“Плюма” төсөл нь бие даасан сэтгүүлчид болон редакцуудад хараат бус байдлаар олон нийтийн мэдээллийн хэрэгцээнд тулгуурласан мэдээ, нийтлэл бүтээл нийтэлж, түүнээсээ орлого хуримтлуулах боломж олгох шинэ платформыг танилцуулах гэж байна.
“Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төв” нь “Плюма” төслийг 5 жилийн өмнөөс хөгжүүлж эхэлсэн бөгөөд 2022 онд “Deutsche Welle Akademie”-ээс зарлагдсан Global Startup уралдаанд 26 орны 96 төслөөс 4-р байранд, түүнчлэн дэлхийд хамгийн томд тооцогддог,технологийн салбар дахь эмэгтэйчүүдийн старт-апын уралдаан, хурдасгуур хөтөлбөр болох “She Loves Tech” уралдааны тусгай байрын шагналтай хүний эрх, ил тод байдал, хариуцлагын чухал ач холбогдолтой технологийн шийдэл юм.
Сэтгүүлчид аль нэг редакцад харьяалагддагаас үл хамааран өөрсдийн бүтээлээ чөлөөтэй нийтлэх, хараат бус, бие даасан байдлаар ажиллах, түүнээсээ орлого олох шинэ боломжийг уг платформ санал болгож буйгаараа онцлог юм. Платформын хэрэглэгч нь зөвхөн сэтгүүлчээр хязгаарлагдахгүй. Сэтгүүл зүйн бүтээлийн түвшинд бичвэрээ бэлтгэдэг нийтлэлч, нөгөө талаас мэдээлэл түгээх үүрэг хүлээдэг хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах ажилтнууд болон мэргэжлийн түвшинд эх сурвалж болдог салбар салбарын мэргэжилтнүүдэд зориулсан олон талын хэрэглэгчтэй цогц систем юм. Мэдээж хамгийн чухал нь үнэн бодитой, чанартай мэдээ, мэдээлэл хүлээн авахыг эрхэмлэдэг уншигч нь эцсийн хэрэглэгч билээ.
Нээлтэд хэн оролцох боломжтой вэ?
-Сэтгүүлч, нийтлэлчид
-Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтнүүд
-Эх сурвалж болох мэргэжлийн экспертүүд
-Уншигч
Та бүхэн ЭНД ДАРЖ бүртгүүлэн Сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн салбарт шинээр нэвтэрч буй технологид суурилсан шинэ талбарын нээлтэд оролцох боломжтой.