дижей Год Макнили санаачилсан юм. Эхлээд зөвхөн америкчууд тэмдэглэдэг байсан ч удалгүй дэлхий даяар тархсан. Энэ өдөр өөрсдийн өөрөг зургаар гангардаг уламжлалтай.

Селфи зураг нийгмийн үзэгдэл болсон тул 2013 онд Оксфордын толь бичиг “Оны шилдэг үг”-ээр селфиг шалгаруулж, 2018 онд селфи зургийн музей Лос-Анжелест нээгдсэн. Манай улсад доктор М.Саруул-Эрдэнэ селфиг “Өөрөг” хэмээн тун оновчтой орчуулсан нь монгол хэлний үгийн санг баяжуулаад байгаа билээ.

Гэхдээ бид өнөөдөр бусдаас илүү, онцгой өөрөг зураг авах гэж хэт улайрах нь ямар аюулд хүргэж болохыг харуулахыг, анхааруулахыг зорилоо. Хэдэн лайк авахын төлөө амиа алдсан, эмгэнэлт 10 түүхийг хүргэж байна.

2015 онд Оросын Вологдагийн сургуулийн сурагч Андрей П. 9 давхар байшингийн дээвэр дээр өөрөг зураг авахаар гарлаа. Тэр унаж байгаа мэт зураг авах зорилготой байсан ч хүчээ тооцоолоогүйн улмаас үнэхээр унасан билээ.

2017 онд Краснодарын 26 настай залуу гранаттай өөрөг авахаар шийджээ. Хүмүүсийг илүү гайхуулахын тулд тэр гранатынхаа түгжээг мулталсан байлаа. Тэр зураг авч, тэр байтугай олон нийтийн сүлжээнд нийтэлж амжсан. Гэвч утсанд хариу өгөхөө больсон тул хүмүүс цагдаад мэдэгдсэн. Түүний цогцсыг машинаас нь олсон бөгөөд гранат дэлбэрсний улмаас амиа алдсан байлаа.

26 настай Коллет Моррено хуримаасаа хэдхэн хоногийн өмнө амиа алдсан юм. Түүний сүүлийн гэрэл зураг дээр тэр найзтайгаа хамт үдэшлэгт яаран, машинтай давхиж явна. Энэ зургийг авч байхдаа тэд ачааны машиныг гүйцэж түрүүлсэн ч эсрэг урсгалаас ирсэн машинтай мөргөлдсөн байна. Жолооны ард байсан найз бүсгүй нь амьд үлджээ.

2014 онд 17 настай Ксения И. Петербургийн гүүрэн дээр өөрөг хийлээ. 10 метр өндөрт гараад тэнцвэр алдахдаа цахилгааны утаснаас зуурч, тогонд цохиулан, нас баржээ.

Оскар Отеро Агилар буу барьсан, сүртэй өөрөг авахаар шийджээ. Гэвч буу цэнэгтэй байсныг мэдэлгүй гохоо дараад амиа алдсан. Өөрөг авч байхыг нь найзууд нь хараад хамт сууж байсан бөгөөд цагдаа ирэхэд Отеро амьсгал хураагаагүй байсан ч эмч нар аварч чадаагүй юм.

Машин барьж явахдаа энэ бүсгүй, найзтайгаа хамт өөрөг зурагтаа хэт анхаараад өөдөөс нь ирж явсан машиныг хараагүй юм. Хоёулаа нас барсан. 

2014 гонд Пуэрторикогийн рэп дуучин Рамон Гонсалес мотоциклтой явах үедээ өөрөг хийх гэж оролдсон. Гэвч удирдлага алдан, эсрэг урсгалд орж, машинтай мөргөлджээ. Амийг нь аварч чадаагүй.

Хятадын Вонг Йон Нин өндөр барилгын дээвэр дээр гарахаар авирсан. Гарч чадвал 15 мянган ам.доллар авах ёстой байсан бөгөөд тэр хуримдаа зарцуулах төлөвлөгөөтэй байлаа. Уг нь дээвэр дээрээ шууд гарчхаж болох байсан ч Нин 50 секунд хэртэй дээврийн ирмэгээс зуураад суниаж эхэлсэн юм. Харамсалтай нь хөл нь шилэнд халтираад доош унасан.

2015 онд Америкийн Делеон С. өөрөг хийх гэж байгаад өөрийгөө буудсан. Гар буу олоод сумтай эсэхийг нь шалгалгүй гох дарсан нь ийм эмгэнэлд хүргэжээ.

2013 онд Павел К. 16 давхар байшингийн дээвэр дээр арагшаа сальто үсэрч байгаа өөрөг хийхээр болжээ. Гар утсаа байрлуулаад үсэрсэн ч тогтож чадалгүй унаж, нас барсан. Түүний сүүлчийн энэ зургийг аав нь олон нийтийн сүлжээнд тавьжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
4
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Уншигч\54.255.155.136
Зүгээр селфи л гэчих л дээ. Хэлээ хэрэглээ биш монголист нарсизизмийн хэрэгсэл болгохоо больмоор байна өө. Хүмүүс селфи л гэдэг, тэр чигт нь журамлачихад л болно шд.